Мөнххааны хурдан хүлэг

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 08 -нд

Ардын хувьсгалын он жилүүд
Ардын хувьсгалын жилүүдэд ч Мөнххаан сумын морьд улсын болон бүсийн чанартай наадмуудад тогтмол амжилт гаргаж ирсэн байдаг. Уясан эзэн, хурсан олон, нутаг усныхаа нэрийг алдаршуулан дуудуулж явсан Мөнххааны эрдэнэт хүлгүүд хэрхэн хурдалж байсныг бүрэн бус боловч толилуулах нь зүйтэй хэмээн үзлээ. 
1929 оны төрийн их баяр наадамд Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошууны Бат-Очирын улаан морь, хошууны уяач Галсанжавын бор хязаалан, Ваанчигийн хээр даага тус тус түрүүлсэн байна. Үүнээс 10-н жилийн дараа буюу 1939 оны улсын наадамд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн улаан буурал шүдлэн түрүүлжээ. 
1940 оны улсын наадамд Мөнххааныхан амжилттай сайн уралдаж улс орон даяар нутаг хошууныхаа нэр алдрыг дуурсгаж байсан нь одоо ч улсын баяр наадмуудад давтагдаагүй рекорд амжилт болж байгаа юм. Тус наадмын азарганы уралдаанд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Донойн Гонгорын хээр азарга гурвалж, улаан бор азарга нь дөрөвт хурдалсан. Их насанд Хэнтийн Мөнххааны гурван уяачийн морь нэг, хоёр, гурваар орсон юм. (Жамбалын Навааны ухаа хул түрүүлж, Томхүүгийн Чүлтэмийн цавьдар зээрд хоёрт, Согоогийн Балчингийн улаан бор гуравт) Харин хязаалангийн уралдааны эхний дөрөв нь Хэнтийн аймгийн Мөнххаан сумын уяачдынх болсон билээ. (Томхүүгийн Чүлтэмийн буурал цоохор түрүүлж, Жамбалын Навааны  цавьдар хоёрт, Томхүүгийн Чүлтэмийн  хүрэн буурал гуравт, Донойн Гонгорын хүрэн дөрөвт тус тус хурдлан иржээ) Энэ амжилт одоо ч давтагдаагүй байгаа юм. Шүдлэнд уяач Томхүүгийн Чүлтэмийн хүрэн хоёрт давхисан бол Донойн Гонгорын халтар даага аман хүзүүлж, Жамбалын Балдангийн хул айргийн тавд орсон байна. Ийнхүү 1940 оны улсын баяр наадмаас Мөнххаан сумын уяачид гурван түрүү, арван айраг авч, тус сумын бөх Санжидын Жамба улсын начны болзол хангаж Мөнххаан сумынхан зовхи нь өөдөө наадсан он цагуудын давтагдашгүй хуудас байлаа.
1942 оны улсын баяр наадамд Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн буурал хязаалан  дөрөвт хурдалсан байдаг.  Харин 1943 оны улсын баяр наадамд Мөнххаан сумынхан буюу Далай жонон вангийн хошууны уяачид тэр дундаа Мөнххаан, Уулбаяны уяачид улсын наадмын таван түрүү, арван айраг авч дахин рекорд тогтоосон билээ. Энэ наадамд Мөнххаан сумын уяач Д.Чүлтэмжамцын хар морь түрүүлж, баглаа  хэмээх Жамбалын Балдангийн хүрэн аман хүзүүлж, Д.Найдангийн бор морь айргийн дөрөвт тус тус хурдлан иржээ. Соёолонд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Лувсанжамцын хүрэн зээрд түрүүлж, Хэнтий аймгийн Мөнххааны уяач  Ж.Балдангийн цагаан аман хүзүүлж, Мөнххаан сумын уяач Сундуйн хар гуравт, Уулбаян сумын уяач Ширнэнгийн хонгор дөрөвт орсон байдаг. Харин хязаалан насны морьдын уралдаанд Мөнххаан  сумын уяач Жамбалын Балдангийн  хүрэн түрүүлж, Чүлтэмжамцын хонгор халзан аман хүзүүнд орж Ж.Навааны хүрэн айргийн гурваар хурдлан иржээ. Шүдлэнд Мөнххааны Чүлтэмжамцын хонгор (хар) түрүүлж мөн сумын уяач Сундуйн (Гэндэн) бор аман хүзүүнд орж хурдалцгаасан байна. Дааганд Хэнтий аймгийн Мөнххаан сумын уяач Ж.Балдангийн хул хонгор түрүүлж Уулбаяны Лувсанжамцын хүрэн гуравт, Мөнххааны Найдангийн хар дөрөвт тус тус хурдалсан байна. Энэ амжилтыг Хэнтий аймаг 1951 оны улсын баяр наадамд аймгаараа нэг удаа давтсан байдаг юм. 1943 оны улсын баяр наадамд таван түрүү, арван айргийг үндсэндээ хуучин  Мөнххаан хошууны уяачид авсан байна. Энд Уулбаян гэж тэмдэглэгдсэн уяач  Лувсанжамц, Зоосын Ширнэн /зарим номонд Сэрээнэн гэж андуурагдсан байна/ нар нь 1943 оны намар Мөнххаан сумын харьяат болсон бөгөөд суманд ч олон айраг түрүү авсан нэртэй уяачид билээ. 
Үүнээс хойш 1948 оны Ардын хувьсгалын 27-н жилийн ойн улсын наадамд Мөнххаан сумын уяач Д.Найдангийн цавьдар морь, мөн сумын уяач О.Лувсанцэрэнгийн саарал хязаалангууд тус тус аман хүзүүлсэн байна. Харин 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн улсын наадамд Мөнххааны уяач Г.Лувсанжамцын хээр даага хоёрт хурдалжээ.
Сэцэнханы буюу Хэнтий, Сүхбаатар аймгийн наадамд Мөнххаан сумын уяачид, хурдан морьдын үзүүлсэн амжилтын товчоон
Тус сумын уяачид их Хэрлэнгийн хөвөө, эрэвгэр Сэцэн ханы өргөөн дээр ч амжилттай наадаж байсан.
 1903 оны харагчин туулай жилийн Сэцэн хааны наадам наадамд  Эрдэнэ далай жонон бэйс Гомбосүрэнгийн уранхай хэмээх морь нь их насанд түрүүлсэн бол
1922 оны наадамд Будын их Жамъянгийн /Баянтэрэм/ улаан морь их насанд түрүүлсэн байна. 
1923 оны Хэнтий аймгийн наадамд Мөнххаан сумын Бүжингийн Дамбын хээр азарга түрүүлж, Мөнххааны малын эмч Ёндонгийн /Баянтэрэм/ хар морь аман хүзүүлсэн бөгөөд дараа жил нь буюу 1924 оны наадамд хар морь амжилтаа бататган түрүү магнай болжээ. Үүнээс хойш хэсэг тасарч байгаад 1928 оны наадамд Мөнххаан Бат-Очирын /Баянтэрэм/ улаан морь түрүүлсэн байна.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч Мөнххааны хурдууд дийлж уралддаг байсан бөгөөд 1932 оны наадамд Мөнххааны Раднаа Лувсангийн Шараваа хээр дөрөвт, Шалдан хээр тавд тус тус хурдалжээ.
Харин 1935 оны наадамд энэ сумын  Уушийн Чоймчигийн /Баянтэрэм/ хар хээр соёолон гуравт, Мөнххааны Дэндэвийн Чойдорын бор хээр хязаалан аман хүзүүлж, Дугарын Чимэдийн бор хээр дөрөвт орсон байдаг.
1936 оны наадамд Мөнххаан сумын уяач Лувсанюндэнгийн Шагдарын хүрэн зээрд соёолон гуравт хурдалсан байна.
1938 оны наадамд Мөнххаан сумын уяач Томхүүгийн Чүлтэмийн хар хязаалан айргийн тавд хурдалсан.
1940 оны наадамд Мөнххаан сумын Адуучийн Ёндонжунайн /Баянтэрэм/ цавьдар хязаалан түрүүлж Мөнххааны Жамбын зээрд гуравт оржээ. 
Хэнтий аймгийн 1943 оны наадамд Мөнххааны Түмэнгийн Лувсандоржийн /Баян Лувсандорж ч гэдэг/ хүрэн соёолон тавд, мөн сумын уяач Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хээр хязаалан тавд тус тус хурдлан иржээ.
1945 оны наадамд Мөнххааны уяач Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хүрэн морь их насанд аман хүзүүдсэн.
 1946 оны наадамд Мөнххааны Донир Лувсанчүлтэмийн халтар морь аман хүзүүлж, Лувсандоржийн /долир/ халтар хязаалан айргийн тавд, баян хочит Түмэнгийн Лувсандоржийн хүрэн шүдлэн айргийн тавд тус тус хурдлан ирж аргагүй хурдан хүлэгтэй нутаг гэдгээ баталсан.
1947 оны наадамд Мөнххааны Жунайн Осорын халиун морь их насанд түрүүлж, 1945 оны наадамд аман хүзүүлж байсан Ваамбын Лувсандоржийн /пэнс/ хүрэн дөрөвт хурдалсан. Энэ наадмын соёолонд Мөнххааны Онгон Лувсанжамцын хээр, хязааланд Онгоо Чүлтэмийн хонгор тус тус түрүүлсэн бол дааганд Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн ухаа даага дөрөвт оржээ. 
1948 оны наадамд Мөнххаан сумын уяач Д.Найдангийн цавьдар морь аман хүзүүлж, Мөнххааны Жунайн Осорын хавчиг хүрэн гурвалсан бол Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн зээрд даага тавд орсон байна.
1949 оны наадамд Мөнххааны Осгоны /Онгон/ Лувсанжамцын буурал халзан шүдлэн тавд, Мөнххааны Гэрэлийн Чүлтэмийн хээр даага гуравт хурдалсан.
1952 оны  наадамд Мөнххааны Ваамбын /пэнс/ Лувсандоржийн хонгор соёолон,  хонгор хязаалан тус тус түрүүлсэн байна.
1953 оны наадамд Мөнххааны Түвдэннямын зээрд хязаалан дөрөвт хурдалжээ.
1954 оны наадамд Мөнххааны Гүрийн Лувсанжамцын хүрэн азарга дөрвөлж, Осгоны /Онгон/ Лувсанжамцын буурал халзан тавд оржээ. Хязааланд Мөнххааны Санжидийн Чүлтэмийн хонгор  түрүүлсэн байна. 
1955 оны наадамд Мөнххааны Лувсандоржийн /долир/ зээрд халзан морь аман хүзүүлж, мөн сумын уяач Маамаагийн хүрэн халзан морь  айргийн тавд орсон байна. Энэ онд улс орон даяар азарга, их морь, даага гурав уралджээ.
1958 оны наадамд Мөнххааны Шануугийн Алтангэрэлийн хээр даага айргийн тавд орсон. 
1963 оны наадамд Мөнххааны Дугаржавын /буглаг/ хээр морь айргийн тавд орсон бол цоохор шүдлэн нь аман хүзүүнд тус тус хурдалсан байдаг.
 1965 оны наадамд Мөнххааны Жамъянгийн Цэвээний хүрэн халзан азарга айргийн гуравт орж, хүрэн халзан шүдлэн нь дөрөвт хурдалжээ.
1966 оны наадамд Мөнххааны Жамъянгийн Цэвээний цавьдар даага тавд давхисан.
1972 оны наадамд Мөнххааны Цэрэнгийн Лувсандоржийн хээр шүдлэн дөрөвт.
1973 оны наадамд Мөнххааны жаахан Доржийн /Хаширын/ зээрд азарга гуравт хурдалсан байна. 
1975 оны наадамд Мөнххааны улааны Лувсандоржийн халиун даага аман үзүүлсэн зэрэг амжилтууд байна.
Халхын Сэцэнхан аймгийн  үе улиран Эрдэнэ далай жонон вангийн хошууны түүхэн гал голомт болох Мөнххаан сумын уяачид Эрэвгэр Сэцэнханы эрдэнийн суурь орших Сэцэнханы өргөө одоогийн Хэнтий аймгийн наадамд боломжтой сайн уралдаж айраг түрүү авч байсан боловч 1944 онд Сүхбаатар аймгийн харьяа болж нутаг газар зүй, засаг захиргааны хуваарилалтын хувьд өөрчлөгдсөн. 1950-1960–аад оны үед орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж мал сүрэг үндсэндээ нийгмийнх болж хариуллага маллагаа, төлбөр тооцооны хувьд хариуцлагажсан. Хурдан хүлгүүд хэдийгээр малчдын гар дээр хэвээр маллагдаж байсан ч ажлын ачаалал ихтэй болсон учир холын наадамд  морь уях, уралдах явдал багассан нь тодорхой ажиглагдаж байна.
Мөнххаан сумын уяачид улсын наадамд ч, Хэнтий аймгийн наадам ч амжилттай сайн уралдаж айраг түрүү олныг авч байсан боловч жил өнгөрөх тусам улам цөөрсөөр ганц нэг уяачийн  нэр он алгасан орон гаран явсаар сүүлдээ аль ч наадамд сураггүй болсон байдаг.Харин Ардчилсан хувьсгал ялснаас хойш энд тэндэхийн наадам, уралдаанд ганц нэг уяачид амжилттай оролцох болж эхэлсэн. Хурдны их удам угшилтай, нэртэй сайн уяачидтай Мөнххаан сумынхныг тодорхой амжилт гаргахгүй байгаад зарим судлаачид, эрдэмтэд ч гайхдаг, уралдаасай томхон наадмуудад олноороо ирж оролцоосой гэж хүсдэг хардаг бололтой.  Доктор А.Баярмагнай “Жанжны нутгаас Буянт ухаа хүртэл”  гэдэг номондоо  “Далай вангийн хошуунаас энд гарч байгаа их уяач Д.Гонгор, С.Балжин, Ж.Наваан, Ж.Балдан, Л.Чүлтэм, Д.Чүлтэмжамц, Гэндэн, Сундуй, Сэрээнэн/ Зоосын Ширнэн/  нарын үр садаас одоо морь уяж байгаа хүмүүс байна уу?  гэж асуусан нь санамсаргүй зүйл биш болой. Энд нэр гарч байгаа уяачид бүгд Мөнххаан сумын харьяат билээ. 
Түүхч эрдэмтэн А.Баярмагнай “Уул нь уламжлалаа сайн мэддэгсэн бол Мөнххааны уяачид хамгийн түрүүнд зоригтойхон хөдөлж холыг зорьж ирэх учиртай юм.  Даанч энэ сумын 30-40 -өөд оны уяачид цөм нас элж, хэлмэгдэлтэнд хүн, хурдан морьд нь  хүртэл өртөж сүүлд хурдан адуу нь нэгдэлд нийгэмчлэгдэж угшил нь мэдэгдэхээ больсноос залуу үеийхэн нь зориг итгэл муутай болсных уу, эсвэл зардал чирэгдлээс нь болсон уу төдийлөн зориглож олуулаа хөдлөх нь ховорджээ” хэмээсэн нь Мөнххаан нутгийн хурдан хүлгүүдийн удам гарвалыг бүдгэрч мартагдахаас сэргийлж, ахмад уяачдын залгамж халааг бэлдэхэд анхаараасай гэсэн санааг агуулж байна. 
Ардчилсан хувьсгалаас хойшхи амжилтын товчоон
Улс, аймгийнхаа наадамд нэр алдар нь нэг хэсэгтээ л тасраад байсан Мөнххаан сумын хурдан хүлгүүд 1990 оноос хойш чамгүй амжилт гаргаж эхэлсэн байдаг. Тухайлбал Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд газар газраас халхын довтой хурдан хүлгүүд ирж уралдсан бөгөөд энэ наадмын их насны түрүүг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Ш.Эрдэнэтуяагийн хүрэн халзан морь хүртсэн билээ.
“Өвгөн ноён-1997” зүүн бүсийн уралдаанд Мөнххаан сумын С.Ганхуягийн хар хязаалан түрүүлж мөн сумын уяач Д.Сайнбаярын хүрэн даага дөрөвт хурдалжээ. Үүнээс гурван жилийн дараа буюу “Өвгөн ноён-2000” зүүн бүсийн уралдаанд тус сумын уяач бураа хэмээх Ш.Пүрэвжавын зээрд морь айргийн тавд хурдалсан байна. 1999 оны 2 сард Сүхбаатар аймгийн Галшар сумын Төхөмийн шар ухаад болсон “Зоригт трейд” ХХК-ний нэрэмжит уралдаанд мөн сумын уяач  Д.Сайнбаярын хар азарга түрүүлсэн билээ. Энэ уралдаанд тухайн үедээ л нэрд гарч байсан хурдан хүлгүүд тоосоо өргөсөн байдаг.
1998 онд болсон Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд Мөнххаан сумын аймгийн Алдарт уяач Н.Пүрвээгийн саарал азарга арван хоёрт орсон нь ямархуу хурдан  хүлэг энэ нутагт үүрсэн байгааг илтгэсэн хэрэг байлаа. Мөнххаан сумын 3-р багийн иргэн Чимэддоржийн буруу гарт алдсан зээрд унага /азарга адуунаас/ азаар Аюуш уяачийн гарт очиж шүдлэн, хязаалан насандаа улсад хоёр удаа айрагдаж байна. Мөн сумын 1-р багийн иргэн Б.Идэрборгилоос Манлай уяач Г.Алтангэрэлд зарагдсан хүрэн азарга улсын наадам болон, Боржигоны наадмын түрүү магнай болж 2005 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн байна. Энэ хүрэн азарганы төл Г.Алтангэрэл, Бямбадорж нарын хоёр хүрэн даага 2005 оны улсын баяр наадамд түрүүлж айрагдсан юм. 2005 оны наадамд тус сумын гаралтай Ц.Энхбатын хүрэн хязаалан улсын наадамд түрүүлж, аймгийн Алдарт уяач бураа хэмээх Ш.Пүрэвжавын адууны гаралтай “Наран шарга” азарга  зүүн бүсийн “Их хурд-2005”- д айрагджээ.
Энэ бүхнээс харахад Мөнххаан сумынхан эрт дээр үеэс улбаалан ирсэн угшил сайтай хурдан хүлгүүдийн удам тасраагүй, гагцхүү морь таньдаг түүнийхээ уяа сойлгыг зөв нямбай тохируулдаг нэртэй уяачдын гар дээр очоод хурдалж байгаа нь ажиглагдаж байна. 
Мөнххаан сумын уяачдын 1975 он хүртэл улсын болон Хэнтий аймгийн наадамд уралдаж байсан амжилтуудаас үзэхэд: Уяач Жамбалын Балдан улсын наадмын гурван түрүү,  Томхүүгийн Чүлтэм хоёр түрүү, гурван айраг, Донойн  Гонгор нэг аман хүзүү, дөрвөн айраг, Д.Чүлтэмжамц хоёр түрүү, нэг айраг авч бусад уяачдаасаа дээгүүр амжилт тогтоосон байдаг. Харин Хэнтий аймгийн наадмаас тус сумын уяач Ваамбын Лувсандорж хоёр түрүү, гурван айраг, Гэрэлийн  Чүлтэм гурван айраг, Ж.Цэвээн гурван айраг авч бусдаасаа давуу амжилт үзүүлсэн байна. Бүр нарийн хөөвөл Мөнххаан сумын 15 уяач улсын наадмын 12 түрүү, 24 айргийг авсан байдаг бол Хэнтий аймгийн наадмаас 33 уяач 12 түрүү, 36 айраг авсан байна.Энэ бол зөвхөн 1975 он хүртэлх баримт. Наадамд очиж уралдсан цаг хугацаа нь богино гэж бодоход бас ч чамлахааргүй амжилт харагдаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна