Шандаст хурдан Шанхат хээрээ дурсмой...

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 10 -нд

Увс аймгийн Завхан сумаар овоглосон хийморилог эрхмүүдийн нэг нь Гунгаагийн Мөөг агсан юм.Тэрээр 1944 онд Цагаанхайрхан сумнаа эцэг Гунгаагийн хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд нийгэмчилгээний үеэр Завхан сумнаа шилжин суурьшжээ.
Нутгийн олноо Даян хэмээн алдаршсан Гунгаа мал олонтой. Тэр дундаа тэмээ сайтай нэгэн байв. Нэг сайн атыг нь хэвтэж байхад доогуур нь хаврын борлон гараад явчихаж байсан тухай одоо хэр нь нутгийнхан дурсан ярьдаг.
Г.Мөөг Завхан сумын нэгдлийн анхны гишүүдийн нэг агаад, 32 жил адуу хариулахдаа сайн адууч, шаггүй уяач  хэмээн хүндлэгдэж явжээ. Г.Мөөг нэгдлийн адуу маллаад V, VI, VII таван жилийн гавшгайчаар тодорч, ойн медалиудаар энгэрээ  мялааж байжээ.
 Тэрээр 1970-аад оны үеэс  хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болж Хөөрхөн халтар, Буурал сүүлт, Шанхат хэмээх хурдан хүлгүүдээрээ өөрийн болоод  нутаг усны нэрийг өргөн урамтай сайхан наадсан билээ.
Хөөрхөн халтар нь даагандаа Өмнөговь сумын ойд 14-өөр давхиж амжилтынхаа гарааг эхэлсэн бол, Буурал сүүлт нь дааган цагаас эхлэн соёолон хүртлээ завсаргүй түрүүлж, айрагдан бүдүүрсэн хойноо ч хэдэнтээ цулбуур өргүүлжээ. Гэсэн хэдий ч Г.Мөөг уяачийн нэрийг хамгийн олон дуудуулж, овог нь болтлоо нэршигдсэн хурдан хүлэг бол Шанхат  хээр нь юм. Шанхат хээр  дааганаасаа эхлээд соёолон хүртлээ сумынхаа баяр наадамд дөрвөн жил завсаргүй түрүүлж, хавчигтаа өнжөөд, долоон настай морь дөрвөөр давхиж байжээ. Ид уралдах найм, есөн насандаа хөлний эмгэгээс болоод уралдалгүй өнжиж, 10 настай морь сумынхаа наадамд аман хүзүүдэж байжээ. Шанхат хээр 17 хүртлээ уралдахдаа дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн агаад 20 насандаа зодог тайлж байжээ. Ийнхүү Шанхат хээрийнхээ буянаар хол, ойрын сумдад нэр алдар нь түгсэн Г.Мөөг Наранбулаг сумын 40 жилийн ойд таван хээр морьтой очоод, таван түрүүг нь хүртэн таван алаг адуу хөтлөөд ирж байсан тухай Завханчууд бахархан ярьдаг юм билээ.
Уяачийн хийморийг өргөж, урмыг тэтгэсэн дээрх хурдан хээрүүд нь нэгдлийн Хөөрхөн хэмээх хээр  азарганы төлүүд агаад тэднийгээ Соотон хээр, Шанхат, Бууралт сүүлт хэмээн өхөөрдөн нэрлэдэг байжээ. 
Г.Мөөг уяач Цэдэн хэмээх бүсгүйтэй ханилж, 11 хүүхдийн ижий, аав болсон агаад зургаан хүүгийнх нь хоёр нь морь уях төрийн хэрэгт шимтэж байна.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна