2013, 2014 оны шилдэг уралдаанч Ц.Алтангэрэл:Таван ч даага сургаад байгаа

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 19 -нд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, 2013, 2014 оны шилдэг уралдаанч Ц.Алтангэрэл хүүгийн ярилцлагыг уншигч танаа  хүргэж байна.
-Шилдэг уралдаанчтай уулзаж буйдаа баяртай байна. Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?
-Найман настайгаасаа хойш долоон жил хурдан морь унаж байна. Хамгийн анх аймгийн Алдарт уяач Батнасан ахынхаа халзан морийг анх унаж байсан. Түүнээс хойш хэд хэдэн хүний морь унаж байгаа.
-2013 онд шилдэг уралдаанчаар шалгарч байж. Тэр жил хэрхэн наадсан бэ?
-Ганзориг ахын Хадагт соёолонг унаж Говь-Алтай аймгийн Чандмань суманд болсон бүсийн уралдаанд гурваар давхиулсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон хаврын уралдаанд Уртнасан ахын халтар азаргыг түрүүлгэж, ягаан соёолонг нь аман хүзүүдүүлсэн. Тэгээд сумынхаа баяр наадамд Ганзориг ахын халзан морийг аман хүзүүдүүлээд, Хадагтыг нь таваар давхиулсан.
-Тэгвэл 2014 онд хэрхэн наадсан бэ?
-Шинэжинстийн уралдаанд Хадагтыгаа их насанд түрүүлгээд, Баянлигт очиж дөрвөөр давхиулсан. Түүний дараа нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон уралдаанд айрагдуулсан. Өнөө жилийн хувьд Баянлигт болсон уралдаанд соёолон унаж арав гаргаж давхиулсан.
-Олон газраар явж байсан бололтой?
-Говь-Алтай аймгийн Баянтоорой, Эрдэнэ, Чандмань болон аймгийнхаа  Баянцагаан, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Баянхонгорт зэрэг сумдад уралдаж байсан.
-Хамгийн сайхан нь хаанахын наадам байв?
-Говь-Алтай аймгийн Чандмань суманд болсон уралдаанд Ганзориг ахынхаа соёолонг аман хүзүүнд хурдлуулах л хамгийн сайхан байсан даа. Бүсийн уралдаан байсан учраас их өрсөлдөөнтэй байсан.
-Бага адуу сургадаг уу?
-Сурганаа. Дөрөв таван ч даага сургасан. Би морь унах дуртай. Зав л гарвал морио унадаг даа.
-Өөрийн нэртэй адуутай юу?
-Бий, бий. Гэхдээ хурдан морь байхгүй. Гэхдээ болох байх.
-Эргэлзэхгүй байна. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Болгоомж илүүдэхгүй шүү.
-Баярлалаа.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна