Сумын Алдарт уяач Д.Лхагва-Очир: 7-р ангид байхдаа анхны айргаа амссан

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 07 -нд

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Лхагва-Очирын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ?
-Хүүхэд байхын л адуунд, тэр дундаа хурдан моринд дуртай нэгэн байсан. Моринд томдоод ирэхийн алдад нэг даага уяж сумынхаа наадамд аман хүзүүдүүлсэн. Долдугаар ангийн сурагч сумынхаа наадамд морь айрагдуулчихаад их баярлаж, урам орсон доо. Түүнээс хойш хоёр жилийн дараа 1990 онд сумандаа халзан даагаа гурваар давхиулж тэгээд л ер нь морь уяхаар шулуудсан даа.
-Айраг түрүүтэй дараагийн наадмуудынхаа дурсамжаас хуваалцаач?
-1996 оноос эхлээд миний морьд гайгүй давхиж эхэлсэн. Хүрэн халзан соёолон маань Улаан-Уул болон Арбулаг сумын Алт толгойн наадамд түрүүлж, хэдэн жил өнжөөд 1999 онд сумандаа дахиад түрүүлсэн. Ер нь тэрнээс хойш том жижиг наадмуудаас айраг түрүү алдаагүй дээ. Миний хүрэн халзан морь бол манай нутгийн аймгийн аварга уяач Дагвадорж гэж хүний унаган Дархад адуу байгаа юм. Би битүү хязаалан авч ойрын бүх л сумдын наадамд уралдуулсан. Сум болон жижиг наадмын 35-36 медальтай, 22 настай хурдан буян бий. Хийдгээ хийчихсэн учраас энэ жил зодог тайлсан.
-Нэг адуугаар тогтмол амжилттай наадах уяачийн бас нэг давуу тал шүү?
-Олон жил уяад ирэхээр хүн адуу хоёр ижилсээд биенийхээ байдлыг харцаараа мэддэг болдог юм билээ. Надад бас  Чандаган цагаан гэж сайн морь бий. Хадам ахаасаа авсан юм. Цагаан морь маань бас их олон жил шөвгөрсөн. Хадам ахад байхдаа ч бас уягдаж шүдлэндээ зургаалаад, хязаалан соёолон хоёртоо гурвалсан. Би нас нийлдэг жил нь авч сумын наадам, өвлийн бооцоот уралдаануудаас 19 медаль авсан.
-Залуу хүн байна. Адууны-хаа удам угшлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарна биз?
-Холын адуу авч хүч хүрэхгүй л байна. Бодол бол бий. Яваандаа Хэнтий, Сүхбаатар чигийн адуу авчирч цус сэлбэе гэсэн бодолтой байгаа. Одоохондоо энэ хавиасаа адуу авч, нутгийнхаа адуугаар л наадаж байна даа.
-Аймгийнхаа наадамд уралдаж байгаа юу?
-2000, 2001 онуудад аймгийнхаа наадамд очиж наадсан. 2000 онд халзан морь маань зургаагаар ирж хасагдаад, 2001 онд 28-аар ирсэн. Мөн 2002 оны өвөл аймагт болсон бооцоот уралдаанд "Чандаган цагаан" морьтойгоо ирж уралдсан. 2009 оны “Дархадын хурд” аймгийн бүсийн уралдаанд хүрэн халзан морьтойгоо очоод зургаагаар давхиулсан.
-Магнай тэнийлгэсэн олон сайхан дурсамжит наадмууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Уясан морьд нь хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна