“Тод магнай” Монгол Улсын ТОП таван сэтгүүлийн нэгээр шалгарлаа

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 11 -нд

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Grandexpo-2015” санал асуулгын нэгдсэн дүнгээр  Морьтон монголчуудын мөнхийн омогшил хурдан морь сонирхогчдын сар тутмын чөлөөт сэтгүүл “Тод магнай”  Монгол Улсын  ТОП таван сэтгүүлийн нэгээр шалгарч, салбартаа төдийгүй улсдаа шилдэг гэдгээ баталлаа.
Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой тус сэтгүүл 2009 онд анхны дугаараа уншигч олныхоо хүртээл болгож байснаас хойш өдгөө 70 дугаар гаргаад буй юм.
Морин уралдаан, уяачид, уралдаанч хүүхэд, цуут хурдан хүлгүүдийн амжилт, алдрын товчоон хийгээд монгол ахуй соёл, ёс заншил, угсаатны зүйн талаарх  цогц мэдээллийг уншигч олондоо хүргэдэг “Тод магнай” сэтгүүл 2012 оноос мэдээллийн хурдаа нэмэгдүүлэн, өдөр тутмын мэдээ мэдээллийн www.todmagnai.mn  сайтыг нээн ажиллуулж, уяачид, тэдний хурц хүлгүүдийг цахим хэлбэрээр бүртгэлжүүлж ирсэн билээ. Түүнчлэн орон нутгийн уяачид, тэдний удамт хурдан хүлгүүд, авхаалжит бяцхан уралдаанчдыг алдаршуулж, цахим архив үүсгэх зорилгоор  2012 оноос эхлэн орон нутгийн тусгай дугааруудыг бэлтгэн олны хүртээл болгож буй. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд 4000-гаад уяачидтай уулзаж, ярилцан арав гаруй аймгийн тусгай дугаарыг бэлтгэн гаргажээ. Орон нутгийн энэхүү төслийн төгсгөлд “Монгол уяачийн түүхэн товчоон” хэмээх 21 аймаг, 315 сумдын уяачид, бэсрэг угшлууд, хурдан хүлгүүдийн тухай  түүхэн номыг гаргахаар зэхэж буйг дуулгахад таатай байна.
Ийнхүү богино хугацаандаа ихийг амжуулсан нь биднийг сонгон,  бидэнтэй хамт байсан эрхэм уншигч та бүхний минь дэмжлэгтэй салшгүй холбоотой байсан гэдгийг хэлэхдээ таатай байна.
Эрхэм уншигч та бүхний минь ажил үйлс гэгээн, амьдрал ахуй өөдрөг байх болтугай.

Grandexpo-2015 наадмын дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл http://mnb.mn/i/71489 линкээр дарж үзнэ үү.
Б.Эрдэнэсүрэн
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна