Уралдаанч М.Ганжигүүр: Энэ жилийн наадам хамгийн сайхан нь

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 19 -нд

Төрийн түмэн эх хээр халзан морины унаач Мөнхсоёлын Ганжигүүр хүүтэй уулзаж баярын сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч танаа хүргэе.

-Төрийнхөө их баяр цэнгэлд их насны морь түрүүлгэсэн хийморилог уралдаанчид баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Мөнхсоёлын Ганжигүүр гэдэг. Энэ жил  арван нас хүрнэ. Анх удаа улсын наадамд морь унаад түрүүлгэсэндээ үнэхээр их баяртай байна. Барианы цагаан шугам даваад л түрүүлчихлээ гэж бодсон.
-Төрийн наадмын түрүү хүртэх бахтай байлгүй яахав. Манлай уралдааны замд гарахад тань юу гэж захисан бэ?
-Сайн дарж яваарай гэсэн. Бас хааяа хааяа давираарай гэсэн. Хэлсэн ёсоор нь дарж байгаад бариа руу дөхөөд ирэхээр нь  морио шахаад түрүүлгэсэн.
-Халуун наранд морь унах хэцүү байв уу?
-Хэцүү бишээ. Би морь унах дуртай. Үүнээс өмнө бүсийн наадамд морио айрагдуулж л байсан.
-Хэдэн настайгаасаа эхлээд хурдан морь унаж байгаа вэ?
-Зургаан настайгаасаа эхлээд дөрвөн жил хурдан морь унаж байна. Хамгийн анх Эрдэнэтийн наадамд морио айрагдуулж байсан. Түүнээс хойш олон газрын наадамд морио түрүүлгэж, айрагдуулсаан.
-Хамгийн их сэтгэлд хоногшсон сайхан наадмаа дурсаач?
-Энэ жилийн наадмууд. Сумын наадамд бас морь түрүүлгэсэн. Тэгэхэд их гоё байсан. Одоо улсын наадамд морио түрүүлгээд бүр гоё байна. Цаашдаа улам илүү хичээж олон түрүү авнаа.
-Ерөөлөөр болог. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна