Аймгийн Алдарт уяач Г.Баярцогт: Манай аймгийн уралдаан аль ч талаараа сайхан болдог

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 25 -нд

Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны үйл ажиллагаа эрхэлсэн дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Гомбожавын Баярцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Үйл ажиллагаа эрхэлсэн дэд тэргүүний сонгуульт албыг хэзээнээс хашиж байгаа билээ?
-2012 оноос. Түүнээс өмнө буюу холбоо байгуулагдсан цагаас хойш тэргүүлэгчээр ажиллаж байгаа.
-Тэгвэл “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны түүхийг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд мэдэх юм байна. Өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, амжилт бүтээлийг товчхон дүгнээч?
-20 жилийн өмнө таван хүн санал нэгдээд холбоо байгуулж байсан бол өдгөө 25 хүн удирдлагын багт нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл холбооны үйл ажиллагаа энэ хэмжээгээр  өргөжсөн гэсэн үг. Түүнчлэн холбоо байгуулагдах үед Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат хоёр улсын Алдарт уяач ирээд л Эрдэнэтийн наадмын айраг, түрүүг нь авчихдаг байлаа. Харин өнөөдөр яг энэ нутагт ажиллаж амьдардаг уяачид жилдээ улс, бүсийн чанартай уралдаанаас тогтмол арваад айраг, түрүү авдаг болсон байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнгөрсөн 20 жилд уяачдын ур чадвар зөвхөн орон нутгийн түвшинд бус улс, бүсийн түвшинд хүртлээ сайжирсан. Анх холбоо байгуулагдахад 40 гаруй хүн гишүүнээр элсч байсан бол өдгөө 150 гаруй болтлоо нэмэгдэж, тухайн үед өлгийтэй байсан хүүхэд өнөөдөр аймгийн Алдарт уяач болчихсон байна. Өөрөөр хэлбэл уяачдын эгнээ жил ирэх тусам моринд дуртай залуусаар тэлж байна. Энэ нь “Эрдэнэт хүлэг” холбоо зөв бодлого баримталж, уяачдаа дэмжиж, тэднийг урамшуулан уралдах нөхцөл бололцоогоор сайн хангаж байсны үр дүн юм.
-Уралдах нөхцөл бололцоог хангахын тухайд санал нэгтэй байнаа. Морин уралдааны зохион байгуулалтанд хамгийн түрүүнд анхаарал хандуулсан газар бол танай аймаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Гарааны төхөөрөмжийг санаачлан анх хэрэгжүүлсэн газар бол манай Эрдэнэт шүү дээ. Түүний үр дүнд зөвхөн Эрдэнэтийн төдийгүй улсын хэмжээнд уралдаан, наадам будилаангүй зохион байгуулагддаг боллоо. Үүгээрээ Эрдэнэтчүүд бид бахархаж явдаг юм. Би холбооныхоо үйл ажиллагаа эрхэлсэн дэд тэргүүний сонгуульт албатай. Миний ажлын хүрээнд хамрагдах хамгийн эхний асуудал морин уралдаан. Манай аймгийн уралдаан аль ч талаараа сайхан болдог. Үүнийг нүүр бардам хэлж чадна. Холбооны тэргүүлэгчид хийгээд хамтран ажилладаг байгууллагууд маань дор бүрнээ үүрэг, хариуцлагаа ухамсарлачихсан. Жишээлбэл аливаа нэг уралдаан зохион байгуулах бол сарын өмнө зар түгээж, уяачдадаа морио бэлтгэх боломжийг олгоно. Түүний дараа тэргүүлэгчид хуралдаад баяр наадмыг зохион байгуулах комиссоо байгуулдаг. За тэгээд уралдаан болохоос нэг хоногийн өмнө морьдоо бүртгэж уяачдадаа  зааварчилгаа өгөөд , маргааш цагаа барихыг сануулдаг юм. Маргааш нь яг л товлосон цагтаа морьдоо хөдөлгөөд шүдэлгээ рүүгээ явна.  Нэг морь байсан ч хамаагүй. Эхэндээ энэ нь уяачдад хүндрэлтэй санагддаг байсан байж болох ч одоо  бүгд цагаа баримталдаг болсон. Зарим хүмүүс азаргыг шүдлэх хашаа руу оруулах ямар хэрэг байна гэдэг ч  тэнд зөвхөн шүдлэх бус  үүлдэрлэг байдлыг тогтоох, уралдаанч хүүхдийн хувцас хэрэгсэлд хяналт тавих зэрэг ажлууд давхар хийгдэж байдаг. Бид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хувцас хэрэгсэлд хоёр удаа хяналт тавьдаг. Эхнийх нь шүдэлгээний үеэр, дараагийнх нь морьд гарахаас өмнө.  Хяналтыг аймгийн хүүхэд хөгжил, гэр бүлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хүн эмнэлгийнхэн тавина. Харин уралдах морьдын үүлдэр угсаа, шүдэлгээнд Орхон аймгийн мал эмнэлэг, Онцгой байдлын албаныхан хяналт тавина. За үүний дараа тухайн насны даамал морьдоо туугаад гарааны зурхай руу хөдөлж, төхөөрөмжинд хүргэх ёстой. Төхөөрөмжийн үйл ажиллагааг  хилийн цэргийн анги, “Хангарьд”  спорт хороо, Эрдэнэт үйлдвэрийн Засвар Механикийн Заводын хамт олон хариуцан ажиллуулдаг юм. Морьд гараанаас гарсны дараа буруу талд нь телевизийн зураглаач, тайлбарлагч, хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн байгуулагынхан, харин зөв талд нь манай комиссынхон дагана. Манай аймгийн нэг онцлог бүх уралдаанаа гараанаас бариа хүртэл шууд дамжуулан тайлбартайгаар хүргэдэг. За тэгээд морь барианд орохоос гурван километрийн өмнө комиссын машинууд салж өөр замаар бариан дээр ирдэг. Өөрөөр хэлбэл үзэгчдийн өмнө  манлайлагчийн болон телевизийн машин л орж ирдэг. Аль ч газрын уралдаан дээр  мориноосоо олон машин дагалаа гэсэн шүүмжлэл гардаг бол манайх энэ асуудлаа шийдвэрлэж, хэвшүүлсэн. Үзэгчид маань ч сэтгэл хангалуун байдаг юм. Яг л саяын ярьсан жишгээр сүүлийн үеийн бүхий л уралдааныг зохион байгуулж байгаа. Холбооны бас нэг онцлог бол өнөөдөр уралдаан зохион байгуулаад дууслаа гэхэд маргааш нь юмуу нөгөөдөр нь түүнийгээ дүгнэж хэлэлцдэг. Энэ нь дараа дараагийн уралдаануудад түлхэц өгдөг юм. Сүүлийн үед уралдааны зохион байгуулалтанд залуу уяачдаа илүүтэй татан оруулж, сургаж байна. Түүнчлэн уралдаантай холбоотой хэлэх өөр нэгэн онцлог бол бид орон нутгийнхаа удирдлагуудтай нягт хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл аливаа уралдааныг зохион байгуулахдаа заавал нутгийн удирдлагад урьдчилан мэдэгдэж, албан ёсны зөвшөөрөл авсны дараа наадмаа зохион байгуулдаг.
-Эрдэнэтийн уралдаануудад олон газрын уяачид ирдэг үү?
-Аймгийнхаа баяр наадмаас өмнө холбооны зүгээс 2-3 бүсийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Энэхүү уралдаануудад Булган, Сэлэнгэ, Дархан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн уяачид ирж оролцдог.
-Морь олон мордох уу?
-Ямар ч наадмын үед нэг насанд 200-гаас доош тооны морь бараг уралдахгүй дээ. 
-Дэд тэргүүний хувьд асуух асуулт маань энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа Алдарт уяач Баярцогтын тухайд үргэлжлүүлье. 2015 ондоо хэрхэн наадав? Уяа эвтэй, морь хөнгөн сайхан наадав уу?
-Морь уяна гэдэг ганц биеэр хийх ажил биш. Миний ард сайхан хамт олон, гал уяаны найз нөхөд хамтран зүтгэгчид бий. Тэднийхээ тусламж дэмжлэгтэйгээр өнөөдөр морио уяж хурдлуулан өөрийгөө болон үзэгч түмнээ цэнгүүлж явна. Өнөө жилийн тухайд олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд унаган үрээгээ айрагдуулж, уяачийн бахархлыг мэдэрлээ. Сартай хүрэн үрээ миний бүсийн уралдаанд таван удаа айрагдсан халзан азарганы маань хоёр дахь төл нь байгаа юм.
-Унаган адуу түрүүлж, айрагдах уяачийн том бахархал гэдэг?
-Тэгэлгүй яахав. Яг тэр агшинд Бандгаа найздаа маш их баярлаж байлаа. Миний морьд ийнхүү улс, бүсийн дэвжээнээ хурдалж байдаг нь гал уяаныхантай минь холбоотой. Би 2015 оны МУ-ын шилдэг гал “Дорнын унага”-ын гишүүн. Бүр тодруулбал галын тэргүүн нь юм. Манай галын зөвлөхөөр МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг гээд миний найз ажилладаг.
-Хонин жилийн уралдаан хавраас эхэлсэн байх?
-Тэгсээн. “Дүнжингаравын хурд-2015” уралдаанд халзан азаргаа айрагдуулаад, хангайн бүсэд хязаалан, даага аман хүзүүдүүлсэн амжилтаар хонин жилээ үдэж байна даа.
-Уулзсан уяачдын нэлээд нь удам дамжсан эрхмүүд байна. Багадаа хурдан морь унаж байсан Баярцогт Алдарт мөн тэдний нэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Зөв таамаглаж манай аавын аав Дондог-Очир гэж сум орон нутагтаа сайхан наадчихдаг буурал байлаа. Би хүүхэд ахуйдаа өвөөгийнхөө уясан морийг унаж хурдлуулдаг байсан. Нэлээд хожуу өвөө маань нэг үрээ уяж би түүнийг нь унаад даага, шүдлэнд нь сумынхаа наадамд түрүүлгэсэн юм. Гэтэл хязаалан болдог хавар нь өвөө бурхан болж, би нөгөө үрээгээ хөтлөөд сумынхаа нэг настай уяач дээр очиж байлаа. Тэгээд тэр хүний морийг унангаа үрээгээ уяулаад өөрөө унаж  хоёр жил дараалан сумандаа түрүүлгэсэн. Энэ бол миний нэртэй морь түрүүлж, айрагдсан анхны наадам юм.
-Сургуулийн соёлын мөр хөөгөөд хэсэг завсарласан байх?
-Тэгсэн. ОХУ-д суралцаж төгсөөд 1987 онд Эрдэнэтэд ирсэн. Эхэн үедээ юун морь мал манатай л байлаа. Гэхдээ ямар ч байсан наадам алгасалгүй үзчихнээ. 2-3 бидон  барьчихаад айраг худалдан авч уугаад хоёр өдөр бүтэн морь үзнэ. Тэгж байгаад 1993 онд анх өөрийн нэртэй морийг мордуулсан даа.
-Хаанахын адуу байсан юм бэ?
-Аймгийн Алдарт уяач Хишгээ гэж хүнээс авч байсан юм. Эрдэнэтдээ хамгийн олон түрүүлж, адуугаа сайжруулсан хүн л дээ. Тэр хүний Мустанг хар азарганы төл хязаалан үрээг авч  соёолонд нь айрагдуулаад, түүнээс хойш Дорнод, Сүхбаатар, Завхан, Хэнтий гээд олон газраас адуу авсан. Дорнодоос гэхэд МУ-ын Алдарт уяач Цэндбаатарын адуунаас авч байлаа. Хэнтийгээс Баянхутагийн Уртын Дамдинжав гуайн адуунаас ч л авсан. За тэгээд Бандгаа Ганхуягийнхаа адуунаас авсан. Нутгаасаа Тэс угшлын адуу авсан. Энэ мэтчилэн дурдаад байвал олон доо. 
-Гадны хэд хэдэн азаргатай байх шүү?
-Бий, бий. ОХУ, АНУ-аас ч азарга авсан.
-Улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү аваад байгаа вэ?
-Улсын цолны болзолд бол хараахан хүрээгүй ээ. Зарим нэг амжилтыг нь тооцохгүй гэх юм. Учрыг нь сайн ойлгохгүй л байгаа.
-Нэгэн үе авч байлаа. Харин одоо буцаагаад гаргаж байна уу?
-Найз нөхөд, уяачдаа гээд өгсөөн өгсөн. Уяачдаа өгсөн азарга Булган, Эрдэнэтээр айрагдаж байна. МУ-ын Гарьд Жаргалсайханд өгсөн үрээ Завханд түрүүлж байгаа дуулдана лээ. Энэ хавиар найз нөхдөдөө өгсөн адуунууд Эрдэнэтээрээ айрагдаад л байх юм байна шүү дээ.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ? 
-Улс, бүсийн гэхээсээ илүүтэй миний хувьд  моринд ид дурлаж явах үеийн нэг наадам санаанаас гардаггүй юм. Аймгийн Алдарт уяач Барсболд агсан Эрдэнэтийн баяр наадмыг тайлбарлаж байхдаа “Баярцогтын хар азарга, бүдүүн Жамаагийн гадаа нам суулаа” гэж хэлсэн юм. Тухайн үед би залуу уяач, ид моринд дурлаж явсан болохоор тэр үг их хүнд туссан л даа. Түрүүлж явсан морио тэгж тайлбарлахыг сонсох яаж сайхан байхав. Тэр үед Барсболдоос асуусан “Тулгамдаад л тэгээд хэлчихлээ” гэсэн. Гэтэл үнэндээ намайг архи өгсөнгүй гээд санаатай тэгж хэлсэн юм билээ л дээ./инээв/ Би тэгэхэд морины комисст ажиллаж байсан юм. Комиссынхон ганц юм задлаад тойруулж байхад ирэхгүй юу. Тэгэхээр нь морь тайлбарлаж байгаа хүнд дэмий гээд өгүүлээгүй юм. Манай хүн болохоор татах сонирхолтой. Түүнд л гоморхоод тэгж хэлсэн юм билээ. Би дараа нь мэдсэн л дээ. Түрүүлж явсан мориныхоо тухай тийм тайлбар сонсох тухайн үедээ хүнд л байсан. Харин одоо хэзээ ч мартагдашгүй хөгжилтэй дурсамж болж дээ.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Хүнээр бол эр бие гүйцэж гар нь ганзаганд  хөл нь дөрөөнд хүрч буй “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхоо хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ерөөл өргөнө үү хэмээн хүсч байна.
- Манай Эрдэнэт бол олон газрын уяачид чуулсан эв нэгдлийн хот. Олон газрын уяачдыг нэгэн зорилгын дор  нэгтгэж, нэг хамт олон, нэг  баг болгож чадсан нь “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны үе үеийн удирдлагуудын зөв бодлого шийдвэртэй салшгүй холбоотой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Орхон аймгаас хоёр Манлай, дөрвөн улсын Алдарт, 80 гаруй аймгийн Алдарт уяачид төрөн гарсан. Цаашид ч олон уяачид улс, аймгийн цолонд хүрэх байх. Ингээд “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхоо нийт гишүүд дэмжигчид, уяачдадаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Та бүхний минь уясан хүлэг бүхэн нь хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна