Сумын Алдарт уяач Д.Эрхэмбаатар: Хангал хүрэндээ зориулж овоо босгон, дуу хийлгэсэн

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 30 -нд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Эрхэмбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Таныг хурдан хүрэн морьтой гэж сонссон. Хүрэн морь таны унаган адуу юу?
- Үгүй ээ, Манлай сумын адуу. Би 10 настайд нь авсан юм. Даншгийн хүрэн гэж алдартай хүрэн морины дүү байгаа юм. Надад ирэхээсээ өмнө гурван медальтай байсан. Ирсэн даруйдаа овооны наадамд түрүүлсэн. Түүнээсээ хойш тав түрүүлж, 10 айрагдан намайг сумын Алдарт уяач болгосон хурдан хүлэг байгаа юм. Энэ хавиар олон уралдаан болдог ч хүрэн морио гамнаад тэр болгонд уралдуулдаггүй байсан. Хангал хүрэнг маань энэ хавийнхан андахгүй дээ. Хүрэн морио бурхан болсны дараа Ханбогд сумандаа морины овоо босгож, “Хангал хүрэн” хэмээх дуу зохион, сумын наадмын концерт дээр Батзориг гэдэг залуугаар дуулуулсан. - Ер нь энд тэднээс адуу авна биз?
- Авнаа, авалгүй яахав. Сүхбаатар Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудаас олон хурдан адуу авсан. Би чинь найзуудыгаа харсаар байгаад моринд орчихсон хүн шүү дээ. Тэгж байгаад 1999 оноос өөрөө морь уяж эхэлсэн. Анхны айргаа зургаан жилийн дараа 2005 онд их насны мориор авч байлаа. 1999 онд манай сумын уяачдын холбоо байгуулагдаад, Хэнтийгээс адуу авахаар явсан юм. Тэгэхэд би жолоочоор нь явж өөртөө Баянхутагаас нэг хязаалан үрээ авчирсан. Хэдийгээр тэр үрээ маань сайн давхиагүй ч шантраагүй ээ. Түүнээс хойш Сүхбаатар аймгаас нэг бор үрээ авсан нь сумынхаа наадамд 2-3 удаа түрүүлж, хэд хэдэн удаа айрагдсан. Сүүлд Сүхбаатар аймгаас авсан үрээнүүд маань сайхан давхиж байгаа. Энэ жил аймгийнхаа наадамд миний алаг үрээ дөрвөөр давхисан. Мөн  Булган сумын ойд хээр үрээ маань түрүүлсэн.
- Улс бүсийн чанартай наадмуудад уралдаж байв уу?
- Үгүй ээ. Аймгийнхаа наадамд л хэд хэдэн удаа явсан. Харин тойрсон сумдынхаа наадамд бол явдаг шүү. Өвөл аймагт болсон бүсийн наадамд Эрдэнэтээс авчирсан хонгор халзан морио 40-өөр давхиулсан. Халзан морь маань сумандаа ирээд хоёр ч наадамд түрүүлсэн.
- Дээхэн үед Ханбогд сум Галбын говийн зэрлэг адуу ихтэй байсан гэх юм билээ. Та тэр талаар сонсож байв уу?
-Дуулж л байсан. Зэрлэг адуу гэхээсээ илүү сум орон нутагтаа алдартай хурдан хүлгэдийн талаар дуулж байлаа. Намайг жаахан хүүхэд морь унадаг байхад Нэгдэл шарга гэж хурдан морь байсан юм. Манай сумын Таванжин гэдэг хүний унаган адуу л даа. Түүнээс хойш Чулуунбатын хүрэн гэж бас хурдан морь байсан.Анхны Говьшанхын хурд бүсийн наадамд зургаагаар давхисан. Сүүлийн үед нутгийн залуучууд цөм л адуу мал сонирхон сайхан сайхан хурдан буян авчирч байна. Үүнд нь их талархаж явдаг юм.
Санал нэг байна. Нутгийн нэрийг дуурсгасан олон сайхан хурдтай болохыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №36, 2012 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна