Айлаа хэмээх Алдарт уяачийн тухайд...

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 22 -нд

Ажил үйлс, амжилт бүтээлээрээ нэршигдэж нутгийн олны хүндлэлийг хүлээсэн нэгэн бол Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач агсан Дагвын Доржпалам  юм. Тэрээр эрхэлдэг ажлаараа “Хоршооны”, сонирхдог зүйлээрээ “анчин”, гаршиж гайхагдах авьяасаараа “уяач” хэмээх олон сайхан тодотгол нэр зүүсэн гавьяатан билээ.
Д.Доржпалам 1947-1957 оны их гэгээрлийн үе, бүхнээр бичигтэн болгох аяны жилүүдэд сурч, сургаж явсан нэгэн агаад тоо бодлого, тооцооны ухаанаар оюунаа тэлж чадсаны учир хоршоонд түүхий эдийн эрхлэгчийн хариуцлагатай чимхлүүр ажилд тохоогджээ. Улмаар ажилдаа мэргэшээд, эрхэлсэн ажил, хичээл зүтгэлийн хүчээр “хоршооны” хэмээн олноо нэрлэгдсэн юм.
Д.Доржпалам энгүй, халаагүй их ажлын хажуугаар ан хийж, хээр хөдөөгийн эрэмгий амьтан “боохойн” асар тэвчээр, чамгүй ухаан, нэгнээ хамгаалан тэтгэх туйлбарт зангий нь таньж мэдсэн бас ч адал явдалт анчин билээ. Д.Доржпаламын  өөр нэгэн авьяас нь хүлгийн сайныг таних агаад, морь уяж хурдлуулахдаа  гаргуун байжээ. Зуны улиралд сумын төвийнхөн /хуучин төвд/ их голын урд талбайд зусланд гардаг бол Д.Доржпалам шалтай буудалд, эсвэл Хавчмийн хадан хясааны ёроолд бууж морь уядаг байв.
Голын өмнө уулын арын мөнх цэвдэгтэй хатуу хөрснөөс зайлж морь улдаахгүй зөөлөн хөрстэй газар сонгож буй нь тэр юм. Д.Доржпалам олон жил морь уяж олон сайхан хүлэг айраг, түрүүнд давхиулж байсны дотроос дааган цагаас түрүүлсэн шар халтар, улаан, цагаан зэрэг морьд олонд танил болж нэрд гарсан юм. Морины уяа сайн тохируулдаг, морь сайн таньдаг учир наадам дөхөөд ирэхээр тэднийхийг бараадах хүн цөөнгүй, уяа шузга нь ч сайхан хүлгүүдээр дүүрдэг байв.
Сундуйн бөгтөр хээр, Дэдээгийн Боохойн бор хээр, нэгдлийн хээр хурдална гэж заан шинжсэн олон морь уралдааны морьдын манлайд ирж наадамч олноо баясган Доржпаламын уяачийн эрдэм ухааныг олонд таниулсан билээ.  Д.Доржпаламын морь таних хурдлуулах эрдмийг үнэлж “Улсын Алдарт уяач” цолыг 1999 онд олгосон билээ.
Айлаа гуай
/Нэрт уяач Доржпалам агсны гэгээн дурсгалд зориулав/
Унаган нутгийнхан минь
Айлаа, Айлаа гэж дуудна
Уугуул нэрийг нь зөвхөн
Албан бичигт л бичнэ
Ийм л нэгэн өвгөн
Манай нутагт байсан юм
Эргээд түүнийг дурсахад
Сонин хүн байсан юм
Уяа дүүрэн хурдан морьд
Сүүл цацлан үүрсэн
Хаяа дүүрэн хурдан ноход
Шөнө боргож хононо
Намхан бор өвгөн
Энэ бүхэндээ жаргалтай
Номхон зөөлөн харцандаа
Эрхлүүлж тэднийгээ наадуулна    Д.Даваадорж, 1999 он Шүлгийн хэсгээс
"Тод магнай" сэтгүүд Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна