Адууны үс тослог, эсвэл хэт хуурай байх нь хордлогын шинжийн нэг

Экологийн тэнцвэрт байдал алдагдсан, дээр нь элдэв тэжээл, бордоо, эм бэлдмэл ихээр орж ирэх болсон зэргээс үүдээд адуу хордох нь элбэг болсон. Хордлогоос сэргийлнэ гэдэг ч амаргүй. Учир нь тэжээл бордоог буруу хадгалах, эсвэл тэжээлээ бэлтгэхдээ горим алдагдах гээд л хордох эрсдэл алхам тутам л таарч байдаг.
Одоогоор хордлого үүсгэдэг арван мянга гаруй бодис бүртгэгдсэн байдаг юм. Хорт бодисуудыг дотор нь дараах байдлаар ангилан үздэг, үүнд:
1. Металлууд. (хар тулгалга, мөнгөн ус г.м.) Ялангуяа алт сайн дураараа олборлогчид олноор ажилладаг газруудад
2. Микотоксин буюу мөөгний хор. (apergillus, fusarium  г.м. төрөлд багтдаг мөөгний хор)
3. Тэжээлийн хор.(өвс тэжээлийн мөөгөнцрийн хор)
4. Эм бэлдмэл.(индометацин, ивермектин г.м.)
5. Пестицид ба гербицид буюу бордооны хор.
6. Биотоксин буюу ургамал, амьтан, шавьжны хор
Эдгээр хорнуудын адууны бие махбодид нэвтрэх арга зам нь янз бүр байдаг ч арьс, ам, амьсгалын замаар нэвтрэх нь хамгийн түгээмэл байдаг.
Адууны бие махбодид үзүүлдэг нөлөөгөөр нь хорт бодисуудыг дараах байдлаар ангилна.
* Адууны мэдрэлийн системт нөлөөлдөг (хар тугалга, давсанд хордох г.м.) Ийм хор нь шөрмөс татах, эргүүтэх, түрэмгий зан, эсвэл хөшүүн байдлыг үүсгэдэг.
*Адууны ходоод гэдэсний замд нөлөөлдөг (Аспирин, ибупрофен). Эдгээр бодис нь гүйлгэх, гэдсээр хатгуулах, ходоодны үрэвсэл зэрэг эмгэг үүсгэдэг.
*Адууны зүрх судасны системд нөлөөлдөг (кофеин, нитрат г.м.). Хамгийн аюултай төрлийн хор бөгөөд зүрхний хэмнэлийг алдагдуулахаас гадна цусны бүлэгнэх чадварыг алдагдуулан дотуур цус алдалт үүсгэж болзошгүй.
*Адууны яс, булчингийн системд нөлөөлдөг (витамин Е, селений дутагдал, витамин Е агуулсан ургамал г.м.). Ийм хортой бодисын нөлөөгөөр хөл ээжлэн доголох, булчингийн хатингаршил үүсгэнэ.
*Адууны нөхөн үржих системд нөлөөтэй (зеараленон, нарс модны шилмүүс, А витамин). Эдгээр бодисууд нь гол төлөв зулбалт үүсгэдэг.
*Адууны арьсанд нөлөөтэй (ногоорсон төмс, төмөр, зэс г.м.). Хордлого нь гэрэлд хэт мэдрэг болох байдлаар илэрнэ.
*Адууны нүдэнд нөлөөтэй (атродин, цагаан тугалга, никотин г.м.). Хордлого нь гол төлөв хүүхэн хараа нарийсах, эсвэл өргөсөх байдлаар илэрдэг.
*Адууны бөөр, давсганд нөлөөтэй (аспирин, индометацин, тугалга, шар будаа... г.м.). Бөөрний түүдгэнцэр, сувгийн ажиллагаа алдагддаг.
*Адууны элгэнд нөлөөтэй (мөөг, дибазол, хүнцэл, фосфор, цайр г.м.).
*Адууны амьсгалын системд нөлөөтэй (аммиак, хүхэрт устрөрөгч, тайвшруулах эм г.м.). Хатгаа, амьсгалын. булчин саажилт зэргээр илэрнэ.
Олон тооны хорт бодисууд нь хэд хэдэн эрхтэн системд зэрэг үйлчилж байдаг. Ямар ч тунгаар байсан хордуулах нөлөө үзүүлдэг бодисуудын дээр хэрэгтэй хэмжээнээс хэтрүүлээд ирэхээр хордуулах нөлөө үзүүлдэг бодис зөндөө. Хамгийн наад захын жишээ бол витаминууд. Витамин зайлшгүй хэрэгтэй ч тунг нь хэтрүүлбэл адууны бие махбоди, бодисын солилцоонд ноцтой хор учруулдаг.
Тэгэхээр хэчнээн хэрэгтэй, чухал эм байлаа ч дур мэдэн адуундаа өгөлгүйгээр мэргэжлийн эмчийн зөвлөгөөг заавал авч байх хэрэгтэй.
Хордлого нь хурц ба архаг гэж хоёр янз байдаг.
Хурц хордлого нь хэдхэн минутын дотроос эхлээд хэд хоногийн дараа илэрдэг бол архаг хордлого нь хэдэн сар, жилээр онцын шинж тэмдэггүй явагддаг.
Хордлогыг адуу давж гарах эсэх нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал:
*Нас  (унага ба хөгшин адуу илүү хорддог).
*Тарга (тарга авсан адуу нь тэжээл, өвсийг илүү шилдэг болохоор хордох нь цөөн).
*Зүс (саарал зүсмийн адуу нь гэрэлд хэт мэдрэг өвчтэй байх нь их).
*Дархлалын систем (дархлаа сайн байх тусам хордлогыг дааж гарахдаа сайн).
*Стресс (стресст байгаа адуу нь элдэв хордлогод илүү өртөмтгий байдаг).
*Дагалдах өвчин (ходоодны үрэвсэл, бөөрний үрэвсэл, зүрхний дутмагшил).
ХОР НЬ ХӨЛС, ШЭЭС, ӨТГӨНӨӨР ГАДАГШИЛДАГ
Ер нь хордлогоос сэргийлэх хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэлт юм. Бордоо, тэжээл, эм, витамин зэргийг худалдан авахдаа юуны өмнө чанарын баталгааг шаардах хэрэгтэй. Хугацаа нь дууссан бордоо, тэжээл, эм зэргийг хэрэглэхээс эрс зайлсхийх. Хэт хямдруулсан үнээр тэжээл, бордоо, эм бэлдмэл худалдан авахаас татгалзах хэрэгтэй. Тэжээл,бордооны уут, савны бүрэн бүтэн байдлыг заавал шалгаж байх хэрэгтэй. Хүн биш мал юм чинь яав л гэж гэсэн байр сууринаас хандаж хэрхэвч болохгүй. Яаж ч магтсан байсан ямар сайн эм, тэжээлийг эмчтэй зөвлөлгүйгээр адуундаа тарих, тэжээх гэж яарах хэрэггүй.
Дараах шинж тэмдэг илэрвэл хордсон байж магадгүй гэж үзнэ.
*үс, арьсны байдал, туурай муудах.
*цэвэрлэх үед үс тослог, эсвэл хэт хуурай байх, хагтах.
*адуу идэвхигүй болох, доголох, хөл хавагнах, хэт их хөлрөх.
Хурц хордлого авсан үед хордуулагч бодис адууны бие махбодид нэвтэрсэн мөчөөс эхлэн огцом эхэлнэ. Голчлон базлах, өтгөн ялгаруулах давтамж нэмэгдэх, гүйлгэх, цустай гүйлгэх, олон удаа шээх, эсвэл багасах. Хордуулагч бодисоосоо хамаараад амьсгал хурдасч, эсвэл богиносч болно. Зарим бодис нь адууны хөдөлгөөний эвсэлд нөлөөлнө. Амьсгалж байгаа агаар, шээс, өтгөнд нь содон үнэр илэрнэ. Энэ мэт шинж тэмдэг илэрвэл Европт нэн даруй малын эмчид ханддаг байна.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна