Хурдан хээрийн хувьтай эзэн

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 15 -нд

Архангайн Эрдэнэмандал сумаас МУ-ын Алдартын цолонд хүрсэн П.Доржпалам, Ш.Найманжин, П.Дэмбэрэл нарын уяачид байдаг. П.Дэм­бэрэл Алдартын эцэг Пэлжир адуунд дуртай басхүү уясан морьд нь гайгүй сайн давхичихдаг гүндүүгүй нэгэн байсан гэлцдэг.
П.Дэмбэрэл 1930 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Баруун цүүр” хэмээх газар мэндэлсэн бөгөөд 7-15 нас хүртлээ хурдан морь унажээ. Цэргийн албанаас ирсэн даруйд сум нэгдэлдээ адуучнаар орж 30-аад жил адуу хариулангаа аль гайгүй гэснийг сорлон  уяж давхиулах болов. П.Дэмбэрэлийн шинжиж уясан олон хүлгэдээс “Хурдан хээр”, “Жороо бор” зэрэг нь гойд хурдалж, уяачийн урыг нь олонд таниулсан юм. Олноо “Хурдан” хэмээн алдаршсан хээр морь нь 1948-1949-ын аймгийн наадамд аман хүзүүдэж, 1950 онд Хан-Оюут болон аймгийн наадам, сумын наадамд түрүүлж байжээ. Харин 1954-1960 онд өөрийн сум болон Ихтамир суманд их насны хар морь нь аман хүзүүдэж, улаан хүрэн даага нь түрүүлэн, хязаалан шүдлэн үрээнүүд нь аман хүзүүдэж байжээ. Ихтамир сум нэгдэл байгуулагдсаны 50 жилийн ойн наадамд хар морь нь гуравт, улаан хүрэн үрээ нь аман хүзүүнд хурдалж байсан бол Мөрөн сумын 10 жилийн ойд таван насны морьтой очиж их насны бор морь  нь аман хүзүүдэж,хязаалан бор үрээ шөвгөрч байсан удаатай. Тэрхүү бор үрээ нь хожим нь П.Дэмбэрэлийн жороо бор хэмээх цуутай хүлэг болсон билээ.
П.Дэмбэрэл уяачийн амжилт­ын буухиа цааш үргэлжилж  Өндөр-Улаан сумын 20 жилийн ойн наадамд хээр үрээ, жороо бор морио түрүүлгэн морьтой нөхөрлөсөн эр хүнийг ид хавыг мэдрүүлж байв. П.Дэмбэрэл 1983 оноос хойш том жижиг наадмуудаас 34 түрүү, 65 айраг хүртсэн байдаг бөгөөд 2002 онд МУ-ын Алдарт цол хүртсэн юм. Алдарт аавын шийрийг хатааж хүү Д.Пүрэвсүрэн нь удамт хүлгэдээ уяж сойн аймгийн Алдарт уяач цолоор энгэрээ мялаагаад байна.
"Тод магнай" сэтгүүл №30

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна