“Интермед” эмнэлэг ойн баяраараа сайн үйлсийн аян өрнүүлж байна

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 20 -нд

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадагшаа чиглэсэн урсгалыг багасгаж, эх орондоо эмчлүүлэх боломжийг Монголчууддаа олгох зорилготойгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс компани, Шунхлай групп болон хувь хүмүүс хамтран байгуулсан “Интермед” эмнэлэг нэг жилийн ойтойгоо золгожээ. Энэхүү тэмдэглэлт өдөртөө зориуланэрүүл мэндийг дэмжих “Эрүүл ирээдүйн төлөө” уриатай гурван сарын аяныг зарлаж, нийгмийн хариуцлагатай, хүмүүнлэгийн үйлсийг санаачлан хэрэгжүүлээд байгаа аж. Тухайлбал, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж тоглоом, хувцас, номын хандивын аян өрнүүлж, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байрлах 165 дугаар цэцэрлэгийн 150 гаруй хүүхдэд тус эмнэлгийн хамт олны өгөөмөр сэтгэлээр цуласан ном, тоглоомыг бэлэглэжээ. 165 дугаар цэцэрлэгийн хувьд орон тооны, албан ёсны эмч байдаггүй тул өвчлөл харьцангуй ихтэйд тооцогддог. Тийм учраас“Интермед” эмнэлгийн хүүхэд, чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмч, сувилагчаас бүрдсэн баг очиж, 81 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн байна.
Түүнчлэн тус эмнэлгийн “Эх барих, эмэгтэйчүүд- Хүүхэд нярайн” тасгийн хамт олон эмнэлгийнхээ нэг жилийн ой, Олон улсын эх баригчдын өдөр, Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, хамт олноосоо цуглуулсан сайн санааны бэлгээ хандивлан, бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.
“Эрүүл ирээдүйн төлөө” аяны хүрээнд“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр сургалтын үндэсний төв”, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн албатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ. Энэ дагуумэдрэл, зүрх судас, уушги, бөөр, мэс засал, сэргээн засахын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, шаардлагатай цус, шээс, нүдний шинжилгээнд хамруулснаас гадна цооролтын шархны эмчилгээ, боолт зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэд энэхүү сайн үйлсэд талархахын зэрэгцээ тэдэнд зорчиход саадгүй зориулалтын зам, лифт, угаалгын өрөө, босгогүй хаалга зэргээр барилгын бүтэц, зохион байгуулалтыг сайн төлөвлөж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлсэнд олзуурхаж байв.
Мөн “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран нийт ажиллагсдынхаа дунд “Дусал цус амьдрал бэлэглэнэ” уриатай цусаа бэлэглэх өдөрлөгийг зохион байгуулж, “Интермед”-ийнхэн хамтдаа 130 гаруй хүний амь нас аврах хэмжээний цус хандивласан байна. Үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт ойн өдрөөрөө сайн үйлс санаачлан хэрэгжүүлэх жишгийг бий болгож буй тус эмнэлгийнхэн бусад эмнэлэг, албан байгууллага, иргэдийг энэхүү энэрэнгүй үйлсэд нэгдэж,цусаа хандивлахыг ч уриаллаа.

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна