Ахмад сэтгүүлч Л.Сандуй: Дэндэв тайж, Галсан банди нарын унаачаас ярилцлага авч байлаа

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 18 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, ахмад сэтгүүлч Л.Сандуй гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Аймгийнхаа шандаст хурдан морь, эрдэмт мэргэн уяачдын  талаар олон бүтээл туурвисныг тань мэдэх юм байна. Хэзээнээс энэ чиглэлээр бичих болсон юм бэ?

-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. Хүүхэд байхдаа буюу 1950 хэдэн оны үед хурдан морь унаж явлаа. Хөдөө өсч, хурдан морь унаж явсан хүн моринд элэггүй байхын аргагүй юм билээ. Өөрөө энэ чиглэлээр сонирхдог учраас нэг мэдэхэд л энэ чиглэлээр бичдэг болсон байсан.
-Танай нутаг ч хурдны өлгий л дөө?
-Тэгэлгүй яахав. Төрсөн нутаг, өссөн орчин бас их нөлөөлсөн. Манай Дорноговь хурдантай газар. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр Дэндэв тайж, Галсан банди гэдэг хоёр том угшил бий. Энэ хоёр хүн хоёулаа Дэлгэрэх сумын нутагт төрж өссөн. Манай Дэлгэрэх сум зүүн хойд талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, хойд талаараа Хэнтийн Галшартай  залгадаг. Галшар сум бол хэзээнээсээ Монголын  хурдан морины өлгий нутаг. Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон угшлын адууны суурь энд бий. Дэлгэрэхийн адуу сайжрахад хоёр Тайжаас гадна газар зүйн энэхүү байрлал бас  их нөлөөлсөн байх гэж боддог.
-Хэдий үеэс уран бүтээлийн ажлаа эхэлсэн юм бэ?
-Би Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд 30 хэдэн жил сэтгүүлчээр ажилласан хүн. Тэгээд 1992 онд тэтгэвэртээ гараад дуртай чиглэлээрээ бичиж эхэлсэн дээ. Ингээд морины тухай ном хийвэл яасан юм гэж бодоод анхныхаа номыг 1994 онд “Айргийн тав” нэртэйгээр гаргаж байлаа. Үүнээс хойш арван хэдэн ном, бас уяачдын холбооны хэд хэдэн сэтгүүл хийсэн.
-Тайж, Банди адуугаа сурталчлах, таниулах зорилгыг агуулжээ дээ?
-Мэдээж гол зорилго бол тийм. Гэхдээ Дорноговийн адуу гэж явцуурхалгүй Монголын 13 том угшлын талаар бичихийг зорьж байсан. Ямар нэг байдлаар тусгасан гэж бодож байгаа.
-Та ном бүтээх явцдаа мундаг уяачидтай уулзан, сонирхолтой хууч өрнүүлж явсан болов уу хэмээн бодож байна?
-Сайхан асуулт байна. Олон сайхан хүмүүстэй уулзаж, ярилцаж байлаа. Дэндэв тайжийн морийг унаж явсан Адъяа өвгөн гэдэгтэй уулзаж ярилцлага авч байлаа. Мөн Галсан бандийн морийг унаж явсан Хуяг гэдэг өвгөнөөс ярилцлага авч байлаа. Мөн Дэлгэрэхээс төрсөн улсын цолтнууд болох Дамба Манлай , Дашням, Нямбуу нарын Алдартуудтай биечлэн уулзаж ярилцаж байсан нь их завшаан юм даа. Иххэтийн Нарангэрэл, Өргөний Жамбал зэрэг Алдарт уяачидтай мөн уулзсан. Харин Оригийн Адилбиш гэдэг хүнтэй л уулзаж чадаагүй дээ. Ер нь морь бичнэ гэдэг яггүй ажил шүү. Ялангуяа адууны удам угшлын талаар судална гэхэд нэг хүний байтугай, нэг хэсэг хүний ч нас хүрэхээргүй хүнд ажил юм билээ. Жишээ нь, хурдан адууны эцэг эхийг яг таг тогтооход хүндрэлтэй. Бэлчээрт байгаа мал адгуус өөр хоорондоо бидний мэдэхгүйгээр харилцаж байдаг. Жишээ нь, азарганууд биенийхээ гүүг булааж хураана. Эсвэл гүү нь өөр айлын адуу руу орно. Энэ мэтчилэн  маш олон үйл явдал өрнөж байдаг. Тиймээс хурдан адууны удам угшлын талаар бичихэд олон талын судалгаа хийх хэрэгтэй болдог.
-Аймгийнхаа сум бүрийн уяачид, хурдан морины тухай ном гаргаж байсан юм билээ. Хэдэн сумыг хийж амжаад байгаа вэ?
-Анхны “Айргийн тав” гарснаас хойш манай Иххэт сумын дарга байсан Рагчаа гэдэг хүн сумынхаа хэдэн уяачтай уулзаад ном хийгээдэх гэсэн даалгавар өгөөд  “Зул хонгорын удам” гэсэн товхимол  гаргасан. Дараа нь Алтанширээ сумын Засаг дарга байсан Гочоо сумынхаа ойд зориулан  “Манай сумын наадам” гэсэн ном бичүүлсэн. Үүнээс гадна Дэлгэрэх сумынхаа ойгоор “Дэлгэрэхийн ажнай хүлгүүд”, Улаанбадрах сумын уяачдын тухай “Нэрэн вангийн хошуунаас тодорсон морины их мэргэд” гэсэн номыг гаргасан.
-Цаашид энэ цувралаа үргэлжлүүлье гэсэн бодол бий юу?
-Бий, бий. Өмнөх үеийн үүх түүхээс сайн оруулах нь зүйтэй гэж боддог. Тиймээс судалж тодруулах зүйл их бий.
-Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна