Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулган: Тэнүүн хонгор маань энэ жил хоёр түрүүлж, нэг айрагдлаа

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 21 -нд

АХ-94 жилийн улсын их баяр наадамд Тэнүүн хонгор шүдлэнгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.

-АХ-94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд Тэнүүн хонгор үрээгээ түрүүлгэсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Баяр наадам сайхан боллоо. Төрийн наадамд зургаан адуутай очиж, хонгор үрээгээ түрүүлгэлээ. Тэнүүн хонгор маань улсын баярын дараа Өмнөговь аймагт болсон “Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн шүү дээ. Говийн бүсэд миний уясан шүдлэн үрээ мөн аман хүзүүдсэн.
-Одтой сайхан нааджээ?
- Говьсүмбэр аймгийн Баянталд болсон Засгийн газрын тогтоолт наадамд Тэнүүн хонгор маань гурваар давхиж, хонгор шүдлэн маань дөрөвлөн, манай дүү Эрболдын уядаг хул морь аман хүзүүдсэн шүү дээ. Хавар “Дүнжингарав”-аас эхлээд энэ жилийн хувьд улс, бүсийн наадмаас найман айраг, түрүү авлаа. Хонь жил хачин сайхан ээлтэй жил байлаа.
-Улсын наадамд шүдлэн түрүүлсэн. Бусад нас яаж давхисан бэ?
-Бусад нь тархины хэдтэй ойрхон явж байгаад жаахан унжиж, модтой давхицгаасан. Соёолон есөөр давхисан юм байна.
-Ингэхэд Тэргүүн хонгор дуулдсангүй. Уралдсан уу?
-Энэ жил өнжсөөн.
-Даншиг цагааны тухайд?
-Байгаа байгаа. Цагаан азарга маань шүдлэндээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой, “Говь шанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд тус тус айрагдаж байсан. Дараа жил нь 2012 онд “Их мандал-2012” говийн бүсийн уралдаандаа түрүүлж, Өвөрхангайн Есөнзүйлд болсон Өндөр Гэгээн Занабазарын Бат оршил өргөх даншиг наадамд таваар давхисан хурдан хүлэг.
-Аав хүү уяачид сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгааг морь сонирхогчид андахгүй ээ.
-“Тэнүүн говийн хурд” гал маань сүүлийн жилүүдэд  сайхан наадаж байгаа. Өнгөрсөн жил 106 айраг түрүү авсан бол, өнөө жил  120,130-аад айраг түрүү авсан байна лээ.
-Галын гишүүдээ танилцуулаач?
-“Шинэ дэлхий холдинг” ХХК-ийн захирал Л.Алтанхуяг, “Мөнх хайрхан” ХХК-ийн захирал А.Мөнхбаяр болон Чулууны Ганцогт, Оёогийн Мөнхбат, Чимэддорж, яруу найрагч Баянмөнх, дуучин Төрмандах, Цолмонбаяр нарын залуус бий.
-“Тэнүүн говийн хурд”-ынхандаа  амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна