Н.Жүгдэрпүрэв: 150 сая төгрөгийг уралдаанч хүүхдүүдэд урамшуулал хэлбэрээр олгоод байна

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

Төрийн наадмын түрүү, айргийн хүлгүүдийг унаж хурдлуулсан уралдаанч хүүхдүүдийг “Монгол глобал” ХХК-аас нэг сая төгрөгөөр урмашуулдаг уламжлалтай. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа энэхүү үйл ажиллагааны талаар Хүй долоон худагт ажиллаж буй тус компанийн төлөөлөгч Нямбаатар овогтой Жүгдэрпүрэвээс тодрууллаа.
-“Монгол глобал” ХХК амжилт үзүүлсэн уралдаанч хүүхдүүдээ 1 сая төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай. Хэд дэх жилдээ энэхүү урамшууллаа олгож байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ олгож байна. Хамгийн анх 2011 онд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц алтан гулдмай өгч байсан бол хоёр дахь жилээс нь  нэг сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг олгодог болсон.  Эхний хоёр жил эрлийз ангиллаа оролцуулаад 90 хүүхдэд урамшуулал олгосон бол гурав дахь жилээс нь монгол ангиллын зургаан насны түрүү, айргийн 30 хүүхдэд л нэг сая төгрөгийн хадгаламжийг олгож байгаа. Улсынхаа наадамд амжилт үзүүлсэн уралдаанч хүүхдүүд, 18 нас хүрсэн хойноо энэхүү хадгаламжаа өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болно.
-Аль банкинд өгсөн бэ?
-Энэ жил Төрийн банктай хамтарч байгаа.  Хадгаламжийн дэвтрээс гадна “Хүүхдүүдийн Санхүүгийн мэдлэгт” гэсэн гарын авлагыг мөн олгож байгаа. Энэхүү авлагаас хүүхдүүд мөнгөн хадгаламж нь хэрхэн өсөх талаар мэдээлэл авах юм.
-Сая төгрөгийн хадгаламжийн дэвтрээ хэдийд гардуулж байгаа юм бэ?
-Урьд жилүүдэд хүүхдүүддээ урилга өгөөд 13-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу гардуулдаг байсан бол өнөө жилээс эхлээд Хүүхдийн Төлөө үндэсний төвтэй хамтран уралдаан болгоны дараа газар дээр нь гардуулж байгаа.
-Олон жил морь унаж, тогтмол амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийн хадгаламж нэлээд өссөн байх. Хамгийн өндөр хадгаламжтай нь хэн гэдэг хүүхэд байна вэ?
-Яг тэр нарийн сайн мэдэхгүй байнаа. Нэг жил 2-3 сая төгрөгний хадгаламжтай болж байгаа хүүхдүүд цөөнгүй бий.
-Танайхаас өөр уралдаанч хүүхдүүдийг тогтмол урамшуулдаг газар байхгүй санагдана.
-Тиймээ. “Монголдоо сайхан амьдарцгаая” уриалгатай “Монгол глобал” компани  бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Манай компанийн Ерөнхий захирал Ганбаяр гэдэг хүн бий. Захирал монгол өв соёлоо авч яваа хүүхдээ урамшуулж, дэмжих үүднээс энэхүү санаачлгагыг гаргаж, дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
-Одоогоор хэдэн хүүхдэд энэхүү шагналыг өгөөд байгаа вэ?
-Нийтдээ мөнгөн дүнгээр нь тооцоход 150 сая төгрөгийн хадгаламжийг олгоод байна. Мөн
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны  дунд сургуульд хоёр, гурван автобус бэлэглэсэн. Энэ мэтчилэн манай компан хүүхдийн төлөө нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа.
–Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна