Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 20 -нд

Ардын хувьсгалын түүхт 94 жилийн ойн баяр наадамд одтой наадсан уяачдын тоонд Дундговь аймгийн Хулд сумын залуу уяач Баярсайханы Лхагва-Очирын нэр зүй ёсоор тэмдэглэгдэж байна. Өөрийн унаган, бүр нэг азарганы төл хоёр үрээг их наадамд айрагдуулна гэдэг дуртай аавын хүүд оногдох хувь биш. Ер нь насаараа морь уяад төрийн наадмаас цагаан юмны бараа хараагүй буурлууд олон байдаг шүү дээ. Энэ жил соёолон насанд дөрөвт хурдалсан хонгор халзан үрээний эхийн тал нь хэдэн үеэрээ Хулд нутгийн адуу юм. Эцэг нь говийн бүсийн их даншиг наадамд хоёр түрүүлсэн Б.Баярсайханы хурдан хүрэн азарга билээ. 90-ээд оны эхээр Цагаандэлгэр чигийн унаган сайхан хонгор халзан азарга Хулд нутагт гарч ирээд хэдэн эзэн дамжсан юм. Энэ азаргыг улсын алдарт уяач М.Энэбишээс аймгийн алдарт уяач Ц.Содномбаатар сувай үнээ, сайн эр үхэр, унагатай гүүгээр худалдаж аваад 1995 онд сумандаа аман хүзүүдүүлжээ. Тэр жил маш сайхан уяатай очсон ч Баянцагааны унаган Өлзийтийн М.Хоньхүүгийн зэгэл азаргыг Түмэндэлгэрийн Чимэд гуай урд өдрийн хоолыг мадаггүй сайн тааруулж түрүүлгэсэн гэж нутгийн уяачид хуучилдаг. Энэ халзан азарганы төл хувилгааны хонгор, Хүүдийн хонгор гээд хэдэн сайн адуу гарсан. Харин төл гүүг нь Хулд сумын уяач Батчулууны Мөнхбат авч 2008 Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн хурдан хул азаргандаа тавьж гарсан гүүг нь Баярын хүрэнд өгч энэ хурдан халзан адуу гарчээ. 2013 оны цагаан сараар Хулд суманд шүдлэн уралдахад Нарангэрэлийн Энхтайваны хурдан зээрд үрээ барианы адагт тасран түрүүлж, дөрвөн үрээ бөөн орж маргаан дэгдэж байж билээ. Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан, Могоогийн хул (өнөө жил сумандаа соёолон түрүүлсэн) хоёрын аль нь түрүүлж зурхай гишгэсэн талаар багагүй шуугицгааж хонгор халзанг нь аман хүзүүнд барьж байв. Тэр зунаа Хулд сумынхаа түүхт 90 жилийн ойд гуравт хурдалж (Мандал-Овоогийн хурдан хар үрээ түрүүлж, алдарт мөндөр зээрд аман хүзүүдсэн), Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд айрагдаж, Дэлгэрхангай сумын 90 жилийн баяр наадамд түрүүлсэн (энэ наадамд Б.Лхагва-Очир гурван шүдлэн угсраагаар нь оруулж азарга соёлон айрагдуулж одтой наадсан) хурдан буян юм. Харин өнөө жил Дэлгэрхангай уулын тахилга, Сайнцагааны хайрхан уулын тахилгад хурдан байгаагаа нотолж байсан юм. Долдугаар сарын 12-ны өглөө мордсон 264 соёолонгоос Б.Лхагва-Очирын уясан Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээ айрагт уралдсаар барианы адагт яльгүй ташсан ч айргийн дөрөвт хурдалсан билээ. Ийнхүү Б.Бандиагийн Баярсайхан уяачийн унаган тамгатай гурван адуу төрийн их цэнгэл наадамд айрагдлаа. Үүний зэрэгцээ Обогоо алдарт өнөө жил сумынхаа баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн юм.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна