Дэлхийн мөрөөдөлтэй уран бүтээлч

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 13 -нд

3000 бүтээлтэй бага ангийн сурагч 
Зураач, уран дархан Гүндсамбуугийн Сүх-Эрдэнэ. Түүний уран зургийн ертөнц олон салаа мөчиртэй. Нэг мөчрөөс нь уламжлал. Нөгөөхөөс нь монгол ахуй. Бас нөгөө мөчрөөс нь түүх. Болоогүй шинэ салаа мөчир ургачихаж. Мэдээж мөчир бүр дэх навч нь монгол зураачийг илэрхийлнэ. Наяад оны хүүхэд тэрээр багаасаа л зургийн хоббитой нэгэн байж. Бяцхан зураач нэгдүгээр ангид орох жилээ хэдийнэ 3000 хол давсан бүтээлийн эзэн болчихсон байсан гэдэг. Ингээд ардын сургуулийн алтан босгыг алхан ороод ч зургаа орхисонгүй. 12 хуудастай шинэхэн дэвтрийн урдаас нь хичээлээ, араас нь зургаа зурчихаад багш нартаа зэмлүүлсэн нь олонтаа. Энэ бүхэнд түүний төсөөллийн ертөнц дэвтрийн цааснаа амилна.  Энэ авьяас аав, ээжийн талаас өвлөгдөн ирсэн гэлтэй. Түүний аав Завхан аймгийн уугуул, Говь-Алтайн суугуул нэгэн. Гэхдээ идээшин дассан говиороо өдгөө овоглодог. Ааваас нь дээш гурав дахь үед мундаг сийлбэрчин, зураач байсан бол ээжийнх нь талд бурхан ухаантай, уран дархан байсан нь удмын бахархал болон яригдсаар иржээ. Даанч хуучин нийгмийн үед ногоон малгайтнуудаас эмээхдээ өвөг дээдсийн ур ухаан шингэсэн бурхны голдуу бүтээлүүдийг үгүй хийчихсэндээ хөгшчүүл нь харамссан нь бий. Ийнхүү өвгөдийн үргэлжлэл болсон хүүгийнхээ авьяасыг аав нь их дэмжинэ. Хүүгийн ертөнц ч хязгааргүй.  Найм төгсөх жилээ 9-р ангид орох шалгалтаа өгсөнгүй. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд  Дүрслэх урлагийн дундад шалгалт өгөөд ногоон гэрлээр тэнцчихлээ. Гурван сар хэртэй зураг зураад л гүйгээд байлаа. Аав нь гайхаж байгаа  нь жигтэйхэн. Учир нь хүүгээ “буурь” сэлгэснийг мэдээгүй байж. Ингээд нэг л өдөр сургуулийн төлбөр нэхэгдэж ирснээр нууц задарчээ. Улмаар сургуулиа төгсөөд Дүрслэх урлагийн дээдэд орж, олон улсын фестивалиас инстиляци чиглэлээр Монголоос анх удаа гран-прин эзэн болсон Дагвадорж багшийн удирдлаган доор таван жил суралцлаа. Энэ хугацаанд өдрийн ихэнхийг сургууль дээрээ л өнгөрөөнө. Долоо хоногтоо нэг, хоёрхон удаа харих нь ч бий. Түүнчлэн хавар намартаа хөдөө гараад явчихна. Энд очсон газрын байгалийн сайхан, зон олны ахуй амьдрал, адуу мал тэр чигээрээ уран зургийн ид шидийг олж “амилна”. Ингээд оюутны он жилүүд нүд ирмэхийн зуурт л өнгөрч будаг нь ханхалсан шинэхэн уран бүтээлч амьдралд хөл тавилаа. Багаасаа л ямар нэгэн чиглэл урсгалд баригдах дургүй байсан тэрээр аль болох тэсрэлттэй бүтээлийн эрэлд “хатна”. Энэ үед түүний олон сайхан бүтээл төржээ.
Монгол түмний өвөрмөц хэрэглээ мөнгөн аяга
Нэгэн удаа аавынхаа хэрэглэдэг зорсон аягыг харж суухнээ илүү гоёыг хийж болмоор санагдаж, бодолдоо хөтлөгдөн дархны үйлдвэрт ажилд орлоо. Зургаан сар хэртэй ажиллахдаа багагүй зүйлийг ч  сурч амжиж. Энд анх ажилд ороход гурван өдөр дөш зүлгүүлээд суулгах нь тэр. Нэг ёсны шалгалт. Тэсвэр тэвчээртэй суусан нь амжилт гаргана гэдгийг амьдрал аяндаа л зааж, зүглүүлэх нь энэ ажээ. 
Үргэлжлүүлээд Япон улсад ажиллаж амьдрах болсноор хэсэг хугацаанд завсарлага авсан гэнэ. Гэхдээ арлын оронд байхдаа зүгээр суусангүй. Дархны чиглэлээр илүү их судалж, мэдэх сайхан боломж тохиожээ. “Хүн хүсвэл заавал хажуудаа манаачтай байж юмыг сурдаггүй. Толгойдоо байгаагаа ашиглаад зоригтой турших хэрэгтэй. Алдаа гарвал дараагийн удаад засаж, сайжруулаад явчихна. Мэдээж алдаагаа давтах ёсгүй” гэж ярих зураачийн өөр өнгө “дархан” ажээ.
2004 он. Баримлын шавраар анхны аяганы загваруудаа гаргаж үзлээ. Олны санаа оломгүй далай гэдэг болохоор олон хүнд өнөө аягаа үзүүлж, үг дуулна. Ийнхүү  мөнгөн аягыг онцлон үйлдвэрлэл эрхлэх болсон талаараа: “Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аяга халбага, сэрээ, зэс, гуулин савыг эдэлж хэрэглэж байсан түүхтэй. Мөнгөн аяганы “ид шид”-ийг эртнээс мэдэрсэн бидний өвөг дээдэс өөр өөрийн аягыг тусгай зориулалтын гоёмсог уутанд хийгээд өвөртөлж явдаг байлаа. Мөнгөн аяга нь буйл амны хөндий, ходоодны үрэвсэл, дотор эрхтнүүдэд тустай гэдэг нь эртнээс нотлогдсон зүйл. Бас аяганы уутан дээрээ янз бүрийн утга бүхий хээ хуараар чимэглэл хатгуулна. Энэ нь нэг талын гангараа. Мөн аяганы хийц, хэмжээ, орсон мөнгө бас л нүнжиг илтгэнэ. Нөгөө талаар бэлгэшээлт ард түмэн маань дээшээ харсан сав хэмээн аягыг дээдэлдэг. Бас аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ, аягатай нь ууж, адуутай нь туудаг гэхчилэн зүйр үгнүүд байдаг даа. Өөрөөр хэлбэл хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон аягыг уламжлалаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах үүднээс ийнхүү санал болгож байгаа юм” гэж ярилаа. Цааш нь “судалгааны зорилгоор түүхийн материал сөхөж байхад мөнгөн аяга хэрэглэдэг орон Монголоос өөр байдаггүй. Орост аягандаа жижигхэн мөнгө хийж  уудаг байсан тухай өгүүлсэн нь бий. Бас нөөцөлсөн усаа муутгахгүй тулд усны савныхаа  ёроолд нь мөнгө хийдэг уламжлал байсан” тухай сонирхууллаа. Түүний ярианаас мөнгөн аягыг угаадаггүй. Чийг өгчихөөр тагш нь хагарчихдаг гэмтэй гэнэ. Тийм болохоор мөнгөн аягыг угааж, чийг татуулахгүй бол урт настай гоёл ч, эко хэрэглээ ч болдог гэдгийг уншигч танаа онцлон хүргэх байна.
100 жилийн чанарын баталгаа
Эдний урлаж буй аяга дотроо их олон янз байх ажээ. Архины, цайны, хоолны, айрагны, идээ будааны гээд л. Энэ бүхэндээ 100 жилийн чанарын баталгааг амлаж чадна гэнэ. Үнэний ортой л бололтой. Харж байхнээ гар аргаар үйлдвэрлэсэн аяганы чанарыг мэдэрсэн олон амнаас ам дамжин ярьж, нөгөөдөө хэл дуулгасаар өдөр ирэх тусам шинэ танилууд нэмэгддэг нь анзаарагдсан. Эднийхэн түүхий эд болох мөнгөө дотоодоосоо авахаас гадна Хятад, Солонгосоос оруулж ирдэг байна. Харин тагшны хувьд хуучны тагшийг хэрэглэх илүү сонирхолтойгоо ярьсан юм. Мэдээж тагшны чанарыг үнэ эрхгүй дагах ажээ. Ер нь  Хүннүгийн үеийн олдворуудаас цагийн элэгдэлд бараг өртөөгүй нь мөнгө аяга байдаг. Дээхнэ үеийн аяганы ёроол дотор, хөөмөл нь зузаан хийгдэж ирсэн учраас олон жилийн настай байдаг нууц оршино.
Энд бас мөнгөөр хүсвэл юу ч хийж болохыг жинхэнэ утгаар нь харуулах шиг л санагдсан. Сүүлийн үед  zippo-ний гэр,  халуунаа барьдаг домбыг хийсэн нь эднийхээр орж гарсан зочдын анхаарлыг эрхгүй татах юм билээ. Мөн гаанс, хөөрөг, гутлын урд хоншоор, ар талын гоёо, бүс, морин хуур, домбо, хусуур хийлгэх хэрэглэгчдийн хүсэлт хязгааргүй. Эд ч хүсэлтийг хүлээн авч найрсагаар үйлчлэх аж.
Харийнхны нүдийг хужирласан монгол дархны ур хилийн чанадад гайхагдсаар...
Шинэ юм гэж мартагдсан зүйлээс эхтэй байдаг гэдэг дээ. Өнөөдөр шинэ бүтээл төрж байгаа ч түүний дэвсгэр нь олон жилийн тэртээгээс улбаатай. Боржигон, Батноровын үндэс л цагийн аясаар чимэг зүүлт нэмж, хасан өнөөдөр бидний үед ирээд байна гэж болно. Мөнгөн аяганы хувьд ч ялгаагүй. Тухайн орон нутгийн онцлогууд одоо ч байна. Жишээ нь Батноров хийцийн аяганы амсараар ихэвчлэн утас гүйлгэсэн байхыг төвөггүй харж болно. За тэгээд угалз, үүл, сүлжээс, ханан хээ бүхий гоёлыг нэмнэ. Мөн Төв халхчууд тэнгэрийн амьтан лууг бэлгэшээн оруулсан нь ч байна. Тэгэхээр хэрэглэгч юу хүснэ, тэр бүхнийг хийж өгнө л гэсэн үг. Биднийг ярилцаж байхад аавынхаа тагшийг барьсаар нэгэн үйлчлүүлэгч орж ирлээ. Тэрээр аяганы дотор талд аавынхаа туулай жилийг оруулахын сацуу урт наслахын бэлгэдэл бүхий ургамалан хээгээр гоёж өгөхийг хүссэн юм. Эдний урласан мөнгөн аяга нь дотоодод төдийгүй Англи,  Япон болон зарим өндөр хөгжилтэй орнууд руу гарсан байна. Үнийн хувьд орц, хийцээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байдаг. 
Цутгуураар хийх бол эхлээд зургаа гаргаж, баримлаа барина, тэндээсээ хэв авч цутгуурт хийнэ. Цутгаад гарч ирснээ дахиж засаад 100 хувь боллоо гэсэн тохиолдолд дахин хэв авна гээд их олон шат дамжлагаар сая захиалагчдын гарт хүрнэ. Харин хөөмөл аяга бол хавтгай мөнгөн дээр зургаа буулгачихаад, араас нь хөөх, чихэх, цоолох гэхчилэн хуучны дархчуудын уламжлалт технологиор хийгдэж байна.  Нэгэн үе мартагдах дөхөөд байсан хөөмөл аргыг дэлхий дээр зөвхөн монголчууд л хэрэглэдэг гэнэ. Техник технологийн хурдацтай хөгжлийн энэ эринд хүссэн загвараа 3D, 5D-гээр нэг, хоёрхон цагийн дотор сийлэх жишээний. Харин гар хийц яалт ч үгүй ялгарах агаад түүн дотор монгол дархны хөөмөл аргаар хийсэн бүтээлүүд өөрийн эрхгүй гайхагдах  бололтой. Тиймдээ ч залуу уран бүтээлч Монголынхоо өв соёлын нэг хэсэг хөөмлийг дэлхийд гайхуулахыг хүсдэг нэгэн. Мөрөөдөл бүхэн биелэх болтугай.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна