Аймгийн Алдарт уяач Б.Амарбаясгалан: Халзан морио улсад айрагдахад харж чадахгүй байсан

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 21 -нд

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа, аймгийн Алдарт уяач Б.Амарбаясгалантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт хүрэн халзан морины эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. 2015 он аз хиймориор дүүрэн байв уу?
-Хүүхэд, морь мэнд сайхан наадлаа. Улсын наадамд таван насны морь мордуулж, арав гаргаад давхиулсан. Өнөө жилийн хувьд гантай, шуургатай байсан болохоор тав зургаан ч удаа нүүсэн. Хамгийн сүүлд Тавантолгойн цэргийн орчим буухдаа адуунуудаа ханиад хүргэчихээд улсын наадамд олигтой сайн давхиулж чадаагүй ээ. Харин наадмын ар дээр Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд хүрэн халзан үрээ аман хүзүүдүүлж, соёолонгоо долоогоор давхиулан сайхан наадсаан. Өнөө жилийн баяр наадмууд бүгдээрээ сайхан болсон ч хангайн бүсийн наадам хамгийн сайхан нь байлаа.
-Хангайн бүсийн тухайд уяачид сэтгэл хангалуун байна лээ. Халзан морь 2013 оноос хойш хэрхэн наадсан юм бэ?
-Тэр жил 14-тэй морь улсын наадамд айрагдсан шүү дээ. Нас өндөр болохоор нь өрөвдөөд байх юмаа. Өнгөрсөн жил улсад мордуулаад тарган байхаар нь буцаагаад татуулчихсан.
-Өнөө жил 16-тай гэсэн үг үү?
-Тийм, миний халзан морь чинь 2009 оны Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. 2010 онд Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд таваар давхисан. 2013 онд улсын наадамд тавлаад, шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд очиж дөрвөөр давхиад, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн наадамд арваар давхисан. Өнөө жил 16 настай морь уралдуулахгүй байя гэсэн уяан дээр ирчихээд өөрийгөө сойгоод байх юм. Уг нь онд сайхан орсон л доо. Олон жил уягдсан морь өөрийгөө сойдог тухай ном зохиол, кинон дээрээс л харж байсан. Гэтэл амьдрал дээр тохиолддог л юм байна. Манай халзан морь чинь алим, банан, киви гээд жимсний үлдэгдэл идээд сурчихсан. Чихэрлэг зүйлд их дуртай адуу байгаа юм. Хүн дөхөхөөр л гарыг нь дагуулж хараад өрөвдөлтэй шүү дээ. Хааяа нэг зайрмаг аваачиж өгөөд нэг хазуулахад араас дагаад л нударна. /инээв/ Манай гэр бүлийн хүн моринд их хайртай. Чацаргана авчирч 20 литрийн тогоонд хийгээд өгөхөд цэмбийтэл нь ууна шүү дээ.
-Хурдан морины зодог тайлах ёслолыг  хийх болж. Та хүрэн халзан мориныхоо тухайд тийм зүйл хийсэн үү?
-Хараахан хийж амжаагүй байна. Гэхдээ санаа бол бий. Ирэх хавар төрсөн нутаг Булган аймгийн Сэлэнгэ суманд нь зодог тайлах ёслолыг хийж, сэтэрлэнэ гэж бодож байгаа.
-Хэнмэдэх Тод манлайн хар морь 20 гартлаа уралдсан. Тэр жишгээр бол халзан моринд боломж байгаа юм биш үү?
-Би нэг том алдаа хийчихсэн юмаа. 2013 онд “Их хурд”-ын дараа Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсэд аваачиж уралдуулаад хөлийг нь эвгүйтүүлчихсэн. Ихбаяр дэмий гээд байхад би хор нь гараагүй уяач зүтгэсээр байгаад тавьчихгүй юу. Дөрөв, тав дээр явж байгаад хөтлийн наадах судаг дээр хий гишгээд зурааны махаа тасалчихсан. Тэр нь ер эдгэхгүй юм. Тэгж гэмтсэн хэр нь арваар давхисан ш дээ, хөөрхий. Хүний шунал гэж дийлдэхгүй юм даа.
-2013 онд ч онцгой сайхан наадсан л даа?
-Тэгэлгүй яахав. Төвийн бүсэд л уралдуулахгүй байх байсан байна лээ. Халзан морь маань тэнд арваар давхиад улсад зургаагаар орж ирээд долоод баригддаг халзан соёолон маань дөрвөлсөн шүү дээ.
-Сайн хүлэгтэй ерөөлөөр учирдаг гэлцдэг. Хүрэн халзан морь таных болсон түүхээс хуучлаач?
-Олон хүн авъя гэсэн юм билээ. Манай эндхийн /Эрдэнэтийн/  үнэт эдлэлийн ченж залуу бүр мөнгийг нь хүртэл  шилжүүлчихсэн байсан  гэдэг юм. Хүрэн халзан морь Амгалан гэж хүний адуу гэдгийг та бүхэн мэдэх байх. Амгалан манай эндхийн Хишигхүү гэдэг залуугаар  халзан морио уяулдаг байсан юм. Тэгсэн Хишигхүүгийн эхнэр лүү нь  дээр хэлсэн ченж залуу мөнгөө шилжүүлээд, “хүнд битгий өгөөрэй” гэж. Яг тэр үеэр Амгалан морио авах гэж ирээд хонио хариулж байсан Хишигхүүтэй бэлчээр дээр нь таарахгүй юу. Тэгээд нөгөө хоёр чинь архи уугаад тасарцгаачихаж. Тэр хооронд нь Хишигхүүгийн хүүхдийнх нь бие муудаад эхнэр нь түргэнээр аваад явчихсан юм билээ. Ингээд л халзан морийг хүн авъя гээд мөнгийг нь шилжүүлсэн гэдгийг дуулгаж амжаагүй байтал Амгалан ах аваад явчихгүй юу. Энэ мэтчилэн авъя гэсэн хүмүүсээс ямар нэг байдлаар зөрөөд л байсан юм билээ. Би одоо эзэнд нь хэлдэг юм “Хэрвээ надаас өөр хүн энэ хүрэн морийг авсан бол энэ хавиараа л уралдана. Над шиг тэгж зориглож улсын наадамд авч явахгүй байсан” гэж.
-Магадгүй л юм. Ингэхэд та халзан морины тухай хэнээс мэдсэн юм бэ?
-Цэрэндондов гээд найз маань надад хэлсэн юм. Удалгүй Булганд болсон хаврын бооцоот уралдаанд ирсэн гэхээр нь очиж харлаа. Халзан морь түрүүлж байна. Уралдааны дараа эзэнтэй нь очиж уулзаад өөрийн бодлоо хэлсэн чинь юм дуугарсангүй, утасны дугаараа солилцоод л өнгөрлөө. Жилийн дараа, хавар нь Амгалан ах өөрөө залгаад “хаврын дунд сарын шинийн 15-нд ирж морио аваарай” гэсэн. Яг тухайн үед надад бэлэн мөнгө байдаггүй. Тэгэхээр нь хэллээ дээ. “Ахаа надад тийм их мөнгө, байхгүй ээ л” гэлээ.
-Хэд гэсэн юм?
-Есөн сая. Би хот хоорондын тээврийн бизнес эрхэлдэг юм. Тэгсэн нэг автобус оноороо хасагдаад, нөгөөхийг чинь Дарханы нэг залуу найм  саяар авъя гээд залгадаг юм. Дуун дээр нь зарчихалгүй яахав. Сая төгрөг дутчихаад байсан ах ярьж байнаа. Тэгэхээр нь хэллээ дээ. Тэгсэн “сэтгэлээрээ л бол. Хэлсэн хугацаанд адуугаа ирж аваарай” гэж хэлээд утсаа тавьчихлаа. 250,000-аар портер хөлслөөд, эхнэр хүүхдэд нь чихэр жимс, өөрт нь архи  дарс, хадаг яндар аваад л гараад туучихлаа. Өглөө эртээ яваад очсон чинь сайхан үхрийн мах чаначихаад хүлээж сууна. Би ч оронгуутаа л мөнгөө хадагтай бурхан дээр нь аваачаад тавьчихлаа. Ах мөнгө төгрөг рүү харах ч үгүй байна. Нэлээд ярьж суулаа. Тэгсэн хамт явсан залуу маань сайн цагтаа морио аваад хөдөлье гээд яаруулаад байдаг. Халзан морийг өвөлжөөн дотроо оруулж ирээд уячихаж. Ачих гэсэн дээр нь нэг муур байж байна. Би ч цээрлээд цохих гэсэн Амгалан ах “болохгүй, болохгүй. Наадах чинь эзнээ хайж яваа юм байна. Манайх авлаа” гээд авчихдаг юм. Одоо хэр нь тэднийд байгаа гэнэ лээ. Тэгээд эргэж гэрт нь ороод Амгалан ахаар учрыг нь яриулсан чинь “муур чинь бурхны амьтан. Мянган зулан дээгүүр дальдруулалгүй гарч чаддаг амьтан” гэнээ.
-Тэр олон хүн санал тавьж, зарим нь бүр мөнгийг нь шилжүүлчихээд байхад танд өгөх гэж зорьсоноо тайлбарласан уу?
-Хор нь гараагүй баячуудтай наймаа хийхгүй гэж бодсон л гэдэг юм. Авчраад арав гаруй хоносны дараа Хишиг-Өндөрт нэг уралдаан болж, Хэнмэдэх, Алтангадас гээд олон том уяачид ирлээ. Би цавьдар азарга, хүрэн морь хоёроо аваад оччихсон. Айлын гадаа морьдоо уячихсан байтал уралдахынх нь урьд орой байшингийн дээвэр дээрээс нэг муур  бууж ирээд халзан морины дэргэд ирснээ буцаад явчихлаа. Хүмүүс ч хөөх гээд байхаар нь би жаахан хараадахъя гээд болиулчихсан юм. Тэгсэн нэг юм зууж ирээд халзан морины дөрвөн хөлний голд тавьчихлаа. Ахиж яваад ахиад нэг юм зууж ирээд тавьчихлаа. Ингэсээр дөрвөн юм авчраад тавьчих юм, харсан зулзага нь байна. Жаахан байлгаж байснаа буцаагаад зөөх юм. Тэгснээ цавьдар азарганы хажууд очоод нэг зулзагаа тавьж, жаахан байлгаж байгаад  аваад явчихлаа. Тэгэхээр нь би уяачдаа “Маргааш халзан морь найдвартай түрүүлэх юм байна. Цавьдар азарга ч айрагдана” гэлээ. Нээрэн маргааш нь халзан морь түрүүлж, Хэнмэдэх Тод манлайн хар морь таваар давхиад халзан азарга нь түрүүлж, миний цавьдар азарга тавласан.  Халзан морины амжилт ингэж л эхэлсэн юм байгаа юм. Тэрнээс хойш надад олон түрүү авч өгсөөн.
-Ингэхэд та хэдэн онд авсан юм бэ?
-2009 онд. Дараа жил нь миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн 70 жил болж, тэнд баруун бүсийн наадам болсон юм. Тийшээ халзан морио аваад очлоо. Уралдахынх нь урьд орой манай найз аймгийн Алдарт уяач Мөнхбат “тахалчихъя аа дөрөвхөн хадаад л болчихдог юм” гэхээр нь би хурдан амьтны хөл гараар хамаагүй оролдож болохгүй байх гээд дэмжээгүй. Тэгсэн маргааш нь улсад түрүүлдэг Балдандоржийн хонгор, Мөнхбатын Онгуу халтар, миний хүрэн халзан морь гурвуулаа гараад тасарчихаар нь “энэ чигээрээ явж байгаад айрагдчих юм байна” гэж бодсон. Мандалын дөрвөлж гэдэг дээр гарч ирээд миний халзан морь доголчихсон. Ирэхээр нь үзсэн том чулуу ороод цус нь гоожчихсон байсан. Зам мэддэг нутгийн хүмүүс уралдахынх нь урьд орой хужаа пакришкагаар тахлаад байсан нь тийм учиртай юм билээ л дээ. Уг нь тэр жил их хурдан байсан юм.
-2011 онд яаж наадсан бэ?
-Тэр жил нэг их сайн давхиагүй ээ. Гэхдээ улсад явтлаа энэ хавиараа их олон түрүүлж, айрагдсан. Медалийн тоог алдсан шүү дээ. /инээв/
-2013 онд улсад явж уралдах шийдвэрийг хэрхэн гаргасан юм бэ?
-2013 оны хавар Эрдэнэтэд хаврын бүсийн уралдаан болж, хотоос ирсэн уяачид манай хашаанд буудаг юм. Уралдааны дараа дүүтэйгээ хамт хот руу явж байгаад ядраад байхаар нь замд байдаг Цайдам гээд цайны газарт үлдчихлээ. Автобус ирэхээр суучихъя гэж бодоод сууж байсан Ихбаяр, аавтайгаа хүрээд ирдэг юм. Тэдний машинд суугаад явж байсан нөгөө хоёр замдаа “энд ганц л хурдан морь  байна. Сая тэгэхдээ олигтой давхисангүй, 100 гарч ирлээ. Миний ганц уяж чадах морь тэр л байна” гээд ярилцах юм. Баруунхараа хүртэл нөгөө хоёр чинь яриад л явна. Тэгэхээр нь дотроо бодлоо. Тэр нь хэний адуу юм бол, авчихсан юм” гээд л . Тэссэнгүй асуучихлаа. Тэгсэн “танай хашаанд байсан тэр хүрэн халзан морь.Үнэхээр хурдан адуу юм. Даанч уяж чаддаггүй юм байна” гэдэг байгаа. “Миний морь ш дээ” гэсэн “тийм үү хавар аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд л хавар нь аваад очсон доо. Наадмын өмнөх сунгаануудад эхэндээ жаахан хойхнуур л давхиад байсан. Тэгж байгаад их сунгаан дээр Бат-Эрдэнийн хүрэн, Энхтайваны хонгор халзан хоёрыг дийлээд түрүүлчихсэн. Тэр жил улсад долоолдог халзан үрээ маань бас сунгаан дээр л цойлоод гараад ирсэн шүү дээ. Ихбаяр халзан морь  бол айрагдана, харин энэ халтар азарга чинь их аятайхан байна шүү гээд байсан юм.
-Таны азарга юмуу?
-Тийм. Улс халзантай уралдах азарга шүү гээд байсан  чинь зургаанд ханиад хүрчихсэн. Тэр жил чинь айхтар ханиадтай байсан шүү дээ. Би зургаанд нь Говь-Алтайн Чандмань руу могой өвс захичихсан байсан. Загархуу хэлбэртэй хатуу ургамал байдаг юм. Тэрүүгээр утсан маланд хангай хүртэл хүрдэггүй гэдэг юм. Долоонд цанын бааз дээрээс тосч аваад тэр шөнөдөө халзан морио ганцааранг нь утчихсан. Тэгсэн халзан морь ганцаараа ханиад хүрээгүй ш дээ.
-Азаргаа утчихсан бол гэж бодогдох уу?
-Би яг үнэндээ азаргаа нэг их ойшоохгүй байсан юмаа. Халзан мориндоо л найдлага тавьчихаад тордоод байсан нь тэр. Халзан үрээгээ ч гэсэн тордчихсон байсан бол айрагдчих л байсан байх гэж дараа нь бодогддог юм билээ.Халзан морь айрагдах нь тодорхой гээд Ихбаяр намайг “дээлээ бэлтгэ” гэсэн юм. Би тэр дагуу нь дээлээ бэлтгэсэн.
-Төрийн наадмын хишиг хүртэх яг тэр агшинд юу бодогддог юм бэ?
-Би харж чадаагүй. Айрагдчихаад байхад ч гэсэн нулимс бүрхээд харж чадахгүй л байсан. Үндэсний телевизэд ярилцлага өгчихөөд буцаж явахдаа л арай гэж тайвширсан даа. Бас л их огшдог юм билээ шүү.
-Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдааны талаар ярихгүй өнгөрч болохгүй байх.
-Уралдахынх нь урьд орой Махвалын хүрэн, Энхтайваны хонгор халзан, миний хүрэн халзан гурвын хоолны хорыг авчихаад байж байсан Ихбаяр “за ахаа маргааш хоёр халзантай бол морь уралдахгүй ээ” л гэж байсан. Тэр ч ёсоор нь болж нэг уяаны хоёр морь дахиад айрагдсан даа. Миний хувьд “Их хурд”-д айрагдана гэж яг үнэндээ найдахгүй байсан. Яагаад гэхээр морь тавиач маань хамгийн түрүүнд хөтөлж гарч ирээд өлийний нүхэнд бүдрээд уначихсан. Өлийний нүх чинь доогуураа гэрийн буурин чинээ том байдаг юм билээ ш дээ. Нөгөөх нь цөмрөөд  гаргаач маань мориндоо дарагдаад уначихдаг юм. Нөгөө залуугаа сэргээж, эмнэлгийн тусламж үзүүлэх гэсээр нэлээд удсан л даа. Тэгээд хүнээ гайгүй болохоор хөдөлсөн чинь Ихбаяр “хонгор халзан, Ерөөлтийн халзантай урагшаа гараад явчихсан байгаа” гэсэн. Нээрэн л нөгөө хоёр км шахуу тасарчихсан өнгөнд явж байсан. Газар дундаа  ороод ирэхийн алдад тоолсон чинь хүрэн халзан морь 45, Дугараагийн хүрэн морь 48 дээр  явж байсан. 48 дээр гээд хэлтэл л ус урсаж байгаа юм шиг туучаад явчихсан. Ихбаяр хараад л яваад байна. Тэгэхээр нь хэллээ дээ. “Ихээ би нэг орилоодох уу” гээд. Тэгсэн дуугүй тамхиа татаад сууж бай л гэнэ. Ард нь Энхтайван бид хоёр яваа. Тэгж байснаа “газар нь ойртчихлоо. Тэгээгүй бол хүрэн халзан морь түрүүлэх нь. Хонгор халзан морь жаахан суух гээд байна” гэж хэлээд  дэргэд нь очиж даруулсан. Тэгээд эргээд харсан хүрэн халзан морь тарлаад л орж ирж байгаа юм чинь. Үнэхээр гайхалтай. Бүх морьд шогшиж байхад ганцхан хүрэн халзан морь л тарлаад орж ирсэн ш дээ.  Дараа нь би Ихбаяраас “яагаад хүрэн халзан морь түрүүлэх байж” гэж хэлсэн юм бэ гээд асуусан л даа. Тэгсэн “би танд зааж өгнөө” гэсэн. Төвийн бүсэд уралдах соёолонгуудыг сунгах гээд тууж явсан “Амраа ахаа та халзан үрээгээ хар даа. Одоо ямар ч ажил хэрэггүй. Энд хол түрүүлнэ. Төвийн бүсэд бол бат айрагдана” гэсэн. Бид морио харахдаа хүүхэд рүүгээ л хараад байдаг бол мундагууд чинь тэгдэггүй юм байна. Доогуур нь хардаг юм байна ш дээ. Уяа нь орсон морины тоос тэрүүхэндээ гарсан болоод сарнидаг. Яагаад гэхээр туурай бус хумсан дээрээ явдаг юм байна. Тэгэхээр тоос нь тийм бага гардаг. Хүрэн халзан морь “Их хурд” дээр яг ийм болчихсон байсан юмаа гэсэн. Бас л айхтар шүү, манай Ихээ. Тэгээд л би Ихээгээ шүтсэн юм байгаа юм.
-Ихбаяр их тоогоод байсан гэсэн тэр халтар азарга хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Дашбалбар сумын адуу. Би шүдлэн үрээ авч, нийлсэн хойно нь уясан юм. Энэ хавиараа олон түрүүлж, айрагдсаан. Даанч энд тэнд очихоор эрлийз гээд хасчихаад байдаг болохоор одоо уралдуулахаа байсан. Төлийг нь аваад л байж байна.
-Амжилт гаргасан нь халзан адуунууд байна уу? Аль эсвэл та халзан адууг илүүтэй таашаадаг юм уу?
-Ер нь халзан адуу надад ээлтэй байдаг юм шүү. Манай ээжийн өвөө Өвгөн гэж 500 гаруй хүрэн халзан адуутай хүн байсан юм билээ. Тэр хүн жилд нэг халзан морь барьж өвөлжин чөдөрлөж унаж байгаад зун нь түрүүлгэчихдэг. Дараа жил нь дахиад өөр халзан морь барьж унаад дахиад түрүүлгэдэг. Жил болгон өөр өөр морь унаж байгаад л түрүүлгэдэг байсан юм билээ. Одоо тэгээд лам, бөөд үзүүлэхээр “хүрэн халзан морины шүтээнтэй хүмүүс байна. Нутгийн овоогоо тахь” гэдэг юм.
Сая ММСУХ-ны 20 жилийн ойд таваар давхисан Махвалын хүрэн халзан соёолон миний халтар азарганы төл байгаа юм. Эх нь Алмас халзан гээд хүрэн халзан гүү байдаг юм. Дааганд нь би найздаа бэлэглэж байсан. Унаган адуу түрүүлж, айрагдах сайхан л юм билээ. Гадагшаа гаргасан ганц нэг даага энд тэнд түрүүлж, айрагдлаа л гэж дуулдах юм. Говь-Алтай руу нэлээд олон адуу өгсөн шүү.
-Ингэхэд хэзээнээс уяачийн эрдэмд шамдах болсон юм бэ?
-Багын л моринд дуртай хүүхэд байсан. Би чинь сургуульд ортлоо Бигэрт байж байгаад, Баян-Уул суманд шилжиж ирсэн хүн шүү дээ. Баян-Уул аймагтаа хурдаараа илүүрхэнэ. Наймдугаар анги хамт төгссөн хүүхдүүдээс арав нь аймгийн Алдарт уяач болчихсон байна гэхээр ойлгогдож байгаа биз дээ. Биднийг багад агтны адуунаас арван даага сургавал нэг даага өгдөг байсан юм. Би тэгж даага авч л байлаа. Бас хүний морь унана. Товчхондоо бол адуунд дуртай хүүхэд байсан. Тэгж байгаад 1996 онд Завхан аймгийн Шилүүстэй сумаас дурласаар байгаад нэг бор соёолон 800,000 төгрөгөөр авахаар боллоо. Тэр үед нэг уралдаан болж таараад Мөнхбат найз маань Хулгар халтартайгаа оччихсон. Би нөгөө үрээгээ найздаа харууллаа. Тойроод хараад л байгаа хэр нь юм дуугардаггүй. Майхандаа ирлээ. Юм хэлдэггүй. Тэгэхээр нь би энэ үрээг аваад чамаар л уяулна даа гэсэн. За яахав авах гээд байгаа бол ав, ав. Гэхдээ чи эзэнд нь  “эрүү дутуутай их иддэг адуу байна. Хүнээр бол 3-4 жил жирийн дэглэмтэй шоронд яваад ирсэн юм байна” гээд хэлчихээрэй гэж байна. Би ч очоод морио авахдаа нөгөөхийг нь нэг их мэддэг болоод л хэлчихлээ. Тэгсэн эзэн нь толгой сэгсрээд “танай найз чинь ямар айхтар хүн бэ очиж уулзъя” гэж байна. Тэгсэн тэр залуу ганцхан тэр бор үрээтэй. Дааганаас нь эхлээд гэрийнхээ бүслүүрээс салгаагүй. Архи ууж унаж яваад уралдуулчихдаг. Хонио хариулж байгаад сүүлийг нь боогоод  тавихад айрагдчихдаг байсан юм байна. Манай найзтай ирээд уулзахад “энэ морийг уралдуулах бол 3-4 жил засна. Тэрнээс өмнө уралдуулахгүй” гэсэн. Нээрэн л тэрнээс хойш уралдуулалгүй байж байгаад  1999 онд хотод  явж байсан араас залгаад “одоо л морины чинь хурд орж байна. Маргааш холхон түрүүлэх байхаа” гэсэн. Тэгсэн харин хүүхдээ булгиж унагаагаад өөрөө хогон дунд байсан төмөр утсанд хойд хөлийнхөө сагагийг тасалчихсан байсан. Тэгээд л уралдах боломжгүй болсон доо. Би бор, хээр зүсмийн адуу авч л байсан, давхидаггүй юм билээ.
-Уяа морьдоо хоёр хувааж байна уу?
-Тиймээ, нэг хэсэг нь эндээ, нөгөө хэсэг нь хотод “Хүй мандал” гал дээрээ. Эрдэнэтэд байдаг Говь-Алтайн уяачид нэгдээд “Засагт ханы хурд” гал байгуулсан. Би гишүүн нь. Энд байдаг морьд маань Эрдэнэтдээ сайхан л наадчихдаг юм. Одоогоор аймгийнхаа баяр наадмаас 4-5 айраг түрүү аваад байгаа.
-Хүүхдүүд гэр бүлийнхэн моринд дуртай юу?
-Би хоёр хүүтэй. Хоёулаа л моринд дуртай. Зундаа Ихээд загнуулаад л адуун дээрээ байж байдаг. Мөн долоон настай миний халзан морийг унахаар Говь-Алтай аймгийн Хөх морьт сумаас ирж байсан залуу одоо Ихээд шавь ороод дөрвөн жил болж байна. Би тэр дүүдээ “чи өөрөө  л хичээвэл хоёр их сургууль төгссөнөөс илүү зүйл сурна шүү” гэж хэлдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь хурдан байж улсын цолонд хүрээрэй.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна