"Хангарьд-2016" уралдааны хөтөлбөр, журам

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 25 -нд

Хурдан морины уралдаан болох газар: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Хүйн долоо худаг, Монгол наадам цогцолбор
Хурдан морины уралдаан болох хугацаа: XVII жарны “Муу нүүрт” гал бичин жилийн Зуны тэргүүн Харагчин могой сарын шинийн 1-ний шарагчин үхэр буюу 2016 оны 05 дугаар сарын 7-ны өдө.

1.Хязаалан насны морь мордох                                                                    07.00 цаг
Хязаалан насны морины гарааны бүртгэлийг хаах                                       07.30 цаг
Хязаалан насны морь гарааны зурхайгаас гарч уралдах                               08.00 цаг
Хязаалан насны морь барианд орох                                                               08.30 цаг
2.Шүдлэн насны морь мордох                                                                      09.00 цаг
Шүдлэн насны морины гарааны бүртгэлийг хаах                                         09.30 цаг
Шүдлэн насны морь гарааны зурхайгаас гарч уралдах                                 10.00 цаг
Шүдлэн насны морь барианд орох                                                                 10.30 цаг 
“Хангарьд-2016” хурдан морины уралдааны нээлт                                  11.00-12.00 цаг
3.Эрлийз дунд насны морь мордох                                                               12.00 цаг
Эрлийз дунд насны морины гарааны бүртгэл хаах           12.30                                                                                 
Эрлийз дунд насны морь гарааны зурхайгаас гарч уралдах                          13.00 цаг
Эрлийз дунд насны морь барианд орох                                                          13.30 цаг
4. Даага мордох                                                                                                14.00 цаг
Дааганы гарааны бүртгэл хаах                                                                         14.30 цаг
Даага гарааны зурхайгаас гарч уралдах                                                           15.00 цаг
Даага барианд орох                                                                                           15.30 цаг
5.Эрлийз даага мордох                                                                                    16.00 цаг
Эрлийз дааганы гарааны бүртгэл хаах                                                             16.30 цаг
Эрлийз даага гарааны зурхайгаас гарч уралдах                                               17.00 цаг
Эрлийз даага барианд орох                                                                               17.30 цаг
6.Түрүүлж, айрагдсан хурдан морьдыг цоллох                                           18.00 – 20.00 цаг
Жич: Хурдан морины бүртгэл: 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Өлзийт тосгонд, 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт тус тус бүртгэнэ.
Уяач хурдан морио бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, даатгалын баталгааг заавал авчирна.

"Хангарьд-2016" Хурдан морины уралдааны журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбооны /цаашид “НМСУХ” гэх/-ны Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа “Хангарьд - 2016” хурдан морины уралдааныг зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцааг Үндэсний баяр наадмын тухай хууль, Монголын хурдан морины уралдааны дүрмээр зохицуулна.
Хоёр. Уралдааныг зохион байгуулах комисс
2.1. НМСУХ-ны Тэргүүлэгчдээс томилсон Зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/ уралдааныг зохион байгуулна. Комиссын үйл ажиллагааны хэлбэр хуралдаан байна.
2.2. Комиссын хуралдаанаас гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, хурдан морины насны даамал, дэд даамал, цуваа дуудагч, бүртгэгч, шүдлэгч, морь бариач, цоллооч, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хүүхдийн байгууллагын ажилтан, даатгалын ажилтан, үүлдэрлэг байдлыг тогтоох комиссыг томилон ажиллуулна.
Гурав. Уралдааны зохион байгуулалт
3.1. Хязаалан, эрлийз дунд насны морьд 10 км, шүдлэн насны морь 8 км, даага болон эрлийз даага 6 км - ийн зайд тус тус уралдана.
3.2. Уралдааны зохион байгуулалт гарааны болон барианы зурхай гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
3.3. “Хангарьд-2016” хурдан морины уралдааны хөтөлбөрт тогтоосон цагт уяач уралдах морио барианаас мордуулна.
3.4. Бүх насны уралдах морьдыг шүдлэж, үүлдэрлэг байдлыг тогтооно.
3.5. Цэвэр цусны морьд, үүлдэрлэг байдал болон шүдээр хасагдсан, уралдааны цагаас хоцорсон, бүртгүүлээгүй, номергүй, хамгаалалтын хувцас хэрэглээгүй хүүхэдтэй хурдан морьдыг уралдаанд оролцуулахгүй ба уралдаж ирсэн тохиолдолд уралдаанаас хасна.
3.6. Хурдан морины үүлдэрлэг байдлыг тогтоож, шүдэлсний дараа хуваарийн дагуу гарааны зурхай руу хөдөлнө. Гарааны зурхай руу явахдаа уралдаанч хүүхэд нь дараах шаардлагыг хангана.
3.6.1. Гарааны зурхай руу тухайн насны даамлын өгсөн зааврын дагуу зөөлөн явна.
3.6.2. Даамлын машинаас түрүүлж явах, гарааны төхөөрөмжийн зүг тарлах, давхих, гарааны зурхай руу явах замдаа хоорондоо зодолдох, ийм явдалд бусдыг хүргэх, уриалахыг хориглоно.
3.6.3. Гарааны төхөөрөмжийн ар талаар оролгүй эргэхийг хориглоно.
3.7. Гарааны төхөөрөмжийн ар талаар орж, нэг эгнээнд ороод даамлын дохиогоор нэгэн зэрэг гарааны зурхайгаас нас насны морьд уралдана.
3.8. Уралдааны үед комиссын шаардлага болон энэхүү журмыг зөрчсөн уяач, уралдаанч хүүхдийн хувийн дугаарийг тэмдэглэж, уралдаанаас хасна.
3.9. Хурдан морьдыг зөвхөн тухайн насанд нь уралдуулах ба морийг дээд болон доод насанд дэвшүүлж уралдуулахыг хориглоно.
3.10. Хурдан морийг уралдаж ирсэний дараа тухайн насны түрүүлж, айрагдсан хурдан морьдын үүлдэрлэг байдал, шүдэлгээг дахин хийнэ.
3.11. Түрүүлж, айрагдсан хурдан морь нь үүлдэрлэг байдлаар хасагдсан тохиолдолд дараагийн морийг урагшлуулж барина. Ингэхдээ байр урагшилж байгаа хурдан морины үүлдэрлэг байдлыг дахин тогтооно. Байр урагшилсан морь үүлдэрлэг байдлаар хасагдсан тохиолдолд дараагийн морийг урагшлуулж барина. Энэхүү зарчмыг цаашид үргэлжлэх хэлхээнд мөрдөнө.
3.12. Хурдан морийг гарааны зурхай хүртэл тавиач явуулахгүй.
Дөрөв. Уяач, уралдаанч хүүхдэд тавих шаардлага
4.1. “Хангарьд-2016” уралдаанд энэ журмын шаардлага, зохион байгуулах комиссын тавьсан болзол, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн уяач сайн дурын үндсэн дээр хурдан морио уралдаанд оролцуулна.
4.2. Уралдаанд 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, даатгалд хамрагдсан хүүхдийг оролцуулна.
4.3. Хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хүүхэдтэй хурдан морийг уралдаанд оролцуулахгүй.
4.4. Уяач комиссын тогтоосон цагийн хуваарийг нарийн чанд мөрдөнө.
Тав. Морины бүртгэл, дугаар олгох
5.1. Морины бүртгэл 2016 оны 05 сарын 6-нд Улаанбаатар хот, Хан уул дүүргийн 14-р хороо, Өлзийт хороололд, 2016 оны 05-р сарын 7-ны өдөр Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 21-р хороо, Хүйн долоо худаг дахь хурдан морины барианы газарт бүртгэнэ.
5.2. Уяач морио бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, даатгалын гэрчилгээг заавал авчирна.
5.3. Хурдан морины уралдааны морины бүртгэлийн хураамж нь 50,000 /тавин мянган/ төгрөг байна
Зургаа. Уралдааны үеийн зохион байгуулалт
6.1. Тухайн насыг хариуцсан дэд даамал түрүүлж яваа морьдын урд тугтай машинтай замчилна.
6.2. Хүн эмнэлэгийн машин морьдын хамгийн сүүлд явж шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
6.3. Мал эмнэлэгийн байгууллага тогтоосон цэгт байрлан шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
6.4. Уралдаанд морь замаас оруулах, хөөх, саад хийх, уралдааны замд тосон цулбуурдан хөтлөхийг хориглоно. Ийм зөрчлийг дүрс бичлэг, бусад баримтыг үндэслэн уралдаанаас хасна.
6.5. Уралдааныг дамжуулах телевизийн машин уралдаанд саад болохгүйгээр 40 метрийн зайд явж бичлэг хийнэ.
Долоо. Барианы зурхайн зохион байгуулалт
7.1. Барианы зурхайг тусгайлан таних тэмдгээр тэмдэгжүүлнэ.
7.2. Түрүүлж, айрагдсан эхний 5 морийг морь бариачид барьж, бусад морийг барианд орсон дараалал, хүүхдийн дугаараар дүрс, дуу бичлэгийн техник ашиглан байр эзлүүлнэ.  Маргаантай асуудлыг тухайн насны даамал комиссын хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
7.3. Уралдаанд хүүхэдгүй ирсэн морийг 5 - н байр ухрааж байр эзлүүлнэ.
7.4. Морьд зэрэгцэн ирсэн тохиолдолд дүрс бичлэгээр нягтлан зурхайн тэмдэглэгээнд түрүүлж хошуу нь давсан морийг, хошуу зэрэг давсан тохиолдолд зөв талд ирсэн морийг түрүүлж байр эзлүүлнэ.
Найм. Онцгой анхаарах зүйлс
8.1. Эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулна.
8.2. Цэвэр цусны, импортын хязаалан, шүдлэн үрээ, даагыг “Хангарьд - 2016” уралдаанд оролцуулахгүй.
8.3. Хүүхэдгүй морийг уралдааны замд барьж авч дахин хүүхэд мордуулсан тохиолдолд хасна.
8.4. Энэхүү журмын хүрээнд уралдаанаас хасагдсан хурдан морины бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
8.5. Хурдан морины үүлдэрлэг байдлыг тогтоохдоо доор дурдсан шалгуурыг баримтлана. Үүнд:
8.5.1. Хурдан морины гадна хэв шинж
8.5.2. Хурдан морины сэрвээний өндөр
8.5.2.а. Хязаалан – 137см
8.5.2.б. Шүдлэн – 132 см
8.5.2.в. Даага – 127 см
Ёс. Морь цоллох, бай шагнал олгох
9.1. Түрүүлж, айрагдсан морьдыг тогтоосон хуваарийн дагуу цоллож, бай шагналыг олгоно.
9.2. Эрлийз дунд нас, дааганы 6-15-д, бусад насанд 6-30 хүртэлх морьдыг барьж, байлна.
9.3. Түрүүлж, айрагдсан, бай авсан морины олгох шагналын 20 хувь нь уралдаанч хүүхдэд олгогдоно.
Арав. Тайлан мэдээ гаргах
10.1. Зохион байгуулах комиссын гишүүд хариуцсан ажил үүргийн биелэлтийн талаар бичгээр болон тухайн нас хариуцсан морины даамал, уралдсан морины тоо, айрагдсан, барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн тусламж үзүүлсэн уралдаанч хүүхэд болон дараагийн уралдааны зохион байгуулалтад анхаарах санал дүгнэлт тайлангаа Зохион байгуулах комисс 7 хоногийн дотор өгнө.
10.2. Комиссын гишүүд, даамлаас ирсэн тайланг нэгтгэн НМСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулга хийнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна