Ц.Энх-Амгалан: Будан зарга маань хавчигаасаа хойш айраг, түрүү алдаагүй ээ

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 18 -нд

Нутгийнхаа ойд хийморьтой наадсан Сумын Алдарт уяач Ц.Энх-Амгалангийн баярын сэтгэгдлийг уншигч олондоо хүргэж байна.
-Нутгийн дэвжээ хамгаалан одтой наадсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд азарга, хоёр даагатай очиж азаргаа аман хүзүүнд, даага айргийн гурав, дөрвөөр давхиулан одтой сайхан наадлаа. Миний будан азарга 80 жилийнхээ ойд мөн аман хүзүүдэж  байсан юм. Сая айрагдсан хоёр дааганы нэг нь  миний будан азарганы төл. Нөгөөх нь будан азарганы ахынх нь төл  байгаа. Өөрөөр хэлбэл аав хүү хоёр, ах дүү хоёрыг айрагдууллаа.
-Бэлгэшээлтэй сайхан л юм. Будан азарганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Дэлгэрэхийн Тайж угшилтай. Хуурай дүү сумын Алдарт уяач Намжилдоржоос худалдаж авч байсан юм. Будан азарга багадаа уягдаагүй ээ. Хавчиг жилээ уягдаад тэрнээс хойш айраг алдаагүй. 2010 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, сумынхаа 80, 90 жилийн ойд аман хүзүүдэн, сумын баярт хоёр айрагдаад байгаа адуу даа.
-Сумын 90 жилийн ой өмнөх түүхэн ойнуудаас юугаараа онцлог болсон бэ?
-Сумын түүхт ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Ер нь түүхэн ой болгон өөрийн гэсэн онцлогтой болдог. Гурван жилийн өмнө манай сум үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойгоо тэмдэглэсэн нь буруу тоолол бариад алдаа гарсан байна. Энэ жил 90 жилийн түүхт ойгоо үнэн зөв болгон тэмдэглэж байгаад ахмадууд баяртай байгаа.
-Хэзээнээс хурд ирлэн уяа тааруулж байгаа билээ?
-Би найман настайгаасаа эхлээд 14 хүртлээ хурдны морь унаж, моринд томдоод л уяачийн ажилд шилжиж, сүүлийн арваад жил тасралтгүй морь уяж байна. Миний уяаны багш аймгийн Алдарт уяач Арилд гэж хүн бий. Манай хүргэн ах байгаа юм. Багшийнхаа заавар зөвлөгөөг дагаж морь уяад 2012 онд 30 гаруй айраг, түрүү авч, сумын Алдарт уяач болсон доо. Одоо айраг, түрүүний тоо 40 хол даваад 50 дөхөж байгаа.
-Эртнээс хурдтай нутгийнхан удам дамжин морь уях нь элбэг. Таны хувьд?
-Миний ээжийн ах Цээдээ гэж хурдан борлог азаргануудтай хүн байлаа. Бүр Цээдээ борлог гэдэг угшил хүртэл бий болсон байдаг. Би хүү, охин хоёртой. Хүү маань таван настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Одоо 20 настай залуу, морь уяад л явж байна. Дотроо хүүгээ гайгүй уяач болчих болов уу гэж горьддог шүү.
-Хаа хаана наадаж байв?
-Хэнтий болон ойролцоох сумдын наадамд очдог. Тэдгээрээс хамгийн сайхан наадам бол
Будан азаргаа түрүүлгэсэн  2010 оны Хэнтий аймгийн баяр юм даа.
-Дараагийн наадам хаана вэ?
-Будан азаргаа амраагаад хоёр даага, нэг хязаалантай аймагтаа болох зүүн бүсийн уралдаандаа очно доо.
-Амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна