МУ-ын Манлай уяач Д.Чулуунбат: Тэргүүнээр ажиллах хугацаандаа уралдааны бай шагналыг өсгөж уяач, хүүхэд хоёрын хөдөлмөрийг үнэлүүлэхэд анхаарч байсан


"Эрдэнэт хүлэг" МСУХ-ны дэд тэргүүн дарга, МУ-ын Манлай уяач Д.Чулуунбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ 20 нас хүрч байна. Танд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-Баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад монголынхоо нийт уяачдад морин спорт уяачдын холбоо үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
-Баярлалаа. Ингэхэд та чинь хэдээс хэдэн онд тэргүүнээр ажиллаж байсан билээ?
-2006 онд Орхон аймгийн уяачдын ээлжит бага хурал хуралдаж олонхийн саналаар миний бие тэргүүнээр, дэд тэргүүнээр Олзбаатар, нарийн бичгийн даргаар Энхтайван нар сонгогдож байсан юм. Тухайн үед уяачид надад итгэл хүлээлгэх болсон нь холбооны үйл ажиллагааг сайжруулж, уяачдаа идэвхжүүлэх зорилготой байсан байх. Яагаад гэхээр би тухайн үед Эрдэнэтийн уяачдаа манлайлан гарч уралдаж улс, бүсийн наадмаас айраг, түрүү хүртээд байсан л даа. Өөрөөр хэлбэл адуунд сэтгэл зүтгэлээ зориулж хөдөлмөрлөвөл үр дүнг нь амсч болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж байсан. Тэр ч утгаараа хуралд оролцсон нийт уяачид надад итгэл хүлээлгэсэн байх.
-Нээрэн тэр он жилүүдэд та сайхан наадаж байсан байх шүү?
-Орхон аймаг үүсэн байгуулагдсанаас хойшхи 20 жилийн хугацаанд Батчулууны хээр морь л улсад аман хүзүүдэн Эрдэнэтийн нэрийг гаргаад байсан бол миний Буган хүрэн хязаалан цагаасаа эхлээд Орхон аймгийн нэрийг гарган сайхан наадаж, 2006 онд гурван ч бүсийн уралдаанд айрагдсан шүү дээ.
- “Эрдэнэт хүлэг” МУСХ-ны тэргүүний албыг ихэвчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнууд хашдаг байсан. Ер нь үе үеийн таван тэргүүнээс ганц та л хувийн хэвшлийн “товарищ” байгаа юм. Тэр утгаараа тэргүүн байх хугацаандаа ачааны хүндийг үүрч байсан болов уу хэмээн таамаглаж байлаа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ би МСУХ улс төрөөс ангид байх ёстой гэж боддог байсан. Тэр ч утгаараа дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөөрөө хичээн зүтгэж 150-160 сая төгрөгийг оруулсан байдаг юм. Өнөөдөр мөнгөн дүн ярих утгагүй л дээ. Гэхдээ тэгж чин сэтгэлээсээ зүтгэж байсан гэдгээ л хэлж байгаа юм. Дөрвөн жил тэргүүнээр ажиллаад өөрөө Ганбаатар захиралд “энэ холбооны тэргүүнээр ажиллаач” гэдэг саналыг тавьсан шүү дээ. Яагаад гэвэл Орхон аймгийн морин уралдааны хөгжилд аль ч утгаараа Эрдэнэт үйлдвэрийн нөмөр нөөлөг, дэмжлэг чухал. Тэр ч утгаараа нийтийн эрх ашгийн төлөө ажлаа өгөх нь зүйтэй гэж үзсэн.
-Таныг холбооны удирдлагад ажиллаж байхад Засгийн газрын тогтоолт хэд хэдэн бүсийн уралдаан болсон шүү дээ?
-2010 оны уралдаан ч яахав Ганбаатар тэргүүнтэй удирдлагын баг маш сайн зохион байгуулсан. 2013 оны 3 сарын 9-нд манай аймагт ахиад хаврын бүсийн уралдаан болсон. Би тухайн үед тэргүүн дэд даргын албыг аваад удаагүй байсан. Орхон аймагт хаврын бүсийн уралдаан хийх тухай Засгийн газрын тогтоол 2-р сарын 27-нд гарч, тэр дагуу “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-т хандахад эдийн засгийн хувьд ямар нэг дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн. Тэгээд л уралдааны зохион байгуулалт, бай шагналын 120 сая төгрөгийн ихэнхийг өөрийнхөө компаниас гаргаж байлаа.
-МСУХ-ны санхүүг гишүүд дэмжигчид, тэргүүлэгчдийн татвараар бүрдүүлдэг. Таныг тэргүүн байх үед тэргүүлэгчдийн татвар хэдэн төгрөг байсан юм бэ?
-300 мянган төгрөг байсан. 20 хүний 300 мянган төгрөг гэдэг жилд нэг сэтгүүл гаргаж, хурлаа хийгээд хүмүүсээ хооллох л хэмжээний зардал шүү дээ. Тэр утгаараа бусад зардлыг найз, нөхдийн дэмжлэг тусламжаар бүрдүүлдэг байсан. Өнөөдөр ММСУХ 20 нас хүрч байна. Одоо энэ санхүүгийнхээ асуудлыг шийдэх өөр гарцыг олох ёстой. Тэргүүн, тэргүүлэгчийнхээ халаасыг уудалдаг энэ системээр ахиад удаан тэсэхгүй шүү.
-Санал нэг байна. Та тэргүүнээр ажиллаж байхдаа ямар асуудалд илүүтэй анхаарал хандуулдаг байсан бэ?
-Юун түрүүнд уяачдаа гарч уралдахыг уриалдаг байсан. Гэхдээ Отгонбилэг дарга Батчулууны хээр морийг авч явсан шиг уяачдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар наадамд авч явж чадаагүй. Яагаад гэхээр морь болгоны тухайн жилийн онд оролт, уяа сойлгоос эхлээд асуудал их байсан учраас нэгдсэн журмаар нэг тийш нь авч явж болоогүй юм. Гэхдээ ах бид хоёр өөрсдөө улс, бүсийн уралдаанд явж уралдан биеэр үлгэрлэж, басхүү уриалдаг байсан. Тэр ч утгаараа 2006 онд намайг тэргүүн болсноос хойш манай уяачид олноор гарч уралддаг болсон. Дараагийн анхаарал хандуулж байсан гол асуудал бол уралдааны бай шагнал. Би холбооны тэргүүний ажлыг авсан даруйдаа уралдааны бай шагналыг өсгөж уяач, хүүхэд хоёрын хөдөлмөрийг үнэлэх ёстой гэсэн бодлогыг баримталсан. Энэ хүрээндээ эхний ээлжинд бай шагналд элдэв эд зүйлс өгөхийг бүр мөсөн зогсоосон. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө өгөхийг чухалчилж аливаа уралдааны өмнө бай шагналыг ил тод зарлаад уяачдаа урьдаг болсон. Тэгээд 2006 оны төвийн бүсийн уралдааны түрүү морьдыг таван сая төгрөгөөр байлсан. Тийнхүү жишгийг өсгөсний үр дүнд 2010 оны төвийн бүсийн уралдааны түрүү морьдыг 10 сая төгрөг, уяачийг япон мотоцикль, уралдаанч хүүхдийг унадаг дугуйгаар тус тус мялаасан шүү дээ. Тэргүүнээр ажиллаж байхдаа анхаарсан гурав дахь зүйл бол уралдааны зохион байгуулалт. Тэр дундаа морьдыг гадаад байдлаар ялгадаг асуудлын эсрэг зогссон. Үүгээр далимдуулан зарим нэг нь хувийн үзэл бодлоор асуудалд хандаж болзошгүй учраас сэрвээний өндрийг харгалзаж үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, тэр дагуу сүүлийн гурван жил манай Орхон аймгийн баяр наадам ямар нэг маргаан мэтгээнгүй болж байгаа.
-Орхон аймгийн баяр наадмын зохион байгуулалтын тухайд уулзсан хүмүүс дор бүрнээ ам сайтай байна.
-Бид Монгол Улсад анх удаа гарааны төхөөрөмжийг санаачилж, морин уралдааны түүхэнд шинэ хуудсыг эхлүүлж байсан шигээ орчин цагт мөн олон зүйлийг шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл манай аймагт зохион байгуулагдаж байгаа аливаа уралдааныг гараанаас бариа хүртэл тайлбартайгаар хүлээн авч үзнэ. Наадмын талбай дээр байгаа үзэгчид дэлгэцээр, гэртээ байгаа үзэгчид телевизиэр. Ингээд гараанаас шууд дамжуулаад ирэхээр морь дагах сонирхолтой уяачид эрс цөөрдөг юм байна. Үүгээрээ бид мориноосоо илүү машин уралдаж байна гэдэг шүүмжлэлийг алга болгож чадсан.
-Та орон нутагтаа анх тойруулгын морин уралдааныг зохион байгуулж байсан. Тэр талаараа дурсамж хуваалцаач?
-Тэрхүү уралдааны тухайд холбооны тэргүүн болохоос өмнөх ажил л даа. 2002 онд өөрийн хөрөнгөөр гурван километрийн радиустай тойруулга хийж, анхны уралдаанаа найман сард зохион байгуулан 30-аад морь уралдуулж байлаа. Тухайн цаг үедээ шинэлэг арга хэмжээ байсан учраас хүмүүс их сонирхож байсан л даа. Холын зайд уралдах боломжгүй эрлийз адуу уралдах боломжтой тэрхүү уралдаанд зориулан Солонгосоос дугаартай тохмыг захиалан авчирч байлаа.
-Ах дүү хоёр Манлай уяач цолыг хүртсэн нь Орхон аймгийн төдийгүй Монголын хурдан морины түүхэнд олон давтагдаагүй амжилт. Ярилцлагаа Манлай уяач Чулуунбатын тухайд үргэлжлүүлье?
- Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ. Зургаан настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Жаргал ах маань надад зүсэлж өгсөн даагыг уяж, би унаад сумынхаа наадамд түрүүлж л байлаа. Тэрнээсээ урам зориг авч наймдугаар анги хүртлээ мориноос алхам ч холдоогүй дээ. Тэгээд ах цэрэгт явж, би сургуульд сураад морины ажил хэсэг завсарласан. Хожим 1998 онд Эрдэнэтэд ирж, 1999 онд Жагаа ах Дорнод аймгаас шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд долоогоор давхисан хул морийг өөр бас хоёр гурван морьтой авчраад уяж эхэлсэн. Нэг үе ч адуунд ёстой нэг нүүх шиг болсон шүү. Хамгийн сайхан нь ах бид хоёрын авсан морь болгон давхиж байсан.
-Та чинь нэг үе Монголын хамгийн үнэтэйг аваад шуугиулж байсан биз дээ. Тэр чинь хэдэн он билээ?
-2003 он. Тэр жил би сая Америкт морь уяж түрүүлгэдэг, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатаас Төв аймгийн 80 жилийн ойд түрүүлж, Завханы 80 жилийн ой болон Боржигоны бүсэд аман хүзүүдсэн халзан морийг нь 20,000 доллараар авч адууны үнэд дээд амжилт тогтоолоо гээд шуугиулж л байлаа. Бүр ММСУХ-ноос надад “Монголын хурдан морины үнийг сүүлийн 90 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүргэсэн” гэсэн үгтэй хүндэт өргөмжлөлийг хадгалуулсан шүү дээ. Тэр нь одоо ч надад бий.
-Тэгтлээ өндөр үнээр авсан халзан морь танд ирээд яаж давхисан юм бэ?
-Би 2003 оны намар авсан. Надад ирснээсээ хойш айрагдаагүй ээ. Хөлний жаахан асуудалтай байсан юм билээ. Гэлээ гэхдээ би тэр халзан морийг тэгж өндөр үнээр авсандаа огт харамсдаггүй. Харин ч бэлгэшээж явдаг юм. Халзан морийг авснаас хойш миний морьд улс, бүсийн чанартай наадмуудад түрүүлж айрагдаж эхэлсэн шүү дээ.
-Их морь өм нээдэг гэдэг?
-Тэр үнэн юм билээ. Буган хүрэн маань 2014 оны хаврын тэргүүн сарын шинийн найман, 15-ны уралдаануудад хол түрүүлж, өндөр бооцоот уралдаанд аман хүзүүдсэн. Дараа нь Булган аймагт болсон хаврын дунд сарын уралдаанд түрүүлж, улсын наадамд наймаар давхисан шүү дээ.
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон сайхан дурсамжит наадам байсан байх. Тэдгээрээс хамгийн эрхэм нандиныг онцлооч?
- 2005 оны “Дүнжингаравын хурд” уралдаан одоо ч миний хувьд баяр,бахдал дүүрэн санагддаг. Тэр жил би Манлай халзан /азарга/, Буган хүрэн /хавчиг/, том хул морьтойгоо очоод Манлай халзангаа аман хүзүүдүүлж, том хул морио дөрвөөр давхиулаад маргааш нь болсон уралдаанд Буган хүрэнээ түрүүлгэж байлаа. Тэндээсээ наашаа явж байгаад Борнуурын уралдаанд хул морио аман хүзүүдүүлж, Манлай халзан, Буган хүрэн хоёрыгоо түрүүлгэсэн. Эрдэнэтэд ирээд гурвууланг нь түрүүлгэж, бас нэг азарга гурваар давхиулж, бас нэг их их морь гурваар бил үү дөрвөөр давхиулан хэдхэн хоногийн зайтай гурван аймгийн уралдаанаас 17 медаль хүртчихээд “би чинь үнэхээр мундаг хурдан морьтой болжээ” гээд хөөрч л байсан удаатай.
-Бахархахгүй байхын аргагүй юм л даа?
-Морь онцгой хурдалдаг үе байдаг юм шүү. Баярмагнай гуай “хамгийн дээд тал нь найман жил завсаргүй морь айрагдуулсан хүн байдаг юм” гэж ярьж байсан. Тэгээд би тоолоод үзсэн яг найман жил завсаргүй морь айрагдуулсан байна лээ. Аливаа юм ээлжтэй.Олон аавын хийморилог хүүхдүүд наадаж байгаа юм чинь өгөө аваатай байлгүй болохгүй л дээ. Тэгээд ч бас дандаа адуу гээд яваад байж бас болохгүй байна. Ажил, амьдрал бизнес гээд анхаарал хандуулах ёстой зүйлүүд олон байна шүү дээ. Тэгж бодоод сүүлийн дөрвөн жил ийш тийшээ гарч наадсангүй. Орхон аймгийнхаа морины комиссыг ахлаад л орон нутгаасаа ганц нэг айраг, түрүү аваад л явж байна.
-Манлайн унаган адуунууд урам нэмэн хурдалж байгаа сурагтай байна лээ. Энэ хавиар ер нь нэлээд тарсан даг шүү?
-Хамгийн бахархалтай нь хүнд өгсөн болгон маань хурдалж байгаа. Манай энүүгээр айрагдаагүй адуу бараг байхгүй дээ. Хоёр жилийн өмнө нэг тоолж үзсэн гуч гаруй адуу хүмүүст өгч, тэдгээр нь очсон газар болгондоо түрүүлж, айрагдсан байна лээ. Жишээлбэл Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн Хорлоогийн бор морь миний унаган адуу. Булганы бүсийн уралдаанд аман хүзүүдсэн цавьдар азарга миний унаган адуу. 2013 оны хаврын бүсийн уралдаанд түрүүлж ирээд хасагдсан шарга азарга, таваар ирээд хасагдсан цавьдар азарга хоёул манай унаган адуу. Холбооны ажлын албаны дарга Энхтөрийн хонгор азарга, Баясгалангийн Баавгай хүрэн гээд дурдаад байвал олон доо. Миний Буган хүрэнгийн эр төл болгон нь хурдалдаг юм.
-Хүү тань моринд нэлээд сонирхолтой бололтой?
-Тиймээ. Би дөрвөн хүүтэй. Батжаргал миний том хүү байгаа юм. Би ч одоохондоо дэмий гээд хориод байгаа. Дуртай болохоор үг авахгүй л байна.
-Дургүйлхээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Залуу хүнд хийх зүйл их байна шүү дээ. Ажил, бизнес гээд... Гэхдээ морьд нь сайн давхиад байхаар юм хэлэхээ байсаан.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа 20 жилийн ойн мэндчилгээгээр өндөрлье?
- Уяачид гэдэг бол олон зуун жилийн түүхт өв соёлоо тээн хойч үедээ өвлүүлж буй хүмүүс. Энэ залгамж халаа үеийн үед, үрийн үрд уламжлагдах учиртай. Тиймээс Монгол хүн болгон морио хайрлаж, морь уях эрдэмдээ сэтгэл гарган суралцахыг уриалж байна. Та бүхний уясан хүлэг болгон хурдалж, унасан хүүхэд болгон нь цовоо сэргэлэн, эрүүл энх байж, Монгол эр хүн бүрийн хийморь өөдөө байхыг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн тусгай дугаар





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 13:58 минут Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
Мягмар, 13:50 минут Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
Даваа, 18:26 минут АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
Даваа, 10:53 минут Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна