Сумын Алдарт уяач Г.Бөхчулуун: Миний хээр нутгийнхаа хамгийн үнэтэй адуугаар тодорч байсан

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 03 -нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Бөхчулуунтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн оноос хүлгийн сүүл шууж эхэлсэн бэ?

-Миний өвгөн аав Батаа тайж гэж хүн байсан. Их олон малтай, хурдан морь уядаг байж. Тийм болохоор би өвөөгөөсөө өвлөн ирсэн адуугаараа наадаж байна. Харин аав минь морь уяж байгаагүй ээ. Насаараа нэгдэлд ажилласан хүн. Миний хувьд хөдөө малчин болж гарснаасаа хойш уяа эвлүүлж байна. Тэр чинь 1992 он байгаа юм. Тэгэхэд хувьчлалаар арван хэдэн адуу, хорин хэдэн үхэр, 100 гаруй хоньтой байсан бол одоо 3000-д хүрсэн байна. Үүнээс адуу 600-гаад болжээ.
-Бие даан морь уяад ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Өвгөн ааваас өвлөгдөж ирсэн гүүний төл цавьдар халзан даагаа анх уяж байлаа. Тэр үед манайх Жарангийн гол гэж нэг их сайхан хөндийд зусдаг байсан юм. Миний аз таарч тэр хөндийд уяаны эрдэмд гаршсан олон буурал уяач зусдагсан. Тэднийг дагаж хойно урд нь гүйсээр уяаны дөртэй болж билээ. Ийнхүү уяж эхэлсэнээс долоон жилийн дараа буюу 1997 онд сумын наадамд шүдлэн үрээ гуравлуулж анхны айргаа хүртэж байлаа. Мөн Сүхбаатар аймаг байгуулагдсаны 65 жилийн ойд хязаалан морь гурваар давхиулж, түүний дараа жил буюу 2008 онд аймаг сумын нийлсэн дөрвөн түрүү, 16 айргаар сумын Алдарт уяач цолны болзлыг биелүүлэн авч байлаа. Энэ жилийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн гурванд болсон уралдаанд их морь аман хүзүүдүүлж, нэг морь таваар, соёолон түрүү, бас нэг соёолон дөрвөөр оруулсан. Дараа нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Матад суманд болсон уралдаанд шарга соёолонгоо түрүүлгэж, залгаад Дорнодын уралдаанд гуравлуулсан. Могой жил сайхан эхэлсэн болохоор одтой наадна даа. Одоогоор том, жижиг баяр наадмаас 60 гаруй айраг, түрүү аваад байна. Харин аймгаас хоёр айрагтай.
-Бүсийн наадмуудад оролцож байна уу?
-Оролцож байна. Өнгөрсөн жил манай аймаг 70 жилийнхээ ойг бүсийн наадамтай хамт хийсэн. Түүнд хоёр насны морьтой ирж нэгийг нь 40 хэдээр, нөгөө нь 60 хэдээр оруулсан.
-Адууны наймаа их хийж байна уу?
- Манай Эрдэнэцагааны наадамд морь айрагдуулна гэдэг ч чанга шүү. Одоо хүн болгон л морь уяж байна. Тиймдээ ч морины хорхойтнууд манай эндээс морь авах их дуртай.  Наймаа хийнээ хийнэ. Сумынхаа баяр наадамд дөрөв айрагдсан хээр морийг Онон Тод манлайн дүү Сугар гэдэг хүн өгсөн нь “Дүнжингаравын хурд-2009”-д хүүхэдгүй түрүүлэж байна лээ. Тэр жил манай Эрдэнэцагааны хоёр морь дармаараа ирж, хүүхэдтэй аман хүзүүнд ирсэн морь нь тэр үеийн дүрмийн дагуу урагшлан түрүүлж, миний хээр аман хүзүүдэж байсан.
-Энхболдын Егүзэр хээр түрүүлдэг жил үү?
-Тиймээ. Егүзэр хээр бол манай Эрдэнэцагааны адуу. Миний хээр морь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Бямбажавын нэр дээр уралдсан байдаг юм.
- Танаас хэдтэй үрээ авсан юм? Нууц биш бол ханшийг нь сонирхож болох уу?
-Надаас есөн настай морь авч байсан. Хээр морь энд байхдаа сумын том, жижиг наадмуудад дөрөв айрагдаж, түрүүлээд байсан юм. Миний өвөг эцэг Батаа тайжийн адууны эхтэй. Харин эцэг нь манайхны нутгийн жаахан Батдэлгэрийн халзан азарганы төл байгаа юм.
-Хээр морио хэдээр зарж байсан бэ?
-Тухайн үедээ л Эрдэнэцагааны хамгийн өндөр ханш болох 15 сая төгрөгөөр зарагдаж байлаа.
-Сугарын хээр мориос өөр ямар адуу гаргаж байв?
-Тод манлай уяач Мөнхбатад ухаа будан морь өгч байсан. Гэхдээ ямар байгаа нь дуулдахгүй л юм. Над дээр байхдаа сумын наадамд гурваар орж байлаа. Надаас хавчиг морь явсан. Энд сонирхуулахад аймгийн наадамд олон айрагдаж байсан Ганхуягийн ухаа халзан морь чинь бас минийх байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон тань хурдан байх болтугай.
-Энэ хүртэл ирж бидний амжилтын түүхийг хуваалцаж байгаа танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна