Уралдаанч Т.Отгондорж: Хамгийн гоё наадам энэ жилийнх, яагаад гэвэл морио түрүүлгэсэн

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 21 -нд

Төрийн баяр наадмын эхний өдөр л унасан үрээгээ түрүүлгэлээ гээд баярлах хүү бол Түмэнбаярын Отгондорж. Од нь гийсэн сэргэлэн унаачийн хонгор үрээ түрүүлэн ирж, түмэн олноо баясгасан бөгөөд бяцхан уралдаанчтай уулзан баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Төрийн наадмын түрүү хүртсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Сайхан байна. Би олон жил төрийн баяр наадамд морь унаж байгаа. 2012 онд хар морь айргийн дөрөвт, 2013 онд Тэргүүн хонгорыгоо аман хүзүүнд хурдлуулж байсан. Өнөө жил хонгор шүдлэнгээ түрүүлгэлээ.
-Туршлагатай унаач байх нь. Түрүүлнэ гэсэн итгэл байв уу?
-Шүдлэн маань сунгаануудад хурдан байсан.Төрийн баяр наадамд орох байх, орох орохдоо түрүүлэх байх гэж битүүхэн бодож байсан. Миний хүслээр болж үрээ маань түрүүллээ.
- Хэд дэх жилдээ морь унаж байна байгаа билээ?
- Би таван настай анх морь унаж сурсан. Тэгээд зургаан настайгаасаа эхлээд хурдны морь унаж байна. Энэ жил 13 настай.
- Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
- 2008 онд Дундговь аймгийн Хулд суманд болсон уралдаанд азарга айрагдуулж байсан. Тэр азарга Жадамбаа ахын адуу байсан юм. Гэхдээ миний хувьд хамгийн гоё наадам гэвэл энэ жилийнх. Яагаад гэхээр төрийн наадмын түрүү хүртлээ. Өмнө нь дандаа айрагдуулдаг байсан
-Авхаалжтай уралдаанчийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна