Аймгийн алдарт уяач Ж.Рэнцэнпүрэв: Цолоо мялаагаад соёолон айрагдуулчихлаа

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 31 -нд

-АХ-ын 94 жилийн ойн их баяр наадамд хонгор халзан соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Хонгор халзан соёолонгоо дөрөвт давхиулж, төрийн наадмын анхны айргаа хүртлээ. Сэтгэл маш өндөр байна. Энэ дашрамд уяа сойлгыг нь тааруулсан МУ-ын Алдарт уяач Баярсайхан түүний хүү Лхагва-Очир  нартаа баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. Төрийн наадмын хишиг хүртээд үнэхээр их догдоллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олныхоо өмнө цоллуулаад зогсож байх шиг баяр жаргалтай мөч хаа байхав.
-Айрагдана гэж бодож байв уу?
-Миний хонгор халзан аман хүзүүнд явж байгаад  жаахан хадуурч дөрөвт орсон шүү дээ. Яг үнэндээ олон эрлийзүүдийг хасахгүй мордуулахаар нь битүүхэн эмээж л байлаа. Тэгээд унаач хүүхдэдээ “За миний хүү арав дотор гараад ирвэл дараатай яваарай. Урагшаа орж уралдах хэрэггүй шүү. 15, 20-оор гараад ирвэл явуулахгүйгээр татаад дараагийн уралдаандаа хадгална шүү” гэж захисан юм. Миний үрээ чинь жижигхэн, цэвэр Монгол адуу шүү дээ.
-Анх удаа улсын наадамд ирж байна уу?
-Би гурав дахь жилдээ улсын наадамд ирж уралдаж байна. Анх 2013 онд ирж Дарьганга гаралтай их насны буурал морио 31-ээр давхиулсан. Цагаан хөтөл хүртэл дөрөв, тав дээр явж нэлээд зарлагдсан шүү дээ. Тэгж суугаад 31-д ирсэн юм. Түүний дараа жил буюу өнгөрсөн жил дахин буурал морьтойгоо ирж, арваадаар зарлагдаж байгаад, хөл нь эвгүйтчихээр нь татуулчихсан. Гурав дахь жилдээ соёолонгоо айрагдууллаа.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц соёолонтойгоо л ирсэн. Манай дүү Лхагва-Очир азарга, бүдүүн морь, шүдлэнтэй ирж, шүдлэнгээ  айрагдуулаад, азарга, бүдүүн морь хоёроо замаас нь татуулчихлаа. Энэ жил Дундговийнхон маань  сайхан наадаж, олон айраг түрүү авлаа. Төв цэнгэлдэхэд тэгж олуулаа ороод цоллуулж байх ч бас л сайхан юм байна. Үнэхээр омогшиж байна лээ.
-Омогшихоос ч аргагүй юм. Хонгор халзангийн эзэн, хэзээнээс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон бэ?

-Манай авга ах аймаг, сумандаа сайхан наадчихдаг Жигжиддорж гэж буурал байсан. Ахыг маань залган МУ-ын Алдарт уяач Баярсайхан ах маань морь уяж байна. Би энэ сайхан хүмүүсийг дагаж моринд орсон доо. Хамгийн анх Баярсайхан ах маань надад өөрийнхөө хурдан хар азарганы төл Дүү зээрд гэдэг үрээг бэлэглэж, урам оруулж байлаа. Түүнээс хойш таван жил мориноос холдоогүй ээ. Аймгийн чанартай наадмаас таван түрүү, есөн айраг хүртэж, сар шинийн өмнөхөн аймгийн Алдарт уяач болсон.Тэгсэн цолоо мялаагаад улсын наадамд соёолонгоо айрагдуулчихлаа.
-Хурд их цуглуулж байна уу?
-Сүхбаатар, Дорнодоос нэлээд хэдэн адуу авсаан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай хэд хэдэн их морь бий. Дээр нь МУ-ын Алдарт уяач Баярсайхан ахын маань адуунаас нэлээд бий. Манай ах адуугаа эртнээс сайжруулсан хүн шүү.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг.Хаашаа явж наадахаар зэхэж байна вэ?
-“Говьшанхын хурд”-д  явах санаатай бэлтгэж байна даа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна