Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морийг хөндүүртэй байхад нь давхиулж, тарласнаас болоод хөөрүү зантай болдог

Тэлмэн
2015 оны 10-р сарын 02 -нд

Залуу уяач, морь сонирхогчдод зориулан хүргэдэг “Уяач зөвлөж байна” булангийн энэ удаагийн зочноор Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн, ММСУХ-ны тэргүүлэгч, Тод манлай уяач, улсын начин Цэвээнжавын Дуламсүрэн уригдан оролцож байна. 1989 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, улс, бүс, “Их хурд” уралдаанаас 11 түрүү, 40 айраг хүртэн уяачийн дээд цолонд хүрсэн түүнээс “Зуны уяа сойлгын онцлог, дээд гурван насны морины уяа” гэсэн сэдвээр  зөвлөгөө авлаа. Та бүхэнд  нэгийг сануулах бизээ. 
Сүүлийн үед хүмүүс морь уях талаар л ярьдаг болж. Гэтэл тэрний өмнө морь унаж, эдлэх тухай ярих ёстой. Энэ бол бүхэл бүтэн соёл юм. Тэр соёл нь мордох, зөв суухаас эхэлнэ. Бид эхлээд энэ соёлоо эзэмших хэрэгтэй байгаа юм.Тэгж байж дараа нь морь уях, уралдуулах тухай ярих ёстой. Сүүлийн үед морин уралдааныг хөгжүүлэх тухай их ярих болж. Яг үнэндээ бидний өвөг дээдэс хэдэн зууны турш үүнийг хөгжүүлсээр ирсэн. Одоо бид түүнийг нь үр хүүхдэдээ зөв өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Энэ талаар залуус маань дор бүрнээ бодож яваасай хэмээн хүсч байна.
Зуны уяа хэдийд эхэлдэг вэ гэхээр өвлийн зул сараас эхэлнэ. Зул сард морио унаж, эдлэн хорыг нь гаргадаг. Би хурдан морины уяа сойлго гэдгийг төв халхын уяаны арга барил гэж ойлгодог. Тэр ч утгаараа анх морь уясан цагаасаа эхлээд Төв аймгийн ахмад уяачдын хэлсэн үг, хийж буй үйлдлийг их хардаг байлаа. Данзаннямын хүрэн азарганы эзэн Тожил гэж мундаг уяач байлаа. Би тэр хүнтэй уулзаж байсан юм. 1988 оны өвөл шиг санагдана. Тэр үед би морь мал уяж эхлээгүй, гэхдээ аавынхаа адууг хөдөөнөөс авчирчихсан байсан л даа. Тэгсэн өвгөн “Өвөл нь 30 эмээллээгүй морийг, зун нь төрийн наадамд айрагдуулна гэж байхгүй дээ” гэж хэлчихээд  гараад явчихсан. Дээхэн үеийн өвгөчүүл морийг тэгж уядаг, ингэж уядаг гэж барагтай бол хэлдэггүй байсан шүү дээ. Тэр нь нуусандаа биш, “чадахгүй хүнд элдэв юм хэлчихвэл сайн адуугаар тоглочихно. Өөрөө биеэрээ үзэж, харж, туршиж байж мэдэх ёстой” гэсэн дээдчүүлийн ухаан байж л дээ. Өөрөөр хэлбэл уяач хүн адуутайгаа өдөр тутам харьцаж, унаж эдэлж байж ямар ажил хийж, яавал миний морь давхих вэ гэдгээ мэддэг болдог. Ерөөсөө л энэ санаа юм. 
Тийм ч учраас өвлийн эдэлгээ зуны уяанд маш чухал гэж дахин дахин хэлээд байгаа нь энэ. Одоогийн нөхцөл байдлаас харвал хаврын уралдаанууд уяа морьдод бас их ажил болж байна. Хаврын уралдааны дараа морио хэсэг амраагаад ногоолсны дараа дахин барьж,  наадамд бэлтгэж эхлэхийг зуны уяа гэж ойлгож болох байх.
Зуны уяаны хамгийн том бэлтгэл бол ногоонд гаргах явдал юм. Өөрөөр хэлбэл адуугаа аль болох эрт  ногоо идүүлэх ёстой. Хавар эртний ногоо өнөөдөр бидний нэмэлтээр өгөөд байгаа тэжээл, овъёосноос илүү. Түүнтэй харьцуулшгүй шим тэжээлтэй. Чухам тиймээс аль болох хавар эрт ногоо гарсан нутагт адуугаа гаргаж, эрт ногоонд цатгах хэрэгтэй. Болж өгвөл борогтой ногоо идүүлбэл адуу махан тарга авах нь илүү гэдэг. Дээхнэ үеийн хөгшчүүл сайхан зун болж байна. Адуу сөрж таргалаад гэлцдэг байсан. Сүүлийн жилүүдэд нэмэлт тэжээл өгөөд байхад адуу урьдын адил таргалахгүй байна. Үүнийг нь би хувьдаа газрын гарц буурсных гэж боддог. Уул, уурхай гээд хамаг хөрсийг нь эргүүлээд, усны ундаргыг нь тасалчихаар газар урьдын адил гардаггүй юм байна. Зарим нэг ургамал бүр ургахаа ч байж. Энэ нь адууны тарга тэвээрэгт нөлөөлөөд байх шиг.
4, 5-р сарыг элгэн цаг гэдэг. Элгэн цагт морио ногоонд цатгахын зэрэгцээ,  хөлөргөж тавиад гэдсийг нь солих зэргээр зуны уяандаа аажмаар бэлтгэнэ.Таван сарын дундуур, уяа бэлтгээд уралдах морьдоо хаврын салхинд хэд хоног уяна. Ингэж уяснаар морь онгойдог. Хавар уралдсан, хүч нимгэнтэй морийг заавал уях албагүй. Хавар уяагүй, зун дан уяагаар уралдах морийг уях нь илүү юм шиг санагддаг. Салхинд уяад болж дээ гэдгийг зогсолтоор нь мэдэж болно. Дөрвөн хөл  ойрхон зөв зогсож байвал “болж дээ” хэмээн тооцож болно. Мөн нүдний галаар нь мэдэж болно. Нүд тунгалаг, харц сэргэлэн болж алсын бараа хараад ирвэл “болж” гэж ойлгох хэрэгтэй.
Энэ бэлтгэлийн дараа буюу зургаан сарын эхээр морьдоо барин ёсолж, наадамд бэлтгэнэ. Морь барих өдрийг зөв сонгох  нь их чухал. Уяачид ихэвчлэн бар, туулай, гахай, нохой гэсэн өдрүүдэд морьдоо барьж, ёсолдог. Морь, нохой, бар ивээл учраас нохой өдөр морьдоо барьдаг хүмүүс олон. Туулайг хурдан гэдгээр нь бэлгэшээж нэг хэсэг нь морьдоо ёсолж байна. Миний хувьд гахай өдөр барьдаг. Яагаад гэхээр сүмбэр уулын оройд гарсан дөрвөн хөлтэй ганцхан амьтан бол гахай юм. Хүмүүс
гахай гэхээр тэжээмэл гахай гэж ойлгодог. Зэрлэг гахай л даа.
Ямар өдрөөс гадна ямар барилдлагатай байх нь их чухал. За тэгээд морины уяаны газраа бас их анхаарах хэрэгтэй. Ихэнх нь дэнж буюу бага зэргийн өндөрлөг газрыг сонгодог. Энэ нь зөв л дөө. Дээхнэ үеийн уяачид баруун хойд талдаа маягтай, сэргэлэн дэнж сонгодог байсан. Харин миний хувьд гэрийнхээ урд арай өндөрдүү газар морьдоо уядаг. Адуу галын дөлөнд сэргэж, цог заль нь бадарч байдаг. Тийм учраас уяаны ойр  гал түлээд, арц хүж уугиулахыг сайн гэдэг.
Морь уяж байгаа хүн жилийн дөрвөн улирал биш юмаа гэхэд ядаж наадмаас өмнө 40 хоног морио өглөө болгон хардаг байх хэрэгтэй. Тэгж байж чиний хийж байгаа ажил таарч байгаа эсэхийг, цаашид юу хийхээ мэдэж авна шүү дээ.
Уяа морийг өглөө эрт бариад, орой эрт тавих сайн гэдэг ч адууныхаа байдлыг мөн тооцож үзэх хэрэгтэй. Арван адуу уяж байгаа хүн арвууланг нь өглөө нэг цагт барина гэж ойлгож болохгүй. Өглөө адуугаа тууж ирээд, алийг нь хэдийд барих вэ гэдгээ уяач өөрөө шийднэ. Гэхдээ аажуу барина гээд халсан ногоо идүүлж болохгүй. Харин орой чийг буухаас урьтаж тавих ч, зарим адуунд нар жаргасны дараа ч ажил хийх нь бий. Мэдээж хүч муутай адууг өдөржин уяад, орой ажил хийнэ гэж байхгүй.
Ер нь мориныхоо хоолон дээр ажил хийх үү? Хоолыг нь шингэсний дараа ажил хийх үү гэдэг тухайн уяачийн мэдрэмжийн асуудал. Яг тэр ирийг нь барьж байя гэвэл хоолыг нь шингээгүй байхад ажил хийнэ.  
Хүчийг нь нимгэлье гэвэл хоол шингэсний дараа хийнэ. Яг үнэндээ бол энийг би хэлэх биш, уяач өөрөө л мэдрэх ёстой. Адуугаа мэдэрч байж л сая уяач болно шүү дээ.
Сүүлийн үеийн газрын гарц болон адууны тарга тэвээрэг, давхар уяатай эсэхээс хамаараад дээр үеийнх шигээ олон хоногийн ажил хийхээ больсон. Дээд гурван насны адууг дунджаар 25-30, бага адууг 21 хоног уях нь тохиромжтой.
Уяа эхлээд шууд ширүүн ажил хийж болохгүй. Ачааллыг нь тохируулж, бага багаар нэмж, Онон Тод манлайн хэлдгээр адуундаа урам өгч ажил хийх хэрэгтэй. Эхнээс нь зүрхийг нь үхүүлж болохгүй.
Одоо хэрэглэгдэж байгаа уяаны шалгарсан арга хэлбэр бол гурван өнжөөтэй дөрвөн удаагийн давхил байна. Тэр өнжиж байгаа гурван хоногт уяач өөрөө мэдээд мориндоо тохируулж, хөлс, тар, сунгааг хийнэ. Гурван өдөр гурвууланд нь амрааж болно, гурван өдөр ажил хийж болно. Морины байр байдлаасаа болоод аль нэг давхилыг нь алгасч болно. Сүхбаатар аймгийнхан хоёр өнжөөтэй мориндоо давхил хийдэг. За тэгээд уралдахынх нь урьд шөнийн хоолыг сайн тааруулах нь чухал. Тэр шөнийн хоолыг өөрөө тааруулж хэвших хэрэгтэй.  
Уншигчдаас ирсэн асуулт
-Амьсгааг нь задалж, хурд суулгахдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Уяачид тараар голдуу хурд суулгадаг. Би хувьдаа зуны морийг, тэр дундаа давхар уяаны морийг барагтай бол тарладаггүй. Ялангуяа хүч муутай моринд тар хэрэггүй. Монгол наадам цэвэр хатуужил, тэсвэрийн холын зайн уралдаан. Тэр утгаар нь би хувьдаа давхил, сунгаа, үсэргээ, хөлсөөр нь онгойлгохыг хичээдэг. Их тарлаад уухиа суучихсан морь хөөрүү хүүхдэд халтай болдог. Ер нь морийг хөндүүртэй байхад нь давхиулж, тарласнаас болж хөөрүү зантай болоод байх шиг.
-Тарган, туранхай адууны уяа сойлгын онцлог?
-Туранхай адууг мэдээж  хөнгөн аргаар зөөлөн уях хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ачаалал даах чадвар тааруу  гэсэн үг. Харин эсрэгээрээ тарган адуунд ажил их хийнэ. Уяачид ярьдаг шүү дээ. “Гарын ая даахаар адуу байна” гэж. Тэр нь тарган байнаа гэсэн үг. Эрлийзтэйгээ нийлээд адууг ерөнхийдөө дөрвөн давхилтай уралдуулдаг. Гэхдээ туранхай адуунд заавал эрлийз давхил хийх шаардлагагүй. Уяач мориныхоо байдлыг харж байгаад өөрөө шийдэх хэрэгтэй.
-Уяа нь буруудчихсан их морийг яах ёстой вэ?
-Уяач  хүн энэ морийг энэ жил уях уу, үгүй гэдгээ эхлээд сайн тооцох хэрэгтэй. Хурдан байлаа гээд жил болгон заавал уях ёстой гэсэн үг биш. Тэр тусмаа уяа нь буруудчихсан бол өнжих нь зүйтэй. Энэ жил өнжөөгөөд ирэх жил илүү амжилттай уралдуулж болно шүү дээ. Харин өнжөөсөн жилээ адуугаа зун нь ногоонд гаргаад, намар өөхөн таргыг нь авахуулаад өвөл нь өөхөн таргыг нь барж, хорыг нь гаргахдаа өмнөх алдаагаа засч болно. Жишээлбэл хөхийн тарга буюу буруу тарга байна. Хүч нь буучихаад байгаа хэр нь далан нь зузаан хэвээр байдаг. Далангийн хүчийг нь авах гэж байгаа нь гэж ажил хийсээр байгаад нийт  хүчийг нь бараад хаячихдаг тохиол бий. Энэ мэтчилэн нэгэнт уяа нь буруудчихсан гэж бодож байгаа бол тэр жилээ өнжих нь зүйтэй.
-Эр, эм мах гэж юуг хэлдэг юм бэ?
-Хөрстэй адууг эр махтай гээд байх шиг байгаа юм. Эсрэгээрээ нимгэн арьстай, үс нь шингэн адууг эм  махтай гэх байх. Адуу махнаасаа болоод өөр өөр давхилтай байх шиг санагддаг. Жишээ нь зун сэрүүн өдрийн уралдаанд эр махтай адуу илүү давхиж байхад, халуун өдрийн уралдаанд эм махтай нь илүү давхих маягтай. Морь түрүүлгэж айрагдуулна гэдэг дан ганц уяа сойлгоос шалтгаалахгүй тухайн өдрийн цаг агаарын байдал, дээр нь газар орны нөлөө байдаг учраас уяачид тэр өдрийн аз, эз мэднэ гэдэг байх.
-Өнгөрсөн жил тэжээлгүй, сүүгүй даага уясан. Гараа маш сайн байсан ч замын дундаас суугаад байсан.Тамир дутуу байна гэж үзээд энэ жил тэжээсэн. Яаж уявал зохистой вэ?
-Сүүгүй, сөнгө даагыг болж өгвөл хавар уралдуулмааргүй байдаг юм. Тэр тусмаа гараа сайтай байсан бол тэр жил өнжөөх л байж. Тэгсэн бол өнөө жил их л хэрэг болох байлаа. Замын дундаас суугаад байсныг би бол тамир нь дутаад үндсэн тамиртаа хүрч дээ л гэж дүгнэж байна. Энэ жил сайхан тэжээчихсэн бол зөөлөн уяагаар уях хэрэгтэй. Ер нь даага, шүдлэнг аль болох зөөлөн уяагаар уях хэрэгтэй. Урам өгөх маягтай. Моринд урам өгнө гэдэг нь өөрөөс нь дутуу морьтой уралдуулж, дийлдэг илүү гэдэг мэдрэмжийг өгөхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл адуу би урьд нь явах ёстой гэдгээ мэддэг болно гэсэн үг юм.
-Өнгөнд уралдаж байгаад үзүүр дээрээ суудаг адууг  хэрхэн суултгүй болгох вэ?
-Хүмүүс үзүүрийн цуцааг нь арилгана гээд өөд газар тарладаг. Гэхдээ яг юунаас болоод тэгж байна гэдгийг нь эхлээд сайтар тогтоох хэрэгтэй. Гэдэс дотор, зооны бариа, хүч тамир, дотуураа бүтэн онгойгүй байж болно. Олон шалтгаантай шүү дээ. Эхлээд шалтгааныг нь зөв олох хэрэгтэй.
-Зуны морьдыг хэдэн километрт сунгадаг юм бэ?
-Ахиад хэлэхэд мориноосоо хамаарна. Хамгийн хол нь дунд сунгаа 16 киломерт болж байна. Би бол 14-15 км сунгадаг юм. Ер нь дунд сунгаагаа 14-15 хүргэхгүй бол бас хэцүү л дээ.
-Та Монгол төрийн наадамд их нас, соёолон, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд азарга түрүүлгэсэн хүн. 2007 онд хоёр азаргандаа ямар ажил хийсэн бэ? Уралдахынхаа урьд шөнө хэдэн цагийн хоол өгч байв. Өглөө ер нь ямархуу янзтай мордсон бэ?
-Мориныхоо хүчинд тааруулаад 3-4 цагийн хоол өгдөг дөө. /Уралдахынх нь урьд шөнө/ Наадам зохион байгуулагч, уяач, үзэгч гэсэн гурван зүйлээс бүрддэг. Гэтэл манайхан аль нэг талыг нь барьж яриад байдаг. Уг нь гурвууланг нь ярих ёстой. Уяач морио хэдий сайн уясан  ч зохион байгуулагчдын буруугаас болоод үзүүлэх ёстой амжилтаа үзүүлж чадахгүй байх нь элбэг. Надад ч гэсэн тийм явдал нэг бус удаа тохиолдож байлаа. Уяачид хөтөлбөрт заасан цагт морио мордуулна гээд хоолыг нь тааруулдаг. Гэтэл тэр цаг нь урагшилж хойшлоод нөгөө уяачийн хөдөлмөрийг үрэн таран хийж, морины амжилтаас хойш татдаг. Энэ дээр л маш сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. Миний баримталдаг зарчим бол морь уралдахаас 4-6 цагийн өмнө зогссон байх ёстой. Тэгж байж хоол нь зөв шингэнэ.
За 2007 оны хувьд Босоо дэлт анх удаагаа улсад уралдсан. Босоо бол арга байхгүй тал нутагт төрдөг хурдан хүлгүүдийн нэг. Улсад хоёр уралдахдаа нэг аман хүзүүдэж, нэг гурваар давхиад, Их хурдад очиж бас гурваар давхисан. Магнай ч ялгаагүй хурдан сайхан буян.
Өвөл нь авчирч тэжээгээд, хавар дөрвөн сарын сүүлээр ногоо дөнгөж гарч байхад Алтанбулагийн нэг аманд манайх адуугаа аваад гарсан. Хамгийн түрүүнд манайх гарсан байх. Эвдэрхий хуучин худаг байсан, тэрнээс услаад эрт ногоо идүүлээд хоёулаа их сайхан таргалсан. Хавар ганц нэг уралдаад зөв онгойчихсон. Ер нь их аятайхан байсан л даа. Сунгаауудад ч гэсэн сайн байсан. Тэгэхээр нь Даваахүү ахад харуулах санаатай хамт сунгасан юм. Яагаад Даваахүү ахад үзүүлсэн бэ гэхээр 2004 онд байхаа. Азарганууд нь ид хурдан байхад бид хамт сунгаа хийгээд миний уяж байсан хоёр азарга, нэг азаргыг нь голдоо хийгээд ирсэн. Түүнд нь урамшаад зориуд майханд нь очиж уулзаад машиндаа дуудаж суулгаад асуусан чинь “хойно /улсад/ орох азарга өдийд морь болчихсон байдаг юм. Чиний хоёр азарга яах л бол доо” гэсэн юм. Нээрэн тэр жил миний хоёр азарга айрагдаагүй, арван хэдээр л давхисан.
-Морь болсон байх ёстой гэдэг нь их учиртай үг байж дээ?
-Азарганы уяа зөв, хурд нь орохоороо төмсгөө татчихдаг юм. Түүнийг нь л хэлсэн хэрэг.
-2007 онд хоёр азарга тань морь болсон байсан уу?
-Их аятайхан болсон байсан. Уралдахынх нь урьд шөнө дундаа нэг цагийн завсарлагаатай дөрвөн цагийн хоол идүүлээд мордуулсан. Манай зарим залуу уяачид уралдахын өмнөх шөнийн хоолыг идүүлэхдээ морио орхичоод өөрсдөө унтаад өгдөг. Тэгээд сэрүүлгээрээ сэрж цагаа хараад бариад уячихна. Дунд нь адуу унтаж амарсан эсэхийг тооцдоггүй. Яагаад гэхээр өөрсдөө унтчихсан юм чинь яаж мэдэхэв. Чухам тийм учраас хоёр туслахдаа хөтлүүлээд яг хоёр цаг идүүлээд нэг цаг амрааж, дахин хоёр цаг идүүлсэн. Аль нь билээ, нэг нь 1 цаг хагас идээд өөрөө унтчихсан. Тэр үед шарга азарга ид хурдан, босоо байлаа шүү дээ. Шаргатай уралдана, түрүүлнэ гэж тооцоогүй. Гэхдээ айрагдчих болов уу л гэж бодсон. Тэрүүгээр ч болсон. Харин “Их хурд” дээр Магнай үнэхээр өөр байсан шүү. Ёстой нөгөө ир нь орчихсон. Дөрвөн хөл дээрээ цэмцийтэл зогсч байсан даа. Улсын наадамд Дүүгүүр саарал түрүүлж, Магнай, Босоо хоёр айрагдчихсаны дараа би талийгч хүүдээ “азарганууддаа ажил хийж бай” гэж үлдээчихээд  өөрөө хэдэн бага адуу аваад Боржигоны бүсэд явсан юм. Тэндээс гурван айраг авчихаад ирсэн хүү “Босоогийн давхил өөр болсон байна лээ. Шороо идсэн байж магад. Та өөрөө нэг хараарай” гэдэг юм. Хүү бас Өмнөговь руу “Шанхын хурд”-д морьд авч явах гээд  сатаарсан байх л даа. Боржигоноос ирж нэг хоночихоод морьдоо ачаад Өвөрхангай руу гарлаа. Очоод гурван өнжөөтэй морьдондоо ажил хийлээ. Манайх дөрвөн азаргатай. Магнай, Босоо хоёр дээр Бураа Пүрэвжав агснаас авсан миний өөрийн нэг халтар азарга, /“Их хурд-4”-д  айрагдан алдаад чадаагүй/, Баттөмөр ахын нэг халзан азарга. Ингээд дөрвөн азаргаа есөн км-т сунгасан Босоо нөгөө гурваасаа км хойно ирж байнаа. Шороо идээд гэдсэнд нь хий суусан нь үнэн байж. Харин Магнай нь болохоор уралдаж ирчихээд хөлсийг нь хусч дуусаагүй байхад хоёр тийшээ бүтэн хөрвөөгөөд улсад уралдаагүй адуу шиг босоод ирсэн. Халтар азарга бол сайхан байна. Зээрдийгээ яахав гэж бодож байгаад Дугараагаар хийлүүлчихлээ. Манай Ганбаа чинь Өвөрхангайнх шүү дээ. Улсад азарга айрагдуулчихсан, нутагтаа уралдуулна гээд эхнэр хүүхдээ дагуулаад оччихсон. Нутгийн ой гээд баахан улс ирчихсэн байдаг. Зээрд морио аваад аймгийнхаа ойд уралдсан зургаад давхиж. Ганбаа сэтгэлээр нэлээд унаж байгаа бололтой. “Шийдсэн ажил хийх үү” гэсэн “та л мэднэ дээ” гэнэ.Тэгэхээр  нь гэдсийг нь жаахан бургуйдаж байгаад, аяга шар тосны талыг нь амаар нь,талыг нь бөгсөөр нь хийж, сэлдийг нь тэр чигт нь тослоод, хонины унгас олж, хоёр хавтсан дээр нь тавьж  нэмнээд, уяад хоночихлоо. Өглөө үүр хаяарахын алдад дөрвөн туур халзалж хөлс авлаа.
Халтар азаргаа харсан их сайхан байнаа. Сормуус нь ширхэг ширхэгээрээ салаад, нүд нь тунгалаг болчихсон. Тэгэхээр нь Баянаад “Ганц л азаргатай уралдана. Чи өөрөө мэдэж байгаа. Шийдсэн ажил хийгээд түрүүлэх үгүйг нь харж болно. Эсвэл бүр айраг ч үгүй үлдэж мэднэ. Чи өөрөө шийд” гэсэн нэг хэсэг дуугараагүй. Тэгж байснаа толгой дохисон. Тэр хооронд зээрд азаргандаа бас ажил хийгээд л байгаа. Өдөр нь тавьчихаад орой нь шар тос, арвайн гурилаар утлаа.
Наадмын урьд орой Хэнтийн хэсэг уяачид  ирээд намайг морьдондоо ямар ажил хийхийг харна гэнээ. Саарал мориныхоо ажлыг хийчихсэн байсан. Сунгаанаас хойш халтар азаргандаа ажил хийгээгүй байсан болохоор ариг авчихаж магад гэж бодоод хоёуланг нь ойрхон ухасхийлгэхээр шийдлээ. Тэгээд дэл сүүлийг нь боолгочихоод хэсэг алхууллаа, хоёр тойрог шогшууллаа. Гурав дахиа тойроод ергүүлж явсан Босоогийн ухархайных нь хөлс бөнжигнөөд, их аятайхан болж байнаа. Төрөө халтар азаргаа унаад зээрдийгээ хөтөлчихсөн тойруулж байгаа. Ахиад хоёр тойрог шогшуулсан Магнайгийн ташаан толгойны хөлс бөнжигнөөд ирж байна. Тэгэхээр “За болно” гээд болиулчихлаа. Намайг мориндоо хэрхэн ажил хийдгийг харах гэж ирсэн уяачид гайхаж байгаа бололтой юмаа./инээв/ Үүрээр адуугаа бариад уяаныхаа хоёр захад хоёр азаргаа уячихлаа. Гэрт орж хүйтэн цай уучихаад гараад ирсэн Магнай дөрвөн хөл дээрээ цэгц зогсоод унтаж байна. Унтаад хошуу нь газар хүрэхийн алдад сэрээд дахиад унтахдаа мөн л хошуу нь газар хүрч сэргээд... Тэгж л нэг удаа ирлэгдсэн юм даа. /санаа алдав/
Магнайг тэр жил улсад их бага хүүхдээр унуулсан. Харин “Их хурд”-д Анхаа гээд тэр жил морь унаад хасагдсан том хүүхдээр унууллаа. Би морь ташуурдахыг сайшаадаггүй хүн байгаа юм. Хүүхдүүдээ морь хамаагүй ташуурдлаа гээд зэмлэнэ. Харин тэр өдөр Баянаагаас зөвшөөрөл авчихсан учраас Анхаад “за би чамайг өнөөдөр морь ташуурдлаа, амыг нь татсангүй гэж зэмлэхгүй. Чи өөрөө мэдээд явахаар байвал явуулаад бай” гэж хэлээд мордуулсан. Харин Босоогоо Магнайгаас нэг цагийн илүү хоолтой мордуулсан. Хоолны бяраар уралдах гэж байдаг. Босоод тийм л тооцоо хийсэн л дээ.
-Босоогоо айрагдана гэж бодож байсан уу?
-Шарга, Магнай хоёртой уралдана гэхэд хэцүү шүү дээ. Тэгтлээ уяа нь алдарчихсан байсан адууг. Гэхдээ урьд өдрийн тэр багахан засалд л  найдаж байлаа. Өглөө  бас ч аятайхан байсан л даа. Гэхдээ дүүрэн итгэлтэй байгаагүй. Өнөөдөр нэг зүйлийг манайхан хүлээн зөвшөөрдөг. Тэр нь юу вэ гэхээр Магнайг түрүүлэхэд Босоо маш их үүрэг гүйцэтгэсэн. Та нар бичлэг үзсэн л байх. Шаргыг анх Магнай биш, Босоо нь дийлдэг ш дээ. Магнай хоёр ч очоод дийлэхгүй байтал Босоо зөв талаар нь дайрч урд нь гараад, Магнай нь буруу талаар нь дайрч өмнө нь гарсан шүү дээ. “Их хурд-4” –ийн эхний гурван  азарга дөрвийнхөө азарганаас хоёр км зайтай тасарч ирсэн байдаг.
-Егүзэр хээр, Дүүгүүр саарал хэмээх хурдан хүлгүүдийн тухайд юу хэлэхсэн бол?
-Егүзэр хээр хурдан морины олон шинж бүрдсэн хүлэг. Даацтай гэж гэдэг дээ, тийм л адуу. Ингэж хэллээ гээд саарал морийг муу гэж байгаа юм биш. Төрийн наадамд юу гэж муу морь түрүүлэхэв дээ. Сайн адуу, сайхан буян. Харин хурдан адуунд байх ёстой шинжүүдээс Егүзэрт нь арай олон шинж бий.
Егүзэр хээр нарийн уяатай адуу. Голын хоорондох зай ихтэй. Тэр утгаараа хоолны тохиргоо их нарийн.
Дүүгүүр саарлын хувьд бие жижигтэй ч зохилдолгоо сайтай адуу. Тэр утгаараа бага зэргийн уяаны алдааг тоохооргүй. Уяач хүнд адуу мэдэрнэ гэдэг үнэт чанар байдаг. Даваахүү Тод манлай тэр талаараа илүү. Нэг жишээ хэлье л дээ. 2007 оны улсын наадамд наймаар давхисан хүрэн морийг сунгаан дээр Дүүгүүр саарал гүйцэхгүй байсан. Эхний сунгаанд морьдоо сунгачихаад Даваахүү ахынд очлоо. Тэгээд морьд чинь ямар байна гэхээр “”ингэж давхилаа” гэсэн “азарганууд чинь яахав гайгүй ээ, гайгүй. Харин саарал морь чинь чамайг нэг баярлуулах нь дээ” гэж байна. Сунгаа дээр тав, зургаагаар яваад байгаа морийг улсад түрүүлнэ гэж хэлж байхгүй юу. Наадам боллоо. Даваахүү гуай бид хоёр Цагаан хөтөлийн урд, хар зам дээрээс морь дурандаж байсан юм. Саарал морь хөтөл өгсдөг дээр нэлээд ширүүн зургаагаар орж ирэхийг харчихаад “наадам чинийх болж байгаа юм бишүү” гэсэн. Цагаан хөтөл уруудаад саарал морь түрүүний хоёр морин дээр очоод нийлчихсэн. Түрүүлээд ирснийх нь орой Даваахүү ах “За одоо чамайг уяач гэе дээ” гэсэн. Тэгэхэд би Тод манлай уяач цолоо авчихсан байсан шүү дээ.
-Егүзэр хээр 2009 онд хоёр удаа аман хүзүүдсэн. Ямар дүгнэлт хийсэн бэ?
-Тэр жил их нас, соёолон хоёрынхоо нэгийг түрүүлнэ гэж бодож байсан ч бараагүй. Дээр хэлж байсанчлан их насны морь цагтаа мордоогүй. Тэрнээс болоод үзүүр дээрээ хүмүүсийн дэргэд ирээд дайруулж аман хүзүүдсэн шүү дээ. Нэг цагийн өмнө мордсон бол хээр морь түрүүлэх л байсан. Морь цагтаа мордоогүйгээс болоод амжилт нь хойшилсон уяачид олон бий. Надад гэхэд л хоёр гурван удаа ийм явдал тохиолдсон. Давхар уяагаар “Очирваанийн хурд”-д очсон. Тэлмэнгийн Аварга хээр гэдэг морьтой уралдах юм байна гэсэн тооцоо гаргаад, Увсын Зүүнговийн хүрэн морийг огт тооцоогүй л дээ. Тийм морь ирээд, тэгж араас ирээд үзүүр дээрээ дайрч түрүүлнэ гэж тооцоогүйдээ алдахгүй юу. Егүзэр хээрийг гаргаад таслах уу? үзүүр дээрээ шахах уу гэж бодсон л доо. Гаргаад явуулчихаар нөгөө хээр нь салахгүй байсан юм. Тэгээд салгахгүй явж байгаад үзүүр дээр нь шахна гэсэн тооцоотой явтал хүрэн морь ороод ирсэн. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр уяа зөв байсан ч өрсөлдөгчөө зөв тооцох хэрэгтэй байгаа юм.  Монгол наадам ухаарлын наадгай гэдэг үнэн шүү. 2009 онд Егүзэр улсад аман хүзүүдчихээр нь Лутбаярын шарга соёолонг түрүүлгэчих гэж их хичээсэн. Шөнө нь өөрөө манаж хоноод, өглөө уяа руугаа авч явахдаа Лутаад “өнөөдөр шарга соёолон нэг бол түрүүлнэ, үгүй бол гурваар давхина. Танай авгай хүүхэд дээлтэй ирсэн бол түрүүлнэ” гэж хэлсэн юм. Тэгсэн эхнэр хүүхэд нь дээлгүй ирээд гурваар давхичихсан. /инээв/ Морины амжилтанд унаач хүүхэд маш их нөлөөтэй. Би хүүхдэдээ “шарга үрээ чинь Зоос бор, Тугал ухаа хоёртой нь уралдана. Тэр хоёрыг нэг л дийлэх байх. Чи ард нь явж байгаад хүмүүсийн үзүүр хүртэл урд нь гарч болохгүй шүү” гэж захисан юм. Тэгсэн манай хүүхэд шонгийн модны тэнд өмнө нь гарч уралдаад, тэгээд дахиж дийлээгүй. Одоо тэрийгээ ярьдаг юм. Миний тооцоолсноор ард нь явж байгаад ганцхан дайрсан бол түрүүлэх боломж байсан. Би энэ жишээнүүдийг яагаад ярьж байна вэ гэхээр морь түрүүлж айрагдана гэдэг нэгдүгээрт уяачийн эрдэм буюу уяа сойлгоос, хоёрдугаарт наадмыг зохион байгуулагчдын хариуцлагаас, гуравдугаарт уралдааны тактикаас, дөрөвдүгээрт унаач хүүхдээс шалтгаалдаг гэдгийг л ойлгуулахыг хүссэн юм. Одоо миний хувьд хамгийн ихээр ойлгож, бусдад хэлмээр байгаа зүйл бол мориныхоо дэргэд л байнга байж, мэдрэх явдал юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Удахгүй болох төрийнхөө наадамд уясан хүлгүүд нь хурдан байж, түрүү айрагт хурдлахыг хүсье.
-За та бүхний ажилд амжилт хүсье. Монгол наадам сайхан болж, монгол заншил бий болсон зөв гольдролоороо зам жимээрээ яваасай хэмээн хүсэх байна.

"Тод магнай" сэтгүүл №66

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна