Монгол улсын Алдарт уяач Раднын Цагаандамдин

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 11 -нд

Дорнод талын алдарт хоньчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Цагаан-Овоо сумын харъяат МУ-ын Алдарт уяач Раднын Цагаандамдин нь 1924 онд  одоогийн Халх гол сумын нутаг Халх нөмрөгийн Азарга уулын бэлд малчин ард Раднын хоёрдугаар хүү болон мэндэлжээ.
Р.Цагаандамдин нь 1940 оны үеэс эхлэн морь уяж сойх арга ухаанд суралцаж, буриад цагаан адууны угшил болох цэнхэр борын удам Болдын Даржаагийн адуунаас цагаан зүсмийн азарга уяж уяачийн гараагаа эхэлсэн байна. 1940 оноос хойш 60 гаруй жил морин спортыг хөгжүүлэх, хурдан морь уяж сойх, түүнд залуусаа сургахад өөрийн хувь нэмрээ оруулсан морины зүтгэлтнүүдийн нэг юм.  Тэрээр  60 гаруй жилийн хугацаанд олон олон айраг түрүү авч байсан бөгөөд бидний мэдэж байгаагаар:
• 1940-өөд оны үед цагаан азрага, цоохор бор морь, Түмэн хээр морь, цагаан хонгор морь, халзан хүрэн морь, хар морь  зэрэг хурдан хүлгэд нь амжилттай давхиж байсан билээ.Жишээлбэл ц агаан азарга нь Дорнод аймагт зохиогдсон бүсийн спартикадад  түрүүлж байсан бөгөөд сумынхаа наадмаас 19 айраг түрүү хүртсэн хурдан хүлэг юм.
• 1950-иад онд хар халтар, Гомбын цавьдар, нарийн хээр зэрэг азарганууд хар халтар, хавчиг хүрэн, Ембүү хүрэн халзан, Нянтайн ягаан алаг , хөх буурал зэрэг хурдан морьдоороо бахтай сайхан наадаж байсныг нутгийн буурлууд одоо ч гэсэн шагшин ярьдаг юм. Харин 1960 оноос хойш хар халзан томска, Болдоон бор, Ренчиний хүрэн халзан, Гантөмөрийн хээр, хүрэн зэрэг азарга Дазын хээр, Билэгтийн хээр халтар, Садаалайн халтар, Ганбаатарын тасархай хээр /Батширээт гаралтай/, Гантөмөрийн халзан улаан,  Болдооны өсгий цагаан хүрэн, Ренчиний бор, халтар, Гончигжалсаны халзан бор, халзан хүрэн, Гомбын махир хээр, хул зэрэг хурдан морьдоор сумынхаа баяр  наадамд завсаргүй айраг түрүү авч наадамчин олноо баясгаж байжээ. Р.Цагаандамдины морин спортод оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтыг үнэлэн 1995 онд Монгол улсын “Алдарт уяач” цолоор шагнажээ.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна