Дорнод аймгийн Улсын шилдэг уралдаанч М.Рэнцэндорж: Сугарын хул азаргыг унаж айрагдуулж байсан

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 14 -нд

Дорнод аймгийн Улсын шилдэг уралдаанч М.Рэнцэндорж:
-Өнгөрсөн жилийнхээ амжилтаар улсын шилдэг уралдаанч боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа.
-2015 оны амжилтаасаа хуваалцаач?
-Аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаанд зээрд азаргаа түрүүлгээд, Аварга хээр соёолонгоо гурваар давхиулсан. Түүний дараа Адуунчулууны уурхайн 60 жилийн ойгоор даагаа аман хүзүүдүүлж, маршал Чойбалсангийн ойд шүдлэн, соёолон түрүүлгэсэн. Мөн аймгийн баяр наадамд зээрд азаргаа аман хүзүүдүүлж, хүрэн шүдлэнгээ түрүүлгээд, хүрэн халзан даага гурваар давхиулсан. Тэрний дараа  Сүхбаатар аймгийн Асгат сумын 90 жилийн ойд очиж азарга, шүдлэн түрүүлгээд, цаашаа явж зүүн бүсийн уралдаанд азарга дөрвөөр, шүдлэн хоёроор  давхиулсан.
-Аймгийнхаа шилдэг уралдаанчаар шалгарсан байсан?
-Тэгсээн. Дорнод аймгийнхаа оны шилдэг унаач болсон. 
-Нэг наадамд дунджаар хэдэн насны морь унадаг вэ?
-3-4 насны морь унадаг.
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ?
-Таван жил унаж байна. Тод манлай уяач Онон ахын уясан Сугарын хул азаргыг унаж улс, бүсийн наадамд мөн түрүүлгэж, айрагдуулж байсан. 
-Олон газрын наадам үзсэн туршлагатай уяач байх нь?
-Морь унах сайхан ш дээ. Би том болоод уяач болъё гэж боддог. Өөрийн нэртэй морьд ч бий. Тэднийгээ уяна.
-Амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна