Хонины бороо тав түрүүлгэсэн Ц.Жанж Алдарт

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 02 -нд

Нэрт уяач Ц.Занданбал агсны шийрийг хатааж, Манлай сумынхаа нэрийг дуурсган хурдан хүлгэдээ уяж хурдлуулсан нэгэн эрхэм бол  Манлай сумын Жаргалант багийн уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Жанж юм. Төрийн наадмын торгон ногоон дэвжээг унаган хүлгэдээрээ чимж, олноо цэнгүүлж явсан тэрээр энэхүү эрхэм цолыг 1999 онд хүртжээ. Өөрөөр хэлбэл Ц.Жанж уяач Манлай сумаас төрсөн ууган улсын цолтон юм.
 Нутаг орондоо “өндөр” хэмээн алдаршсан Цэдэвийн гэр бүлд төрсөн тэрээр, үеийнхнийхээ нэгэн адил зургаан наснаас эхлэн хурдан морь унаж сурчээ. Моринд томдон хасагдахын цагт дээдсийнхээ нэгэн адил өөрөө бие даан уяа эвлүүлж, 1964 оны сумынхаа наадамд хүрэн даагаа айргийн дөрвөөр хурдлуулан өм нээгдэж байсан гэдэг. Түүний дараа жил буюу 1965 онд ухаа азаргаа айргийн таваар хурдлуулан Цэдэвийн хүү шаггүй уяач гэдгээ харуулаад авчээ. Ц.Жанж Алдартын нэрийг дуурсган гойд хурдалсан  хүлгүүдийн нэг нь энэхүү ухаа азарга бөгөөд 1966 онд сумынхаа наадамд аман хүзүүдэн, 1967 онд түрүүлж, 1968 онд дөрөвлөн, 1969 онд гурвалсан байдаг. Өөрөөр хэлбэл  ухаа азарга таван жил дараалан сумынхаа наадамд завсаргүй түрүүлж, айрагдсан бөгөөд сумын наадмын 15 түрүү, 31 айргийн нэлээдийг нь гүйцэлдүүлсэн билээ. 
 Хүлэг эзэн хоёрын хийморь цогцолж байж түрүүлж, айрагддаг гэсэн буурлын мэргэн сургаал бий. Чухам тийм тавилан Ц.Жанж Алдартад тохиосон нь таван түрүү, дөрвөн айргийн эзэн хурдан бор морь нь юм. Нэг их цастай жил адуугаа хурааж явсан Алдарт уяач хонины бор морь нь сүүлээ хатгаад хамраа тачигнуулан давхиж ирчихээд ижлээ гурав тойрчихоод адуундаа орохыг харжээ. Чухам тэр үед л анх бор морио уяад үзье гэх бодол төрсөн гэдэг. Хурд таньдаг бол хонины адуу ч хурдалдагийг харуулсан бор морь нь 1984 онд Манлай сумынхаа  баяр наадамд айргийн гуравт хурдлан, түүнээс хойш таван жил дараалан түрүүлж нутаг усныхныгаа шуугиулж байсан хурдан хүлэг билээ. Ийнхүү  суу алдар нь түгсэн бор морины эх тал нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын гаралтай адуу байсан гэгддэг бөгөөд Ц.Жанж уяач, түүний хүүхдүүдийн хайрлан дээдэлдэг шүтээн нь юм.
Хүсэлдээ хөтлөгдөн  уяа эвлүүлж, хийморь нь цогцлон айраг хүртсэн тэртээ 1964-1996 оныг  хүртэл Ц.Жанж аль ч наадмаас ганзага хоосон буцсан удаагүй бөгөөд 1997 онд аймгийн Алдарт уяач, 1999 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
 Дашрамд сонирхуулахад буурал уяач улсын Алдартын малгай гардахдаа уясан хүлгэдээ 34 удаа түрүүлгэж, 17 удаа аман хүзүүдүүлэн, 18 удаа  айргийн гуравт, 14 удаа айргийн дөрөвт, таван удаа айргийн тавд хурдлуулаад байсан гэдэг.
 Тэрээр хурдан хүлгийн уяа эвлүүлсэн 40-өөд жилийн хугацаанд аймгийн наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг. Харин  сумын наадмаас 15 түрүү, 31 айраг хүртсэн байдаг юм.  Ц.Жанж Алдарт адууныхаа удам угшлыг сайжруулахаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Дагвын адууны угшилтай шарга азарга, Цогтцэций сумын уугуул Норовдоржийн бор азарганы угшилтай  ухаа гүү, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгээс хурдан удмын байдас авсан гэдэг.  Ийнхүү дээдсийн буян Сарман угшлын адуугаа цус сэлбэж тордсон Алдартын амжилтын буухиаг хүү Ж.Батжаргал нь залгуулж, аймгийн Алдарт уяач цолонд хүрээд байна.

"Тод магнай" сэтгүүл №36

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.