"Самсаа бор"-ын эзэн боржигон их уяач

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 06 -нд

Ус нутгаа хүү нь алдаршуулдаг бол унаган хүлэг нь эзнээ таниулж, түмэн олонд алдаршуулдаг нь ном юм. Данзангийн Батчулууны саарал халзан морь эзнээ тийнхүү алдаршуулсан.   "Говь-Угтаалын Самсаа Бор" хэмээн нэрлэгдэж, олон ч наадамд нутгийнхаа нэрийг дуурьсгасан. Д.Батчулуун Говь-Угтаалын Морьт багийн "унага" юм. Удмын малчин Данзан хүүгээ дөрвөн наснаас нь хурданы морь унуулж. Ийнхүү Батчулуун арван тав, зургаа хүртлээ наадмын морь унаж өсчээ. Ажаагийнхаа нөмөр нөөлөг, адууны захад явж эр болж эсгий сунаж 1979 онд тэр бие дааж дөрвөн насны  морь уян түрүүлгэж айрагдуулан морь уях урам зориг нь улам бадарчээ.
Батчулуун уяач хөрш зэргэлдээ Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал зэрэг сумдын түүхт ойн наадмуудад тогтмол уралдаж, айраг түрүү олныг хүртжээ. Хурдан морь уяж сойх хийморьтой ажлыг тэр 30 гаруй жил хийж, адууны салхи, хүлгийн тоосонд тэнгэртэйхэн явна. Тэрбээр нутгийн уяач Монгол Улсын алдарт уяач Түвдэн, аймгийн алдарт уяач Гэлэгдаржаа, Сүрэндаваа, Баатар нартайгаа орон нутагтаа, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү, манлай уяач Цэрэндэжид нартай улс, бүсийн уралдаанд хамтран гал болон тэднийхээ зөвлөгөө, сургамжийг сонсон их бага наадмаас нийт 80 гаруй медаль хүртжээ. Тэдгээрээс зөвхөн саарал халзан морь нь 28 медалийг хүртсэн байдаг. Эзэн Чингисийн Боржигон удмын их уяачдын удам үл тасрах бөгөөд нар сарны дор наадмын хууч үл хуучрах авай.
"Тод магнай" сэтгүүл №40

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна