Уралдаанч С.Очирваань:Дүрэмт хувцас өмсөөд Хүрлээ ах шигээ бригадын генерал болохыг хүсдэг

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 17 -нд

Увс аймгийн  Бөхмөрөн сумын харьяат, уралдаанч Сайнбуянгийн Очирвааньтай хэсэг хором хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаа вэ?

-Би таван настайдаа  морь унаж сурсан. Тэрнээсээ хойш хурдан морь унаж байна. Хамгийн анх таван настайдаа аавынхаа хээр соёолонг унаж сумын наадамд таваар давхиулж байлаа. Дараа жил нь Нэмэхбаяр ахын хул азаргыг унаж сумын наадамд түрүүлгэсэн. Ахиад дараа жил нь Сосорбарам  ахын халиун азаргыг гурваар давхиулсан. Тэр жилээ ахиад халиунаа унаж нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Тэрний дараа жил Отгонбаяр ахын хул морийг Сагил, Түргэн, Бөхмөрөнд түрүүлгэсэн. Бас Отгонбаяр ахын халиун соёолонг аман хүзүүдүүлсэн.
-Морь унаж сурсан цагаасаа эхлээд л амжилт гаргажээ дээ?
-Тиймээ. 2012  онд Баян-Өлгий аймагт болсон даншиг наадамд Сосорбарам ахын халиун азаргыг есөд оруулсан.Тэгэхэд 150 азарга уралдсан  юм. Бас халиуныг нь  300-н хэдэн мориноос 90-д авчирсан. Ховд сумын 70 жилийн ойд Нэмэхбаяр ахын ухаа азаргыг гуравт оруулсан. Бас Цэнд-Аюуш ахын халтарыг дааганаас нь эхэлж айрагдуулаад соёолонд нь түрүүлгэсэн. Өөрийнхөө алагыг гунанаас /шүдлэнгээс нь /нь эхэлж хавчиг хүртэл айрагдуулсан.
-Нэг наадамд дунджаар хэдэн насны морь унадаг вэ?
-Ойрын хэдэн жил сумынхаа наадамд дандаа зургаан насны морь унаж байна. 2009 оны наадамд таван нас айрагдуулсан.
-Ядрах юм уу?
-Гайгүй ээ, манай сум гарааны төхөөрөмж ашигладаг болохоор морь дутуу эргэнэ гэж санаа зоволтгүй. Халуун өдөр л жаахан хэцүү дээ.
-Аль газрын наадам илүү сайхан болдог юм шиг санагдсан бэ?
-Баян-Өлгийд болсон бүсийн наадамд их олон морь уралдсан.
-Танай энд хаврын уралдаан болдог уу?
-Ногооннуурт болдог. Тэнд уралдаж байсан. Хаврын уралдаан харин жаахан хэцүү юм билээ.
-Хурдан морь унаад хамгийн дээд тал нь ямар шагнал авч байв?
-Би хамгийн дээд тал нь мориор шагнуулж байсан. Одоо хоёр морьтой.Сосор ахын өгсөн алаг морь айрагдаад л байгаа. Отгоо ахын өгсөн халтар морийг одоогоор уяагүй.
-Танай гэрт чамаас өөр хурдан морь унадаг хүүхэд бий юу?
-Манай гэрээс дөрвөн хүүхэд морь унадаг.
- 19 нас хүрч байгаа гэхэд харьцангуй намхан байна шүү?
-Тиймээ үеийнхэн дундаа намханд ордог. Манай гэрийнхэн ер нь намхан л даа.
-МСҮТ-ийг төгссөн юм байна. Ямар мэргэжилтэй вэ?
-9-р ангиа төгсөөд Улаангомд коллеж төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажиллъя гэж бодохгүй байгаа. Удахгүй хотод байдаг ах дээрээ очиж барилгын компанид ажиллах байх. Одоохондоо аавдаа морь уяхад нь тусалж байна.
-Мөрөөдлөөсөө хуваалаач?
-Цэргийн хүн болохыг мөрөөддөг. Дүрэмт хувцас өмсөөд аавын хамаатан бригадын генерал Хүрлээ ах шигээ хүн болохыг хүсдэг.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээгээрэй. Ярилцсанд баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна