Аймгийн Алдарт уяач Ж.Нямнамжир: Халзан соёолон маань тав түрүүлж, найм айрагдаад байна

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 18 -нд

Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолонг төрөлх сумынхаа 90 жилийн ойд түрүүлгэсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Нямнамжирын яриаг уншигч танаа хүргэж байна.

-Түүхт ойдоо аз хийморийн бэлгэдэл болсон соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сумын маань 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж, хүрэн халзан соёолонгоо түрүү магнайд хурдлууллаа. Сэтгэл өндөр баяртай байна.
 -Түрүү хүлгийнхээ удам, угшлыг танилцуулаач?
-1997 онд Мөнххааны Сандагаас хурдан хүрэн азарганых нь  төлийг авч, азарга тавиад гарсан төл нь энэ хүрэн халзан байгаа юм. Эх нь болохоор манай өөрийн унаган гүү.
-Хүрэн соёолон хэзээнээс  эхлэн уягдсан бэ?
-Дааган цагаасаа эхлээд хурдалсан адуу даа.100 дааганы  уралдаанд хол түрүүлж, амжилтын гараагаа эхлээд, шүдлэндээ Хорихын 40 жилийн ойд таваар давхисан. Ноднин намар хязааландаа Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны  наадамд аман хүзүүдэж, Бэрхийн уурхайн 60 жилийн ойд хоёроор давхисан ч гараа хүрээгүй гээд хассан. Түүний дараа Мөнххааны Гэсэрийн тахилга наадамд түрүүлээд, энэ жил Баянхутаг сумын наадамд айрагдаж давхар уяагаар сумынхаа ойд түрүүллээ.Ер нь уралдсан болгондоо айраг, түрүү алддаггүй адуу даа. Одоогийн байдлаар таван түрүү, найман айраг аваад байгаа.
-Сумынхаа ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Соёолонгоос гадна саахалтын дүүгийн нэг азарга, өөрийн хоёр шүдлэн нийт дөрвөн адуутай очсон. Шүдлэнгийн нэг нь долоод нөгөөх нь 14-т орлоо. Миний уясан Очирваанийн бор азарга мөн түрүүлсэн. Бор азарга над дээр дааган цагаасаа эхлэн уягдаж байгаа. Соёолондоо сумынхаа 80 жилийн ойд гуравт давхиж, ноднин Бэрхийн ойд дөрөвт орсон юм. Манай сумын наадамд Хэнтийн Галшар, Баянхутаг болон Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Мөнххаан, Уулбаян зэрэг олон газрын хурдан хүлгүүд ирлээ.
-Алдарт хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ?
-1979 оноос эхлээд 30 гаруй жил хурдан хүлгийн сүүл шууж, нийт 30 гаруй түрүү, 80 гаруй айраг хүртэн 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Хэнтий, Сүхбаатар аймгийн олон ч сумын тэгш ойд морьдоо айрагдуулж байлаа. Өөрийнхөө сумын 60 жилийн ойд шүдлэн түрүүлгэн 80 жилийн ойд ч морь айрагдуулсан. Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 90 жилийн ойд соёолон түрүүлгэсэн.
-Одтой  сайхан наадаж байгаа юм байна?
-Хэнтий аймгийн баяр наадамд хээр хязаалангаа түрүүлгэж, хонгор даагаа айргийн дөрөвт хурдлуулж байсан. Мөн Галшарын ойд хар морио гуравт, Тайжийн хурдад хар морио аман хүзүүнд хурдлуулж байлаа. Морь уясан цагаас хойш айраг, түрүүний тоо 150 даваад байгаа. Энэ жил гэхэд л  би хоёр түрүү, есөн айраг авлаа.
-Танай сум удам дамжсан уяачид олонтой. Танай удамд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг эрхмүүд байв уу?
-Манай эцэг Дашийн Жигмэдсамбуу гэж айраг алдалгүй нааддаг сайн уяач байлаа. Аав маань бие муутай болохоор уяаны ажлаас эрт хөндийрчихсөн юм. Түүнээс биш цагтаа сайхан барилдчихдаг, дуулчихдаг  хүн байсан.
-Багадаа аавынхаа уясан морьдыг унадаг байв уу?
-Ах, аав хоёрынхоо морийг унаж байсан. Намайг морь унаж сурахад манайх нэгдлийн хонь хариулаад адуу цөөрчихсөн, ах маань сургууль соёл, цэрэг цуух гээд явчихсан байсан.
-Таны үр хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Би хоёр охин, ганц хүүтэй. Хүүг маань  Оюунболд гэдэг. Одооноос л морь уяж эхэлж байна. 
-Сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Сумын наадамд дөрвөн морьтой очоод дөрвүүлэнг нь айрагдуулж, аймгийн наадамд хоёр адуутай очоод нэгийг нь түрүүлгэн нөгөөг нь айрагдуулж л байлаа. Овоо, тахилга, сум, аймаг гээд морь айрагдуулсан бүх л наадам уяачид сайхан дурсамж үлдээдэг шүү дээ. Ер нь тэгээд уяач хүн наадмыг их, бага гэж ялгах хэрэггүй юм байгаа юм.
-Алдарт аймагтаа болох бүсийн уралдаанд явах уу? 
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Морьдынхоо байдлыг харж байгаад болно доо.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна