Уралдаанч Г.Энхболд: Том болоод уяач, бөх болно

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 31 -нд

Хүрэн шүдлэнгээ айргийн гуравт, хонгор халзан соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулсан Гансүхийн Энхболд хүүтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа уншигч танаа хүргэе.
-Төрийн наадмаас хоёр айраг хүртлээ баяр хүргэе?
-Баярлалаа. Би өнгөрсөн жилийн улсын наадамд шүдлэнгээ 11-ээр давхиулсан. Энэ жил шүдлэнгээ айргийн гуравт, соёолонгоо айргийн дөрөвт орууллаа гоё санагдаж байна. Цэнгэлдэх ороод шагнал авах боллоо.
-Гэрийнхнээ танилцуулаач, танайд морь уядаг хүн бий юу?
-Манай аавыг Гансүх, ээжийг Очжаргал гэдэг. Би хоёр ахтай. Нэг ах маань морь уядаг. Сумандаа үрээ аман хүзүүдүүлж байсан.
-Хэдэн наснаасаа эхлэн морь унаж байгаа вэ?
-Дөрвөн настайгаасаа эхлээд морь унаж байгаа. Одоо 10 настай.
-Өнгөрсөн жил улсын наадамд уралдсан болохоор багагүй туршлагажсан байх?
-Тиймээ. Шүдлэнгээ дарж байгаад үзүүр дээр нь явуулаад түрүүлгэнэ гэж уг нь бодсон. Тэгсэн хадуураад сүүлд нь амыг нь арайхийн дийлээд айргийн гуравт орууллаа. Хадуураад явахаар нь их сандарсан, айрагдахгүй нь дээ л гэж бодсон шүү.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртсэн бэ?
-Өмнөговь аймагт болсон “Энержи ресурс” компанийн нэрэмжит уралдаанд Сахиус хар шүдлэнгээ айргийн дөрөвт оруулж байсан. Тэрнээс хойш аймаг, сумын наадмаас 40 гаруй айраг, түрүү хүртээд байгаа. Дундговийн “Их мандал” болон Дорноговийн бүсийн наадмуудаар уралдаж байсан.
-Энхболд сайн унаачаас гадна өөр ямар авьяастай бэ?
-Бөх барилддаг. Дэлгэрхангайн овооны тахилгад үзүүрлэсэн. Гэхдээ барилдахаасаа илүү морь унах дуртай.Том болоод уяач, бөх болно гэж боддог.
-Мөрөөдөл нь биелэг. Ярилцсанд баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна