Нэрт уяачийн залгамж Түвдэннямын Буяндаш

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 26 -нд

Аймгийн алдарт уяач Т.Буяндаш нь 1944 оны мичин жилд Хэнтий аймгийн Дархан сумын Цахилдаг гэдэг газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр бага наснаас хурдан морь шимтэн сонирхож эхэлсэн бөгөөд  арван хэдэн наснаас  хурдан морь уяж эхлэн 1961 онд Дархан суманд “Мана хар” гэдэг соёолон морь айргийн тавд хурдлуулж амжилтын гараагаа эхэлсэн гэдэг.
Т.Буяндаш нь өөрийн унаган олон хурдуудтай бөгөөд түүний дундаас нэгэн хурдан удмын тухай толилуулъя. Т.Буяндашийн авга ах Чойжингийн Шархүүгийн зээрд азарга 1973 онд хязааландаа Дархан суманд тавд, тэр жилээ давхар уяагаар Төв аймгийн Баянжаргалан сумын наадамд гуравт, соёолондоо  Дархан суманд аманд хүзүүнд, хавчиг насандаа цагаан сараар Дархан сумандаа тэр үед цуурайтаж байсан Дэндэвийн Дамдингийн бор халзан, Мэндийн Найдангийн бор азаргатай холбоотой ирээд барианд орохдоо сугаран гарч түрүүлж байсан хурдан зээрд азарганы төл Буяндашийн халтар гүүнээс гарсан төлийг он оноор нь жагсаавал:
-1976 оны унага Т.Жаргалсайханы хар морь. 1978 онд Дархан-Оргил нэгдлийн 20 жилийн ойд шүдлэн будилж хоёр хэсэг эргэсний хүчингүйд тооцогдсон 60 гаруй шүдлэнд айрагдсан. 1979 онд хязааландаа Дархан суманд аман хүзүүдэж давхар уяагаар Даланжаргалан сумын Туяа нэгдлийн 40 жилийн ойд айрагдсан. Их насанд нийлээд 1984 онд Дархан суманд дөрөвт хурдалжээ.
-1977 оны унага Н.Донойдоогийн хүрэн азарга. Бага насанд нь уялгүй соёолонд нь Донойдоод бэлгэнд өгсөн.1984 онд Дархан суманд айргийн тавд, 1986, 1987, 1988 онд дараалан түрүүлжээ.
-1978 оны унага зээрд азарга байсныг номхруулж уяж чадалгүй байсаар үхүүлсэн.
-1979 оны унага “Цэцэгмаа халтар” морь. Т.Буяндаш дүү Цэцэгмаадаа багад нь бэлгэнд өгч олон удаа түрүүлж айрагдсан. Дархан суманд 1983 онд гуравт, 1986 онд аман хүзүүнд, 1987, 1990 онд түрүүлсэн, сар шинийн баярт дөрөвт, Дархан хан уулын тахилганд түрүүлсэн, Сүмбэр уулын тахилганд түрүүлсэн, 1992 оны 2 сарын 12-нд Үндсэн хуулийн баярт тавд, баяр наадамд дөрөвт хурдалжээ.
- 1980 оны унага Ш.Хүрэлбаатарт бэлгэнд өгсөн шар хээр морь. Адуучны баяраар түрүүлж, мөн Дархан суманд хэд хэд айрагдсан.
-1981 оны  унага зээрд морь. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Данзангийн Шийтэр гуайд бэлгэнд өгсөн. Соёолондоо Жаргалтхаан суманд түрүүлж барианд орж ирээд гэнэт зогтусан эргэж харж зогсож байгаад зургаад орсон гэдэг. Үүнээс хойш Дархан сумандаа эргэж Т.Жамбалдоржид бэлгэнд ирээд Баянмөнх суманд Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн алдрыг тэмдэглэх наадамд айрагдсан.
- 1982 оны унага Б.Ариунболдын хүрэн морь.  /Буяндашийн ээж Ө.Аюуш ач хүү Б.Ариунболдод бэлгэнд өгсөн/  1987 онд соёолон аман хүзүү, 1990 онд гуравт, Дархан хан уулын тахилганд гуравт, 1992 онд Баянмөнх суманд   Улсын аварга малчин Шагдарсүрэгийн алдрыг тэмдэглэх наадамд, мөн Дэлгэрхаан,  Баянмөнх, Дархан сумдаас нийлж хийсэн наадамд түрүүлсэн.
-Үүний дараагаар гурван охин төл гарсныг Т.Буяндаш, Т.Жамбалдорж, Т.Жаргалсайхан нар нэг нэгээр нь авсан.
-1987 оны унага хонгор азарга Б.Гансүхд бэлгэнд өгсөн. Мордох бүрт булгидаг догшин байсан учраас уяагүй.
-1989 оны отгон төл нь эр хар унага гарч Т.Жамбалдоржид бэлгэнд өгч шүдлэн үрээ хулгайд алдагдсан. 
Эдгээр хурд хэрхэн уралдаж байсан бахдам сайхан амжилтын түүхийг эргэн сөхвөл 1986 онд Дархан сумын баяр наадамд азарганы уралдаанд Донойдоогийн хүрэн түрүүлж, их насанд Буяндашийн “Цэцэгмаа” халтар аман хүзүүдэж, халтар гүүний дүү Буяндашийн улаан хээр морь дөрөвт хурдалжээ. Мөн 1987 онд Донойдоогийн хүрэн азарга түрүүлж, их насанд  Буяндашийн “Цэцэгмаа” халтар түрүүлж  Ш.Хүрэлбаатарын хээр морь гуравт хурдалсан байна. 1990 онд их насанд “Цэцэгмаа” халтар түрүүлж, Буяндашийн хүрэн морь айргийн гуравт, Ш.Хүрэлбаатарын хээр морь айргийн дөрөвт хурдалж байжээ. Нэг эхийн ах дүү морьд бүгд ингэж сайн давхих нь тэр бүр заяагаад байдаггүй сайн хурдны угшил биз ээ.
Энэ хурдны удам ингээд тасраагүй үргэлжилсээр байна. Дээрх халтар гүүнээс гарсан гурван охин төлийн нэг Буяндашийн сэтэрт хээр гүүнээс гарсан төл Б.Ариуболдын хонгор морь 2004 онд Дархан суманд гуравт, аймгийн Алдарт уяач И.Шархүүгийн цолны мялаалга наадамд гуравт, мөн хүрэн морь сар шинийн баяраар аман хүзүүнд, Борягийн хээр азарга өвлийн бооцоот уралдаанд айрагдсан байна. Бусад төл нь уягдаагүй. Мөн энэ сэтэрт хээр гүүний төл сарт хээр гүүнээс гарсан Б.Ариунболдын цавьдар халзан шүдлэн үрээ  2011 онд Дархан суманд аман хүзүүнд, Ш.Содномцэрэнгийн алдрын мялаалга наадамд түрүү магнайд хурдлаад байна.
Гаргасан амжилтын товчоон
Улс бүсийн наадмаас нэг айраг, сум дундын наадмаас 12 түрүү, 32 айраг авчээ.
1998 онд  Улс хувьсгалын 77 жилийн ойгоор Буянт-Ухаад соёолон хонгор морь дөрөвт
1961 онд Дархан суманд соёолон хар /мана хар/ тавд
1963 онд Дархан суманд Нэгдэл хув хар соёолон /Доодамба адууны/ тавд 
1975 онд Дархан суманд хул даага тавд
1979 онд Дархан суманд хязаалан хар аман хүзүүнд  Даланжаргалан Туяа нэгдлийн ойгоор хязаалан хар тавд
1981 онд Дархан суманд соёолон улаан хээр аман хүзүү
1983 онд Дархан суманд соёолон халтар /Цэцэгмаа халтар/ гуравт
1984 онд Дархан суманд их насны халтар морь дөрөвт
1986 онд Дархан суманд их насны халтар морь /Цэцэгмаа халтар/ аман хүзүү
1987 онд  Дархан суманд их насны халтар морь /Цэцэгмаа халтар/ түрүүлсэн
                Хязаалан халзан түрүүлсэн
                Сонгуулиар соёолон хүрэн түрүүлсэн
1989 онд Дархан суманд хонгор азарга аман хүзүү
                2 сарын 9-нд цагаан сараар хүрэн морь дөрөвт
1990 онд Дархан суманд их насны халтар морь
                /Цэцэгмаа халтар/ түрүүлсэн
                Их насны хүрэн морь гуравт
                Соёолон шар хээр морь тавд
                Сар шинийн баярт Цэцэгмаа халтар морь дөрөвт
                Дархан хан уулын тахилганд Цэцэгмаа халтар морь түрүүлсэн
                Дархан хан уулын тахилганд хүрэн морь гуравт
                Сүмбэр уулын тахилганд Цэцэгмаа халтар морь түрүүлсэн
1991 онд Иххэт суманд цагаан сарын баярт хавчиг хээр морь дөрөвт
                Дархан суманд хонгор азарга гуравт
                Соёолон хонгор морь гуравт
1992 онд Баянмөнх суманд 2 сарын 4нд их насны хүрэн морь түрүүлсэн
                Их насны зээрд морь тавд
                2 сарын 12 нд үндсэн хуулийн баярт Цэцэгмаа халтар морь тавд
                Дархан суманд хонгор азарга аман хүзүү
                Их насны Цэцэгмаа халтар морь дөрөвт
1993 онд Дархан суманд Ванягийн зээрд даага түрүүлсэн
                Дэлгэрсайханы зээрд даага тавд
1996 онд Дархан суманд Ажийн хээр морь гуравт
                Уяачдын баярт шүдлэн хонгор гуравт
1997 онд Дархан суманд хязаалан хонгор морь түрүүлсэн
1998 онд Дархан суманд хээр азарга түрүүлсэн
2002 онд Дархан суманд хээр азарга түрүүлсэн
                Бор-Өндөрт ААУ Готовын алдрын мялаалганд зээрд даага түрүүлсэн
2003 онд Дархан сумын 80 жилийн ойгоор хээр азарга гуравт 
                Хязаалан хүрэн морь тавд
2004 онд Дархан суманд хээр азарга түрүүлсэн
                Их насны хонгор морь гуравт
                Дэлгэрхаан суманд Харваач овогтны ургийн баярт соёолон хүрэн морь гуравт
2007 онд Дархан суманд хязаалан хонгор гуравт
                Дархан хан уулын тахилгад хязаалан хонгор гуравт
                Бэсрэг наадамд хязаалан хонгор түрүүлсэн

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна