Сумын Алдарт уяач О.Үнэнбор: Бор маань давхар уяагаар зүүн бүсийн наадамд айрагдсан

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 20 -нд

Сумынхаа түүхт 90 жилийн ойд их насны морь айрагдуулсан Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, сумын Алдарт уяач О.Үнэнборын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.

-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Онгон сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, өөрийн унаган хурдан бор морио айрагдуулсандаа сэтгэл өндөр байгаа. Ингээд сумынхандаа болон монгол орны өнцөг булан бүрт суугаа Онгон сумынхаа уугуул иргэдэд 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Түүхт  ойдоо хэдэн насны морь мордуулсан бэ?
-Ах дүү нар нийлсэн тав зургаан морь мордуулсан. Миний бор морь аман хүзүүдэж, ахын маань хязаалан түрүүлэн бид сайхан наадлаа.
-Бор мориныхоо удам угшлыг танилцуулаач?
-Манай аав Сүхбаатар сумын харьяат Тонгоон Жамъяан гэж хүнээс хурдан цагаан азарга авч байсан юм. Энэ хавийнхан 3000-ын улаан гэхээр андахгүй дээ. Мөнгө чанга байх үед 3000 төгрөгөөр авч байсан юм билээ. Бор морь тэр цагаан азарганы л төл гүүнээс гарсан унага. Эцэг нь болохоор манай ах Өсөхбаярын сумын наадамд гурван жил дараалан айрагдсан хурдан хээр азарганы төл юм.
-Бор морь энэ он гарсаар хэд уралдсан бэ?
-Гурав уралдсан. Тойргийн сумдын дунд “Хавчигийн уралдаан” гэж  болдог юм. Өөрөөр хэлбэл тойргийн сумдын уяачид хавчиг морьдоо нийлж уралдуулдаг. Тэр уралдаанд  түрүүлж, сумынхаа ойд аман хүзүүдээд, Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдаанд таваар давхиж, бүсийн наадмын анхны айргийг авчирлаа. Түүнээс өмнө Данзанравжаагийн 210 жилийн ойд бор морио хязааланд нь айрагдуулж байсан.
-Удамт уяачдын нэг бололтой. Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би өнгөрсөн өвөл сумын Алдарт уяач цолоо авсан. Хүүхэд нас маань малын захад өнгөрч, багаасаа аавыгаа дагаад  уяаны ажилд нь тусалдаг байлаа. Гэхдээ одоо өөрөө сумын төвд амьдардаг учраас тэр болгон уяаны ажилд оролцоод байж чаддаггүй. Миний морьдыг аймгийн Алдарт уяач Шарын Мөнхбаясгалан гэдэг залуу уядаг байсан ч энэ жилээс төрсөн дүү аймгийн Алдарт уяач Үнэнбаяр маань тааруулж байгаа. Бор морины уяаг дүү маань тааруулсан. Миний хувьд одоогийн байдлаар аймгийн наадмын хоёр айраг, бүсийн наадмын нэг айраг авч, аймгийн Алдарт уяачийн болзлыг хангачихаад байгаа.
-Өмнөх ойн баяр наадмуудад морь айрагдуулж байсан уу?
-Үгүй ээ. Тэр үед бид бага залуу. Аав маань л морь уядаг байсан. Одоогоос 30 жилийн өмнө сумын 60 жилийн ойгоор аав маань даага түрүүлгэж байсан. Аав маань адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч ирсэн хүн. Түүний үр шимийг бид одоо амсаж, унаган хүлгүүдээрээ сайхан нааадаж байна.
-Гурав дахь үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Манайх хүү, охин хоёртой. Одоогоор  хүүхдүүд маань бага байна.
-Хурдан хүлгийн хиймориор хотол түмнээ цэнгүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна