Их Британийн гүнж Анна "Longines Ladies Award 2016" шагналыг хүртэнэ

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 29 -нд

Их Британийн хатан хаан II Елизаветагийн ганц охин Анна гүнж “Longines Ladies Award” хэмээх хүндэт шагналыг хүртэхээр болжээ. Энэхүү шагнал нь морин спортын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд Анна гүнж нь хүүхэд ахуй цагаас конкурын тэмцээнд тогтмол оролцон шагналт байруудад шалгарч байсантай нь холбоотой гэнэ. Тэрээр 1971 онд анх гурван төрөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд хувийн оноогоороо нэгдүгээр байр эзэлсэн бол 1976 онд Канадын Монреаль хотноо болсон зуны олимпийн тоглолтонд оролцож байжээ. Үүний дараа 1986-1994 онуудад Дэлхийн морин спортын холбоог тэргүүлж, хожим Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж  байсан аж.
Түүнчлэн Анна гүнж конкурын алдарт тамирчин Марк Филиппстэй гэр бүл болж, хуримын дараагаар тэд ээж II Елизавета хатан хааны бэлэглэсэн Гэткомб парк нэртэй эдлэн газартаа цэвэр англи угсааны адууны үржүүлэг, уналгын завод нээн ажиллуулах болжээ. Гэвч цэвэр англи үүлдрийн адууг арчилна, сургана гэдэг тун их зардал шаардсан ажил байдаг тул санхүүгийн бэрхшээлд орж дампуурч, Анна гүнж нөхрөөсөө салсан байна. Үүнээс хойш тэрээр хүүхдүүдийнхээ хүмүүжил, буяны болон олон нийтийн арга хэмжээнд голлон анхаарах болсон. Түүний хүү Питер, охин Зара нар нь морин спортын тэмцээнд тогтмол оролцдог. Охин Зара нь гэхэд л Аххенд болсон бүх дэлхийн морин спортын тоглолтын гурван төрөлтийн ялагч.
Анна гүнжийг шагнах ёслол 2016 оны долдугаар сарын 13-нд Лондон хотын Байгалийн түүхийн музейд болох юм байна.
Дашрамд сонирхуулахад, Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудаас манай улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүн зөвшөөрсөн улс нь Их Британи бөгөөд Анна гүнж 1993 онд манай улсад албан ёсоор айлчилж байсан байдаг.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна