Аймгийн Алдарт уяач Г.Оюунбаатар: Таван жилийн турш адуугаа буутай манадаг байсан

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 06 -нд

Завхан аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Оюунбаатарын яриаг хүргэж байна.
-Манайхан Тэс адууг адгуулж ирсэн улс гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Манай аав нэгдлийн адууг 32 жил маллаж, манай сумын хурдны гол цөмийг адгуулж байгаад 1980 онд хүргэн ах Төмөрбаатарт хүлээлгэж өгсөн. Түүнийг л хэлж байсан юм. Аав маань нэгдлийн адуунаас халтар морь уяж сумандаа түрүүлгэсний маргааш нь чоно идсэн юм билээ. Тэгээд дахиж морь уяагүй хүн. Харин миний хувьд нэгдлийн олон адууны захад өсч даага сургаад өөрийн гэсэн гурван адуутай болж байсан. Түүний дараа 1981 оноос Дорнодын Халхгол суманд гурван жил цэргийн алба хаахдаа адуу маллаж байлаа. Өөрөөр хэлбэл, би Монголын баруун хойд хязгаар, зүүн өмнөд хил дээр адуу малласан хүн. Үүгээрээ бас их бахархаж явдаг. Манай Тэс адуу махлаг, гол яс сайтай, холч, тамир ихтэй. Хэдэн өдрийн уналга өлхөн даана. Харин зүүн талын адуу хөнгөн ястай хөлийн хурдтай юм билээ.
-Чансаа өндөр ямар наадмуудад оролцож байв?
-2000 оны Баянтэсийн даншигт халиун шүдлэн айрагдуулсан. Халиун үрээ маань сумандаа нэг түрүүлж, нэг айрагдсан адуу. Мөн 2003 онд аймгийн 80 жилийн ойгоор унаган шарга азаргатайгаа очиж айрагдуулсан. Тэр маань сумандаа дөрөв түрүүлж, найм айрагдсан адуу. Дараа нь намайг морь уялгүй өнжих зуур Батмөнх дарга авч улсад очоод 16-д давхиулсан.
-Моринд дуртай хүн наадам өнжөөж чаддаггүй л гэдэг?
-Морь уургалж байгаад чирэгдээд элгээ няцалж, нуруу хавиргаа бэртээгээд 2004 оноос хойш олон жил эмнэлгээр явлаа. Бэртэл ихтэй гээд одоо ч гэсэн морь мал унуулахгүй л юм. Миний чирэгддэг адуу Зүүнхангайн Сувдын хар гэж зартай морь л доо. Өвөл газрын дээрээс ороод ирэхлээр нь болмоор санагдаад уургалчихсан чинь хөлдүү газар морь халтирч ойчихдоо морины дээрээс дараад тэгээд л ийм болчихлоо. Гэхдээ дуртай юм болохоороо хэдэн жил завсарлаад ахиад л уяж байна.
-Яриа эхлэхэд Тэсийн голын цөм сүргийг манайхан адгуулж байсан гэсэн. Тэгвэл одоо тэр удмын адууг ямар хүмүүс маллаж байна вэ?
-Дүгэрсүрэн, Төмөрбаатар нар  Тэс адуугаа хадгалж байгаа ч манай сумын олон залууд Тэс адуу бий.Ховдын Амараа гэж залууд би Тэс угшилтай халиун үрээ өгсөн. Аймаг, бүсэд тогтмол сайн давхидаг гэнэ лээ.
-Нэг үе Тэс адууг хулгайлан хил давуулж байна гэсэн яриа гараад байсан. Тэр хэр үнэний ортой вэ?
-1990-ээд оны эхэн үед нэг хэсэг үнэхээр хэцүү байсан шүү. Тува нар буутай орж ирээд айлуудын малыг туугаад явчихдаг. Гэрийнх нь эзнийг хүртэл хөнөөчихөөд малыг нь аваад явчихсан тохиолдол ч гарч байсан шүү дээ. Би дал гаруй адуугаа хашчихаад шөнө сум ороод ирэх хооронд Тувачууд буудаж байгаад хөөгөөд явчихсан байсан. Маргааш нь хэдэн хүнтэй араас нь хөөж байж талыг нь олж ирсэн. 1996 оноос нутгийн хэдэн залуус цуглаж адуугаа туугаад ууланд оторлож байнгын манадаг байсан. Таван жил тэгж манасны хүчинд хэдэн адуутайгаа үлдсэн дээ. Нэг үе харуй бүрий болонгуут нэгнийдээ буудаг монгол хүн байхгүй болсон шүү дээ. Нохой хуцахаар буутайгаа гарч харна. Тийм цөвүүн өдрүүд ард хоцорч дээ.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна