П.Ганхуяг: Хутагтаараа нэрийдсэн наадамд соёолон түрүүлсэн нь бэлгэшээлтэй сайхан байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 29 -нд

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Засаг дарга П.Ганхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Хутагтын хурд” уралдаан нэлээн өргөн хүрээнд явагддаг, өндөр нэр хүндтэй наадам болсон байна. Усан могой жилийн “Хутагтын хурд” уралдаанд тоосонд нь ороход бүтэн жил хийморьтой явдаг гэгддэг соёолон үрээгээ түрүүлгэж одтой наадсан нь таны хувьд их бэлгэшээлтэй үйл болоо биз ээ?
-Зөвхөн хөдөөгийн малчин түмэн гэлтгүй уяачид бид бүхэн морьтойгоо байхдаа сэргэлэн цовоо явдаг,  мориноос эрч энерги авч байдаг улс. Би багаасаа хурга хариулж, морь унаж өссөн хүн. Зургаан настайгаасаа 13 хүртлээ хурдан морь унаж, арай томхон болсон хойноо уяачдыг дагаад морь хөтлөөд, дүүгээрээ унуулаад л явдаг байлаа. Тийм учраас моринд хорхойтой, үнэхээр шүтэж явдаг хүний нэг. Дээд сургуульд сурч байхдаа хэсэг хугацаанд мориноос хөндийрсөн ч сургуулиа төгсөөд Улаанбаатарт ажиллаж байхдаа адуугаа өсгөж, үржүүлээд явах боломжтой болсон. Тэгээд 2008 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймагтаа Засаг даргаар томилогдож ирээд хамгийн эхлээд уяачидтайгаа уулзсан. Уяачдыг морь малаа орчин үеийн байдлаар уяхад тэднийгээ дэмжих,  жилийн дөрвөн улиралд тэжээх гээд шинэ үеийн уяаны арга барилтай хөл нийлүүлж явахад нь туслах зорилгоор хувийнхаа хөрөнгөөр жүчээ бариад уяачдыг цуглуулаад явж байна. Ийм байдлаар морьтой холбогдсоноос хойш 80 жилээр миний цагаан морь их насанд аман хүзүүдсэн. Энэ жил Догшин ноён хутагт Данзанравжаагийн 210 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Энэ ойд би зургаан нас уяж, соёолон минь түрүүлж, даага долооллоо. Соёолон гэдэг бол хамгийн хийморьтой, соёолонгийн тоосонд орж тэр жилийнхээ өнгийг үздэг, эрч хүчээ авдаг гэдэг. Хутагтаараа нэрийдсэн энэ сайхан уралдаанд миний морь түрүүлсэн нь бэлгэшээлтэй сайхан юм боллоо.
-Хонгор соёолон ямар удам угшилтай адуу вэ?
-Миний хонгор соёолон Иххэтийн малын эмч Гунгаагийн адууны угшилтай. Тэдний адуу сүүлийн үед нэг их уягдахгүй байгаа ч удам угшлаараа нэртэй. Гунгаа гуайн хүү бид хоёр дунд сургуулийн нэг ангийн найзууд. Тэр найз маань битүү хонгор үрээ бэлэглэсэн юм. Битүү үрээ сайхан давхилаа.
-Их холоос цээжинд явсан морьдыг гүйцэж түрүүлэн, наадамчдыг баясгасан гэж байсан?
-Тийм, бараг урд талынх нь хоёр адуу барианы газарт км орчимд давхиж байхад, хонгор соёолон их хол зайтай явж байсан л даа. Эцсийн вариант юм чинь урагшаа зүтгүүлээд оруул гэсэн. Урд талын морьд ч жаахан суусан л байх. Миний хонгор соёолон бол суудаггүй, ерөөсөө нэг л эрч хүчээрээ явдаг. Үзүүр дээрээ урагшаа тэмүүлээд хажуугаар нь давхиад л гараад явсан. Үзэж байсан хүмүүс ч гэсэн гайхаж байсан гэсэн. Эхний морь, хоёр дахь морь энэ болох нь,  гурав дахь нь тэр хонгор морь ирж байна гэж байтал нэг мэдэхэд хажуугаар нь сүн гээд гарсан гэдэг. Тэгэхээр Хутагт маань ивээсэн болов уу гэж бодож байна.
-Нээрэн V ноён хутагт болоод сая тодруулсан хутагт хоёулаа Хөвсгөл сумын уугуул гэсэн байх аа. Та ч бас энэ суманд төрсөн болохоор ихэд бэлгэшээж байгаа байх даа?
-Догшин ноён  хутагт бол Хөвсгөлийн Шувуун шандавт төрсөн. Сая есдүгээр дүрийг нь дээрхийн гэгээнтэн Далай багш тодруулж өглөө. 2-3 жилийн өмнөөс хүсэлтээ явуулаад албан ёсоор тодруулдаг дэг жаягаар нь явсан. Есдүгээр дүрийн Хутагт бол бас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул. Аав, ээж нь одоо ч Хөвсгөлдөө малаа маллаад байж байгаа. Тийм учраас их буян заяатай, Хутагт ивээсэн сайхан наадам болсон л доо. Би ч бас Хөвсгөл суманд төрсний хувьд Хутагтынхаа нутгийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Таныг орон нутагтаа ирээд сүүлийн жилүүдэд морь уях ажилд идэвхийлэн орж байгаа гэж байсан. Нутагтаа ирээд аймгийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүү авав?
-Хутагтын хурдад би зургаан нас уясан. Зургуулаа сайн байсан. Соёолон түрүүлчихээр бусдыг нь зөнд нь орхичихсон. Уг нь  морио сайхан хурцалчихсан байгаа хүн унуулах хүүхдээ энэ арай балчирдах болов уу, тэр нь хүнддэх болов уу гээд сонгоно шүү дээ. Нэг түрүүндээ сэтгэл ханаад учиргүй нэг их хүч тавиагүй. Аймгийн чанартай наадмаас энэ жил хоёр түрүү, нэг гурвын айраг авсан. Өнгөрсөн жил их насанд аман хүзүү авлаа. Сумын наадам, бусад хаврын наадамд айраг олон байна.
-Мэдээж тан шиг ажил албатай хүн тэр болгон морьдоо гардаж уях боломжгүй. Таны морьдыг уядаг, уяаны ажилд тусалдаг ямар хүн байдаг вэ?
-Миний адууг Сайхандулаан сумын харьяат Лхагвасүрэн гэж, нутгийнхаа ард түмний дунд маанийн Лхагваа хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач уядаг. Манай хүн морь мал уяхдаа сайн, хотын уяачдын дунд орж ажиллаж байсан туршлагатай. Лхагвасүрэн морьдоо сайн уяж байгаа. Ер нь цаашдаа ганц нэгээрээ морийг уях биш, хэсэг бүлгээрээ санаа бодлоо нэгтгээд, хамтраад уяя гэсэн бодолтой байгаа.
-“Хутагтын хурд” уралдааны нэр хүнд өсч байгаа нь зохион байгуулалтын асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой байх?
-Энэ жил “Хутагтын хурд”-аа өндөр зохион байгуулалттай явуулсан. Хүмүүс гайгүй ам сайтай байсан шүү. Манайх уралдаанд машин огт дагуулдаггүй, том дэлгэцүүд тавиад камер дагуулаад, гараанаас ороо бариаг нь хүртэл телевизийн шууд бичлэгээр дэлгэцэн дээр харчихна. Зөвхөн аюулгүй ажиллагааг хангасан хэдэн машин л явна. Монголын морин уралдааныг бизнес болгох үүднээс уралдааны гарааг нь харах хэрэгтэй байгаа юм л даа. Машинаар дагаж харахгүй тохиолдолд камераар бичлэг хийх мэргэжлийн хүмүүс дагуулвал найдвартай харж болно. Ер нь болдог бол хажууд нь тоос гаргахгүйг нь бодолцож нарийн төмөр замаар үзэгчид морьд давхиж байгааг хараад зэрэгцээд давхиж байдаг бол гоё л доо. Гадаадад холын зайны уралдааныг ийм байдлаар үздэг жишиг байдаг. Үүний тулд асар их мөнгө төлдөг. Ирээдүйд ийм зүйл хийвэл их л дэвшил болно. Гэхдээ тэр болтол зай байна. Тийм учраас монгол морио, ялангуяа нутгийн хурдны удам угшлуудыг сэргээх, уяачдынхаа амьдралыг тэтгэх, дэмжих ажлыг их хийх хэрэгтэй. Бид тэр чиглэлээр нэлээн юм хийе гэж байгаа.
-Өвлийн уралдааныг Засгийн газрын тогтоолоор хорьсон байгаа. Говийн аймгуудын тухайд дулаахан нэмүүхэн өвөлждөг болохоор Цагаан сарын шинэдийн дараах уралдаануудыг зохион байгуулах бүрэн боломжтой гэцгээдэг?
-Ер нь манай аймаг сүүлийн 2-3 жилээс морины уралдааныг их дэлгэр хийдэг болсон. Бид өвлийн уралдаан амжилттай зохион байгуулж байна. Өвлийн уралдаан цас мөстэй, хүүхэд унадаг гээд асуудлууд бий л дээ. Гэхдээ манай нутаг тийм их хүйтэрдэг, мөсжилт бий болдог газар биш. Ер нь өнөөдөр гэхэд бид халаалтаа аваагүй байгаа хэрнээ ийм дулаан байна шүү дээ. Сар оройтож хүйтэрдэг, сарын өмнө эрт дулаардаг газар. Тийм учраас тэр дулааны улиралд бид морио сайхан зүгшрүүлэх, хамгийн их эрч хүч алддаг өвлийн хүйтэн, хаврын хавсарганд мориныхоо тамирыг оруулах үүднээс таарсан өвс тэжээлийг өгөөд, өвлийн уралдаануудыг зохион байгуулах боломжтой. Цаашлаад зуны уралдаанд бэлтгэлтэй байж, эрч хүчтэй давхина. Ямар нэг бэрхшээлгүй байсан учраас бид өвлийн уралдааныг чөлөөтэй зохион байгуулж байсан. Энэ жилийн тухайд улсын хэмжээгээр ямар шийдвэр гарах нь вэ, тэрийг л дагана.
-Хэдийгээр та уяачдын холбоонд ямар нэгэн сонгуульт ажилгүй ч гэсэн аймаг орон нутгийн удирдлага гэдгээрээ хүссэн, хүсээгүй энэ ажилд оролцох болдог байх. Тэгэхээр та аймгийнхаа морин уралдааныг хөгжүүлэх талаар ямархуу бодлого чиглэлтэй ажиллах вэ?
-Түрүүн хэлснээр нэгдүгээрт, манай аймаг дулааны улирал урттай, хоёрдугаарт, эдийн засгийн утгаараа Дорноговь аймагт морин тойруулга бий болгоё гэж боддог юм. Энэ талаар дөрвөн жилийн урьдаас бодож, жүчээний байршлыг ч гэсэн тэгж хийсэн. Босоо тэнхлэгийн зам орж, засмал замтай болчихвол хот байтугай, өөр аймгаас морьд ирэх бүрэн боломжтой болно. Энэ онд багтаад урагшаагаа хил рүү холбочихвол Өвөрмонголын морьд орж ирэх нөхцөл бүрдэнэ. Тэгээд уур амьсгал дулаан, дээр нь дэд бүтцийн төв учраас энд морин тойруулга байгуулах боломж нөхцөл их байна. Шинэ монгол адууг уралдуулахгүй гээд байгаа. Шинэ монгол адуу бол бас л адууны цус сэлбэсэн, нэг төрлийн адуу шүү дээ. Шинэ монгол адуу гэж яриад байгаа болохоос биш, манай улс дээр үеэсээ тойруулга адуу гээд цус сэлбэсэн адуугаараа уралдаж л байсан. Хурдан шарга азарга бол эрлийз адуу шүү дээ. Тэгэхээр эрлийз, монгол гээд ялгаад байхдаа биш, холын уралдаандаа монгол адуу нь явдаг л юм байгаа биз, шинэ монгол адууг богины зайнд, тойргийн уралдаанд уралдуулвал сонирхолтой, үзүүштэй юм болно. Гадаадад морин уралдаан гэдэг бол санхүүгийн эргэлт нь сайн салбар. Үүнийг хөгжүүлэх боломжийг хайя гээд судалгаа хийгээд явж байгаа. 
Гэхдээ би Засаг даргын хувьд аль нэг холбоог удирдахыг нэг их сонирхохгүй байгаа. Тэгвэл тухайн салбар руугаа Засаг дарга нь хэлбийгээд, илүү дэмжлэг үзүүлж, бусад холбоо, салбар хаягдах талтай. Гарцаагүй шаардлагатай биш бол тэнд нь хариуцдаг хүмүүс нь хариуцаад, дэмжээд ажиллах нь зүйтэй юм уу гэж боддог.
-Морин тойруулга барья гэдэг саналтай давхцаад нэлээн өндөр хэмжээний төсөв дуулдаад байдаг юм билээ?
-Ер нь мөнгө зарна шүү дээ. Тийм хэмжээний хөрөнгө оруулагчийг татах хэрэгтэй л дээ.
-Өвөрмонголд хятадууд 2.6 тэрбумаар барьсан гэдэг билүү?
-Өвөрмонголын Цэнгэг тал ч билүү, нэрийг нь сайн санахгүй байна, тэнд би очиж үзсэн. Их том тойруулга байна лээ. Ер нь морин тойруулгыг янз бүрээр хийж болно л доо. Эхлээд хялбархан маягаар хийж болно. Ганцхан морины бариа, гарааг л сайн хийх хэрэгтэй, стандарт хангасан байх ёстой. Хэдэн тойрог хийх үү гэдгээсээ шалтгаалаад бариа, гарааны асуудал бий. Бусад нь үзэгчийн суудал гээд л хялбар эд. Японд бол морин тойруулгыг гайхамшигтай хийдэг. Их ч хүн ордог, арвин ч орлого олдог. Жишээлбэл, тойруулгад ороод мянган хүн бооцоо тавьсан бол бооцооных нь нийт авсан мөнгийг мянгадаа хуваагаад л 30 хувийг буцаагаад тэр хүмүүс авна, 70 хувь нь улсдаа ордог ч юм уу, нарийн дүрэмтэй, эдийн засгийн ач холбогдолтой зүйл.
-Дорноговийнхон хурдаа гадагшаа гаргаад байна, өөрсдөө улс, бүсийн уралдаанд уяж сойхгүй байна гэдэг яриа байдаг. Хурдан болгоноо гадагшаа өгөөд байх хэр зөв зүйл вэ?
-”Хутагтын хурд”-ыг зохион байгуулахад бусад аймаг, хотоос маш их уяачид ирж оролцдог, хаврын уралдаан дээр өнгийг нь харж байгаад морь мал их зарагдана л даа. Энэ бол зүгээр нэг морь уралдуулаад, наадаж цэнгээд байхаас гадна энэ нутгийн адууг үнэтэй болгох, хүмүүст таниулах, уяачид, малчид маань малынхаа ашиг шимийг хүртэх ач холбогдолтой ажил. Хутагтын хурдад эхний аравт давхиж байгаа морьд үндсэндээ эзнээ олчихдог. Хүмүүс хурдаа нутагтаа байлгаж, уяж байх хэрэгтэй гэж боддог л байх. Худалдаж авсан хүн ч ялгаагүй адуугаа тордоод, илүү дээд зиндаанд давхих боломж бүрдэж байгаа. Ганц морь ч биш л дээ. Сайхан зураг байлаа гэхэд өндөр үнээр зарагдвал тэр хэрээр хамгаалалт нь сайжраад явчихдаг. Нэг талаар хурдны морь гэдэг бол том бүтээл юм. Тийм учраас үүнийг зарж борлуулах юм уу, эдийн засгаар эргэлтэд оруулах нь буруу зүйл биш. Мэдээж болж өгвөл эндээ манай Дорноговийн уяачид уяад улс, бүсийн наадмуудад сайн давхиулвал бүр сайхан л хэрэг. Сүүлийн үед манай аймгийн уяачид бүсийн наадмуудад очиж сайхан уралдаж байна. Бас Дорноговь аймгийн адуу баруун аймгуудад сайхан давхиж байна гээд сайхан мэдээ их байна шүү  дээ. Энэ жил өвөл адуугаа тэжээж, сайхан тэнхрүүлээд ирэх жил улсын болон бусад наадамд гал болж оролцъё гээд уяачидтайгаа зохион байгуулалтын асуудлуудыг ярилцацгааж байна.
-Аймгуудад адуугаа сайжруулах, хурдтай аймгуудад нутгийн адууг тордох бодлогууд ажиглагдаж байна л даа. Танай аймгийн тухайд Тайж, Банди адууныхаа удам угшлыг хадгалах тал дээр бодлогын хэмжээнд хийгдэж байгаа зүйл бий юү?
-Аймгийн хэмжээнд аймгийн зүүн бүс, баруун бүс, төвийн бүс гээд уралдаан хийж байгаа. Улсынхтай адилаар бүс, бүсийн уралдаан сумдаа тойроод ээлжлэн хийгдэх ёстой боловч Тайж, Банди адууны өлгий Дэлгэрэх суманд аймгийн зүүн бүсийн уралдааныг тогтмол хийдэг юм. Өөрөөр хэлбэл, Тайж, Банди адууны гол цөм болсон нутаг Дэлгэрэхэд “Тайжийн хурд”-аа зохион байгуулаад, тэр нь зүүн бүсийн уралдаан болдог. Зүүн бүсийн уралдаан гэдэг бол аймгийн уралдаантай адилхан гэсэн үг.
Тайж, Банди адууны нутагт нь аймгийн чанартай нэрэмжит уралдааныг зохион байгуулаад өгвөл сумын бүх л уяач оролцоно, арай дээгүүр давхивал урам нь сэргэнэ, адууныхаа удам угшлыг хадгалах, сэргээх, гараад явчихсан бол удам угшлыг эргүүлж авчраад дахиад селекци хийх, сайжруулах тал дээр анхаарал тавина шүү дээ.  Нөгөө талаас шинэ монгол адуу манай аймгийн хэмжээнд бас нэмэгдэж байна. Тиймээс түүнийг эргэлтэд оруулах зорилгоор уралдаан зохион байгуулах ажлыг бас хийх хэрэгтэй байгаа юм. Шинэ монгол адуу уралдаад түрүүлсэн ч гэсэн цоллуулахгүй байна шүү дээ, хөөрхий. Хольж уралдахгүй байлаа ч гэсэн тусад нь уралдах боломжийг олгох хэрэгтэй.
-Аймгийн хэмжээнд шинэ монгол адууг тусад нь уралдуулах боломж бололцоо хэр байдаг юм бэ?
-Одоохондоо манай аймгийн хэмжээнд шинэ монгол адуу тусдаа уралдахаар тийм олон байхгүй байна. Тэгээд монгол адуутай уралдаад орлоо гэхэд цоллуулахгүй, хасчихаж байгаа. Хөөрхий, айргаар мялаагаад л гаргачихаар унасан хүүхэд, уясан эзэндээ жаахан харамсалтай. Эрлийз адуу гараандаа хурдтай учраас монгол адууг чирдэг. Тэгээд ойрын зайнд яваад суучихаж байгаа юм. Тиймээс ойрын зайнд хурд эрчтэй давхиж байгаа уралдааныг хүмүүст үзүүлэх, тэр нь дахиад бооцоотой ч байдаг юм уу, ийм маягаар уяач, үзэгчдийн сонирхлыг татсан зүйл байх хэрэгтэй. Үзэгчид ирнэ гэдэг бол жуулчин хөгжинө, жуулчин хөгжвөл энэ орон нутагт мөнгөний эргэлт сайжирч, эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Тэр үүднээсээ алс хэтдээ шинэ монгол адууг уралдуулах нь зүйтэй байгаа юм. 
-Сайхандулаан, Мандахад Дундговийн Өндөршилийн Гүр адуу, наашлаад Самдангийн борууд гээд ярьж байна. Иххэт тал руугаа Адилбиш гуайн Зул хонгор азарга, Алтанширээ рүү Жалгын голын адуу гэдгийг ярьдаг. Танай Хөвсгөл сумын хувьд яригддаг бэсрэг угшил юу байна?
-Манай Хөвсгөл сумын хувьд саяын хэлдэг Гүр адуу гээд баруун хойд талд байдаг. Ер нь эргэн тойрон угшлууд байгаа учраас манайд энэ угшлуудаас их орж ирж, цус сэлбэж байна. Манай сумын хувьд хажуу дахь Улаанбадрах, цаашаа Хатанбулаг сумаас хурдны нэлээн селекци хийчихсэн. Дээхнэ үедээ их холоос селекци хийдэг байсан учраас аймгийн уралдаанд манай сум сайн уралддаг байсан. Би жаахан байхдаа нэг сайн уяачийн морийг унаж, аймагт олон л түрүүлж байсан. Ер нь манай суманд аль алинаас нь авчирч селекци хийх явдал түлхүү байсан гэж болно. Хөвсгөл суманд яг ийм угшил гэж байхгүй л дээ. Гэхдээ сайн уяачдын нэрээр Цэндийн, Халзангийн Гүрсэдийн гээд гурав, дөрвөн  айлын хурдан удмын адуунууд одоо ч байж л байна. Сүүлийн үед манайх хойшоо Сүхбаатараас адуунууд авч байна. Бүр баруун аймгаас адуу авчирч байх жишээтэй.
-Таны хувьд адуугаа ямар хурдан удам угшлаар цус сэлбэж байгаа вэ?
-Дорноговь бол их хурдтай нутаг. Дорноговь адуугаа зөвхөн гадагш нь зарж хурдлуулах биш, орон нутагтаа бид өөрийн унаган адуугаа хурдлуулах хэрэгтэй гэж үзээд Дорноговиосоо Тайж, Банди удам угшилтай адуу цуглуулж, уяж хурдлуулж байна. Ер нь Дорноговийн гэсэн адууны угшил бараг бүгд байгаа. Сайн гүү, азарга тавих бага насны адуу гээд өөрийн хэмжээнд цуглуулж л байна. Хамгийн сүүлд Мандахын Гүр адуунаас нэг сайхан бор адуу авсан. Ер нь Мандахын нэг, Дэлгэрэхийн нэг морь улсад түрүүлж, манай аймаг сайн наадаж байгаа.
-Гиннест бүртгүүлэх үйл ажиллагаанд танай аймаг өргөн хүрээнд оролцсон гэсэн байх аа?
-Аймгийн хэмжээнд уриалаад, зардал мөнгийг нь гаргаад оролцуулсан. Би өөрөө ч очсон. Тэнд очоод хотхон байгуулаад, гэр бараа бариад, хонь малтай, 300 гаруй адуутай очсон. 10 мянган морьтны жагсаалд нь орж, сертификатыг нь авч, 3000 морины уралдаанд ч бас оролцлоо. Манай уяачид, ялангуяа ахмадууд маань их очсон. Энэ сайхан үйлсэд морьтойгоо орж, нэрээ гаргана гээд их баяртай байсан шүү.
-Юм бүр өөрийн гэсэн цаг хугацаатай гэдэгчлэн бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Нутгийн олондоо хандаж таны хэлэх үгийг бид түүчээлье.
-Өвөг дээдсээс сорчлогдон уламжлагдаж ирсэн Дорноговь нутгийнхаа хурдан адууны угшлыг хадгалж хамгаалъя, улам сайжруулъя. Үүнийгээ хадгалахын сацуу бас цаашлаад илүү хурдан шинэ угшлыг гаргаж ирэх бүрэн боломж бий. Тэгээд Дорноговийнхоо түмэнд уясан болгон нь хурдалж байхын бэлгэтэй сайхан ерөөлийг танай сэтгүүлээр дамжуулъя. 

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна