Аварга саарлын эзэн Алдарт уяач Дашбалжир

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 06 -нд

Аварга саарлын эзэн Алдарт уяач Дашбалжир
Нутаг орондоо Буриад баавай хэмээн хүндлэгдсэн МУ-ын Алдарт уяач Н.Дашбалжир агсан нь 1933 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ. Тэрээр бага залуугаасаа адуу маланд дурлаж  “Шар Дэрэм” гэх хүнтэй нийлэн морь уяж эхэлсэн түүхтэй. 1980 онд тухайн үеийн ханшаар 6000 төгрөгөөр Төв аймгийн Эрдэнэсант гаралтай саарал морь худалдан авч уяж хурдлуулснаар моринд илүү хорхойсох болжээ. Тэр цагаас хойш Хангалын голын хурдан хүлгэдийг халхын наадмын торгон дэвжээнээ олон ч удаа цоллуулсан эрдэм чадалтай Булган аймгийн бахархал болсон уяач болжээ. Хурдан морины уяа сойлго тааруулсан 22 жилийн түүх нь Н.Дашбалжир уяачийг хэн бэ гэдгийг төвөггүй  л илтгэдэг юм. Тэрээр Эрдэнэт хот, Орхон аймгийн Ардын хувьсгалын үндэсний их баяр наадмын 30 айраг, түрүүн эзэн билээ. Алдартын аварга саарал морь Эрдэнэт хотын баяр наадамд 1980-1982 онуудад алтан жолоо өргүүлж, 1984, 1985 онуудад айрагдсан байдаг юм. Н.Дашбалжир уяачийн унаган адуунууд болох том, бага хүрэн халзан хоёр морь үнэхээр л аргамаг хурдан ажнай байсныг нь моринд хорхойтой олон анддаггүй юм билээ. Том хүрэн халзан нь Эрдэнэт хотын баяр наадамд 1990, 1991 онуудад аман хүзүү, 1992, 1993 онуудад түрүү магнай, 1996 оны улсын их баяр наадамд түрүүлсэн боловч будлиантаж хасагдсан аж. Харин бага хүрэн халзан морь нь 1991, 1992 онуудад түрүү магнай, 1993 онд айргийн гурав, 1994 онд айргийн тав, 1996 оны улсын наадмын будлианд 11-д, 1998 онд дөрвөөр ирж, 1999 онд гуравт, 2000 онд аман хүзүү, 2001 онд айргийн тавд хурдалсан гайхамшигт хурдан ажнай юм. Энэ мэтчилэн хоёр халзан морь нь олон наадмын баяр бахдалыг эзэндээ авчирч, ард түмнээ цэнгүүлсэн гэнэ лээ. Ийн бодоход уяачийн ур ухаан авьяас билэг үнэхээр л “илүү” байжээ. Буриад баавай маань үр хойчдоо өөрийн уяаны эрдэм ухааныг харамгүй өвлүүлснийг түүний хүү аймгийн Алдарт уяач Д.Бямбасүрэн, ач хүү залуу уяач Б.Даваабаяр нарын амжилтын буухианаас харж болох ажээ.
Голомт залгах хүү, хийморь өргөх суу
МУ-ын Алдарт уяач Н.Дашбалжир агсаны хүү Д.Бямбасүрэн  аймгийн Алдарт уяач цолтой.  Хурдан морины хийморьт сүсэглэх аавынхаа  ололт амжилт, хүсэл мөрөөдлийн үргэлжлэл  тэрээр Булган аймгийн Булган суманд 1963 онд төржээ. Хурдан морины хусуур сойз зүүж явах аавдаа нас бага гэлтгүй, ойр зуурын ажлыг нь хийж өгч тусална. Хөдөөгийн бор жаалуудад ажил ч мундахгүй. Улмаар эрийн цээнд хүрэхийн цагт цэргийн албанд мордож, 1985 онд халагдаж иржээ.  Энэ цагаас эхлэн хурдан моринд илүү хорхойсох болж, аавдаа шавь орсон ажээ.  Аав хүү хоёрын хамтдаа үзсэн олон сайхан наадам бий.  Тэр бүр өдгөө хүүгийн сэтгэлд өчигдрийн юм шиг тод санагдана.  Хөдөө хөхөрч, гадаа гандан хурдан хүлгэдээ өөрийн амь шигээ хайрлах уяачийн хөдөлмөр  наадмын хэдэн өдөр л гардаг шүү дээ. Уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулчихаад сая нэг санаа амарсан байртай тамхиа татаж, хөлсөө арчих аавын царай цаанаа л жаргалтай харагдана гээч.  Энэ мэт олон сайхан дурсамжийг Бямбасүрэн Алдарт өгүүлэх юм билээ. Тэрээр 1998 оноос хойш бие даан морь уяж тэр жилээ халтар морио Орхон аймгийн баяр наадмын соёолонд түрүүлгэжээ. Үүнээс жилийн дараа Орхон аймгийн баяр наадамд бага халзан морь нь их насанд айргийн гуравт хурдалсан бол Хангайн бүсийн даншиг наадамд есөөр, 2000 оны Орхон аймгийн наадамд дөрвөөр, 2003 онд  айргийн тавд, 2004 онд аман хүзүү, 2005 онд түрүү хүртжээ.  Мөн Булган аймгийн Тэшиг, Хангал, Ханатай, Хялганатын ойн баяруудад нэг түрүү, хоёр аман хүзүүдэж байсан гээд түүний халтар морины гаргасан амжилтын цуваа үргэлжилдэг юм билээ. Бас бага хонгор морь  нь  2007 онд шүдлэндээ аймгийн баяр наадамд гуравт, хязааландаа Булганы Бугат суманд айргийн тавд,  2009 онд аймагт айргийн таваар хурдлан унасан хүүхэд, уясан эзнээ баясгасан хурдан ажнай. Аавынхаа унаган адуугаар тун чиг одтой наадаж байгаадаа хүү ч баяртай явдгаа дуулгана билээ. Тэрээр 2005 онд халтар мориороо анхны түрүүгээ авч, аймгийн баяр наадмын  дөрвөн түрүү, 16 айргийн амжилтаараа 2002 онд Орхон аймгийн 10 дахь Алдарт уяач болсон ажээ. Удам залгасан уяачийн ууган хүү Б.Даваабаяр Алдарт өвөөгийнхөө дэргэдээс  холдох дургүй моринд хорхойтой жаал байсан гэдэг. Тийм ч болохоор адуунд хорхойсох хүүгээ аав нь ихэд дэмждэг аж. Одоогоор бол хүүгийнхээ зөвлөгч багш болсон аж. Энэ жил Даваабаярын хувьд морьд нь хурдан байгаа гэнэ. Багын л малд нүдтэй ач хүүгийнхээ сэтгэлийг олж харсан гярхай өвөө нь “Миний хүү чинь сайн уяач болно доо” хэмээн жаргалтай нь аргагүй өхөөрддөг байсан биеллээ олоход тун ч ойрхон байна даа. 
Залуу уяач Б.Даваабаяр: Өвөөтэйгөө үзсэн наадам бүрийг дурсах сайхан
Б.Даваабаяр хүүгийн өвөөтэйгээ үзсэн наадам бүр өдгөө хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдсэн байх ажээ. Цаанаа л дулаахан атлаа, зөөлөн таатай сэтгэгдэл төрүүлэн үе үехэн сэтгэлд тодрон харагдана. Өвөө ач хүү хоёрын хамтдаа үзсэн олон сайхан наадам бий. Тэр дундаа Бямбасүрэнгийн халтар соёолон түрүүлсэн наадмыг одоо  ч дурсахад цаанаа л амттай.
Тэрээр зуны амралт эхэллээ л бол өвөөгийнх рүүгээ “чавхдана”. Улирлын  амралтын хэдэн өдрөөр ч гэсэн ялгаагүй. Өвөөгөө дагаж морины ажилд туслан арын албанд зүтгэнэ. Том биетэй хүүхэд байсан болохоор өвөөгийнхөө уясан морьдыг унаж байсангүй.
Хожмоо ХААИС-ийн “Экологи технологи хөгжлийн сургууль”-ийн “МАА, фермер”-ийн ангийг төгсөж, зүрх сэтгэлээ даган хөдөө тийш хүлгийн жолоо залж, морь уяад хоёр жил болж байгаа аж. Хөдөөгийн цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, багаас танил уяачийн амьдрал, уяан дээрээ дүүхэлзэх хурдан хүлгэд ийнхүү уруу татсан хэрэг бизээ. Залуу уяач энэ жил Орхон аймгийн баяр наадамд их насны хонгор морио айргийн тавд хурдлуулсан сонин дуулгана билээ. Мөн наадмын дараахан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн 50 жилийн ойн наадамд хонгор морь нь дахин хурдалж аман хүзүүджээ.  Хонгор морь шүдлэндээ айргийн гурваар, соёолондоо таваар ирж байсан амжилтаа энэ жил ийнхүү дахин бататгаад байгаа ажээ. Бас өвөөгийнхөө төрсөн нутаг болох Булган аймгийн Тэшиг сумын 80 жилээр хонгор морь нь айргийн гурваар ирж байжээ. Ийнхүү өвөөгөөс аавд өвлөгдөн ирсэн унаган адуугаараа наадах залуу уяач азарганаас бусад насны уяа сойлгыг тааруулахтайгаа болсон хэмээх юм билээ. “Уяач хүн мориныхоо авир төрхийг, төрөлхийн шинж чанарыг нь сайн мэдэж, судлах нь зөв юм шиг. Морьтойгоо ойлголцчихвол уяхад илүү хялбар болдог” гэх залуу уяачийн уясан бүхэн нь түрүү магнай болж байх болтугай. Шулуун шударга, бас их хөдөлмөрч өвөөгийнхөө адууны төлөө зориулсан сэтгэл зүрхний дуудлагыг ийнхүү Даваабаяр  аймгийн Алдарт аавынхаа хамтаар нэр төртэйгээр үргэлжлүүлж явна. 
"Тод магнай" сэтгүүл №35

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна