Аймгийн Алдарт уяач Р.Бадамжунай: Говийн хурдыг улс, бүсийн дэвжээнд гаргах энэ санаа өнөөдөр биеллээ олоод эхэлчихэж

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 27 -нд

"Говьшанхын хурд-5" наадмаас...
-“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаандаа даага айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Үнэхээр өргөн дэлгэр наадам боллоо.Би Өмнөговь аймгийнхаа Ноён сумаас ах дүү нарынхаа хамт ирж оролцсон. Миний төрсөн дүү аймгийн Алдарт уяач Р.Ганхүү хүрэн цоохор дааганы маань уяа сойлгыг тааруулсан юм. Дүүтэйгээ эртнээс бэлдсэний хэрэг гарч, шинэхэн цолоо  мялаасандаа баяртай байна.
-Шинэхэн Алдартад дахин баяр хүргэе. Хэдэн насны морь мордуулсан бэ?
-Энэ жил гурван нас мордуулж, даага айрагдаад, хязаалан, шүдлэн 40,50 хавьцаа ирлээ.
-Өмнөх уралдаануудад оролцож байсан уу?
-Өмнөх дөрвөн удаагийн Говьшанхад  морь уядаг ах, дүүсээ даган ирж оролцож байлаа.                                     -Цоохор дааганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гуайн Салхин зээрд гэж Монгол азарганы төл байгаа юм. Тэднийхийг сайн адуутай гэдгийг мориныхон андахгүй байх шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Адуугаа сайжруулахад эртнээс анхаарч байгаа.
-Салхин зээрд азарга нь Дорноговь аймагтаа хоёр түрүүлсэн. Тэгээд улсад явж байгаад хөлийг нь эвгүйтүүлээд дахин уралдуулаагүй юм байна лээ.
-Цоохор дааганы эцэг нь Салхин зээрд азарга юм байна. Харин эх нь...?
-Орос гаралтай хурлийз гүү. Салхин зээрд азаргандаа хураалгаад гарсан нь миний даага юм.
-Та унага байхад нь авч байв уу?
-Тийм ээ, 300 адуун дотроос сонгож авч байлаа. Говьшанхаас өмнө сумынхаа наадамд түрүүлээд, нутгийнхаа бага сага наадмуудад нэг наймаар ирж, нэг аман хүзүүдэж, хэд хэд түрүүлээд байгаа юм. Энэ жилийн зургаа дахь уралдаан нь говийн бүсийн уралдаан болж байна. Говьшанхын дараа Баянхонгор аймгийн Баянлиг сумын 90 жилийн ойд очиж аман хүзүүдсэн.
-Энэ удаагийн “Говьшанхын хурд” уралдааны зохион байгуулалт танд ямар санагдав?
-Сайхан боллоо. Аймаг орон нутгийнхан маань эрвийх дэрвийхээрээ оролцож, том ажлын ард гарлаа. Би сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн байгаа юм. Манай холбооны тэргүүнээр Ноён сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Батбаатар ажилладаг. Аймгийн Алдарт уяач Бадраа, Ж.Ганхүү, Р.Ганхүү, Р.Бадамжунай, Р.Мөнхөө нар дээр Санжаа агсаныг нэмэхээр зургаан аймгийн Алдарт уяачтай.Энэ удаагийн Говьшанхад манай сумаас аймгийн Алдартууд, залуу уяач нийлээд 10 гаруй улс оролцож, сайхан наадацгаалаа. Ямартаа ч Тод манлайн санаачлан эхлүүлсэн ажил 16 жил амжилттай зохион байгуулагдаж говийн хурдыг улс, бүсийн дэвжээнд гаргах зорилго нь биеллээ олоод эхэлчихэж. Бид хаана ч, хэнтэй ч уралдахад дутах юм алга. Удахгүй Сүхбаатараас биш Өмнөговиос адуу зөөх байх шүү. Энэ уралдаан бол жирийн уяачид бидэнд сайхан боломжийг нээж өгч байгаа. Тиймдээ ч энийг алдалгүй бид хичээх хэрэгтэй юм.
-Таны хувьд адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр анхаарч байгаа вэ. Хаана хаанаас адуу авч байна даа?
-Би Сүхбаатар, Дорнод, Төв, Хэнтий, Дундговиос гүү голдуу цуглуулсан. Манай Ноён сумынхан ч Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Дорнодоос адуу авчирч, цусыг нь сайжруулж байна. Энд уяачдын холбооноос ч анхааран ажилладаг юм.
-Та хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байгаа юу?
-Багадаа хурдан морины унаач явлаа. Наймдугаар анги хүртлээ морь унаж, 16 насандаа өөрөө морь уяж үзэж байлаа. Түүнээс хойш ажил амьдралын эрхээр төв суурин бараадаад хэсэг мориноос хөндийрсөн. Ингээд 2007 онд сумандаа ирснээсээ хойш эрчимтэй морь уях болоод найман жилийн нүүрийг үзэн, ах дүү гурвуул аймгийн Алдарт болоод байна.
-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Бид эхээсээ арван хэдүүлээ. Манай бүлийнхнээс гурван аймгийн Алдарт төрсөн дүү Р.Ганхүү, ах Р.Мөнхөө дээр нь миний бие юм.
-Улсын наадамд очиж байна уу?
-Жил бүр наадам үздэг ч уяачийн хувиар оролцож байгаагүй ээ. Одоохондоо судалгаа хийх маягтай л явна. Дүү бид хоёр Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүсийн наадмуудыг алгасалгүй оролцдог юм. Эндээс харж байгаад улсад очиж наадна даа.
-Таныг бас тэмээ уядаг гэж дууллаа?
-Надад хэдэн сайхан хурдан тэмээ бий. Өнгөрсөн жил Ханбогд суманд болсон том уралдаанд битүү шүдтэй тайлагаа түрүүлгэчихээд байгаа. Тэмээ гэдэг сүрлэг амьтан шүү дээ. Сум толгойлж яваагийн хувьд хийморь далладаг хэмээн бэлгэшээдэг юм.
-Сумын засаг даргаар ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
-Найм дахь жилдээ ажиллаж байна.
-Ярилсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна