Н.Сахьяа: ОДООГ ХҮРТЭЛ 40 ШАХАМ ЖИЛ ХУСУУР СОЙЗ САЛГААГҮЙ ЯВНА

Батсайхан
2015 оны 11-р сарын 23 -нд

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, сумын Алдарт уяач Сахьяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Буурал уяачийн амрыг айлтгая. Таны үеийнхэн голдуу уяачийн гараагаа унаачаас эхэлсэн байдаг. Таныг ч тэр л жимээр явсан болов уу хэмээн таамаглаж байна?
-Тэгэлгүй яахав. Бидний үед морь унадаггүй хүүхэд гэж байгаагүй. Тэр тусмаа бүстэй хүүхэд бол бараг ухаан ороод л морины нуруун дээр тавигдана шүү дээ. Би арван настай байхдаа Чүлтэмийн Цагаан гуят гэж хурдан хүрэн морийг унаж нэгдлийнхээ 10 жилийн ойгоор айргийн тавд хурдлуулж байлаа. Бас Жанцан гэж хүний халтар үрээг унаж айрагдаад, “нэг наадмаас хоёр айраг хүртлээ” гээд томчуулд магтуулж байсан юм. Дараа жил нь Самдан гэдэг хүний шарга морийг унаж байсан. Тэрний дараа жил аав маань хонгор даага уяж, би нөгөөхийг нь унаж түрүүлгэсэн. Ингэж л аав, хүү хоёр анхныхаа түрүүг авч байлаа даа.Миний эцэг насаараа мал малласан хүн. Манайх эхэндээ цөөвтөрхөн адуутай байгаад аймгаас нэг хул алаг үрээ авч азарга тавиад, түүнээсээ хойш олон алаг адуутай болсон юм.
-Олон жилийн хөдөлмөрөө саяхан үнэлүүлсэн хэмээн танай уяачдын холбооны тэргүүн ярьсан. Хэзээнээс морь уях болсон юм бэ?
-1975 оноос эхлээд одоог хүртэл 40 шахам жил хусуур сойз салгаагүй явна. Анх хээр морь уяж сумандаа хоёр айрагдуулсан. Дараа нь өөрийн унаган саарал морио тасралтгүй 13 жил уяж, суманд нэг түрүүлгэн, олон удаа айрагдуулсаан. Арвын дотор ч олон оруулсан. Бас нэг хурдан хонгор байсан. Бага адуу бол олон айрагдуулсан даа. Харлаг үрээгээ гэхэд л тав, борлог үрээгээ зургаа айрагдуулсан байна лээ. Тэгээд 2013 онд сумын баяраас таван түрүү, 15 айраг авсан байна гээд сумын Алдарт уяач цол хүртээсэн.
-Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх сайхан байсан байх.Танд уяаны эрдэм заасан багш тань хэн бэ?
-Манай дүүг өргөж авсан Тэрэгчийн Сандаг гэж хурдан морьтой мундаг уяач өвгөн байлаа. Тэр хүнийг дагаж уяад уяач болсон доо. Хамгийн анх унаган хонгор даагаа сумынхаа баярт оруулж байлаа. Тэр өвгөнөөс би ер их зүйл сурсан шүү.
Тойрсон хэдэн сумынхаа наадамд бүгдэд нь очиж уралдсан.Очсон сумандаа айрагдуулчихаад л байдаг юм. Саарал морио сайн байхад аймагт очиж уралдаад. Тэгсэн хүүхэд нь унаад, давхиад ирсэн. Бас хээр морь маань Дөрвөлжингийн Шувуун цагаан гэдэг морьтой гарч уралдаад барианд ойрхон ирээд хөл нь болж өгөлгүй 30 гаргаж давхисан.
-Ер нь танай суманд яригддаг ямар, ямар хурдан буянгууд байв?
-Сайн уяач, сайхан хүлэг олон байлаа. Гаалин хээр, Халтар Ванчингийн алаг, Авирмэдийн хээр, Янжингийн хонгор, хээр, Галсангийн цавьдар, Ганхуягийн хээр гээд дурдвал олон доо. Ер нь манай сум хэтээсээ хурдтай шүү.
-Алдартыг залуудаа адуунд алхаа оруулдаг байсан гэх юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Сайн жороо морь надад хэд хэд байлаа. Би ер нь уяхгүй морио явдал оруулаад жороо болгочихдог хүн шүү. Миний сургасан морьдоос Жанцангийн халтар, Аюурзанын хамар цагаан хээр хоёр л үлдээд байх шив дээ. Манай сумынхан мэднэ дээ. Айл саахалт ойр хавийнхан энэ гайгүй явдал орж мэдмээр юм байна. Та унаад өгөөч гээд л хөтлөөд ирдэг. Түүнийг нь авч алхаа оруулаад л өгдөг байсан. Одоо ч хөгшрөөд чадахаа байж дээ.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх баяж, урт удаан наслаарай.
-Та бүхний ажил үйлс ч гэсэн бүтэж яваг.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна