ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУ-ын Манлай уяач М.Энхболд: Зохион байгуулагчийн баталсан журмыг зөрчсөн тохиолдолд зохих арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг
Энэ удаа ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУ-ын Манлай уяач М.Энхболд уригдаж, цаг үеийн асуудалд хариулт өглөө. ММСУХ-ны тэргүүнтэй биечлэн уулзах боломжгүй байсан тул уншигч та бүхний хүсэн хүлээж байсан зарим нэгэн асуултанд дэлгэрэнгүй хариулт авч чадаагүйдээ хүлцэл өчье. Ингээд ММСУХ-ны тэргүүн уншигчдаас болон редакцийн зүгээс илгээсэн асуултанд хэрхэн хариулсныг хамтдаа сонирхъё.
-Яриагаа цаг үеийн асуудлаас эхэлье. Хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг хасах шийдвэрийг гаргасан. Миний мэдэхээр Монголын хурдан морины түүхэнд анх удаа цоллуулсны дараа ийнхүү амжилтыг нь түтгэлзүүлж байна. Яагаад асуудлыг энэ хүртэл даамжруулсан юм бэ?
-Богд Дүнжингарав хайрханаар овоглосон хаврын уралдаанд манай уяачид тухайн жилийн өнгө, аз хийморио сорьдог гэдэгтэй та санал нийлэх байх. 2009 оноос хойш уралдааны зохион байгуулалт сайжирч, жилээс жилд чанар чансаа, оролцогсдын цар хүрээ өргөжсөн гэж уяачид ярьдаг. “Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдааны хувьд зохион байгуулалтыг сайтар хангасан, харин эрлийз болон монгол морьдыг ялгаж уралдуулах тал дээр асуудал гарсан. Дүнжингарав уралдааныг зохион байгуулах комисс тухайн үедээ хасаагүй юм билээ. Дараа нь азарга, соёолон насны 6-10-т давхисан нэр бүхий 9 уяачаас холбооны нэр дээр бичгээр гомдол гаргасан байдаг. Миний бие үүлдэрлэг байдлаар ялгах комисс дахин ажиллуул, зохион байгуулах комисс саналаа оруулж ир гэсэн. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд санал нэгтэйгээр шийдвэрээ гаргасан.
-Морьдыг уралдааны замд гарахаас өмнө ялгахад ямар хүндрэл гардаг юм бэ. Уг нь бол хараат бус ажлын хэсэг хүртэл гаргасан юм байна лээ шүү дээ?
-Дүнжингарав уралдааныг зохион байгуулах комиссоос Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын салбар холбоодын тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид болон эрдэмтэд, мөн Ц.Дуламсүрэн Тод манлайг оролцуулсан үүлдэрлэг байдлаар ялгах хараат бус комисс байгуулан ажиллуулсан. Одоо хэн нэгэнд үнэлэлт дүгнэлт өгөөд хэрэггүй биз дээ. Холбооны хувьд ялгаж уралдуулах шийдвэрийг гаргаад нийт уяачид, гишүүдийн эрх ашгийг хангах үүднээс яг адилхан нөхцлөөр уралдаан зохион байгуулж байна. Манай уяачид морио тухайн ангилалд уралдуулдаг л баймаар байна. Ёс зүйн тал дээр жаахан асуудал байна уу гэж харж байна. Цаашдаа холбоо ялгах асуудлыгболовсронгуй болгосон шийдлийг даруй гаргана.
-Хасуулсан морьдын эзэд ММСУХ-ны VI их хурлаас гаргасан “сэрвээний өндрийг гол болгоно” гэсэн дүрмийн хүрээнд уралдаанд оролцож, амжилт үзүүлсэн учраас түтгэлзүүлэх нь хууль бус хэмээн үзэж байгаа гэнэ лээ. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулагч уралдаан, тэмцээндээ хэн оролцох, хэрхэн оролцуулах тухай дүрэм журмаа гарган болзол шалгуураа тавьдаг биз дээ. 2015 оны нэгдүгээр сард хуралдсан тэргүүлэгчдийн хуралдаанаар бүсийн уралдааны тов хэлэлцэх үеэр миний бие өмнөх уламжлалаараа Дүнжингарав уралдааныг зохион байгуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм. Тэр дагуу Дүнжингаравыг зохион байгуулах комиссоос сэрвээний өндрийг баримтлахын сацуу гадаад хэв шинжийг харгалзана гэж журмандаа оруулсан юм билээ. Энэ журам тараагдаж уяачид танилцсан. Зохион байгуулагчийн баталсан журмыг зөрчсөн тохиолдолд зохих арга хэмжээ авах нь зүй ёсных биз дээ.
-VI их хурлаас гаргасан эрлийз, монгол адууг ялгах тухай тогтоол, түүний дараахан батлагдсан уралдааны морины стандарт зэрэг нь уяачдын төөрөгдөх бас нэг шалтаг болсон байх магадлалтай. Цаашдаа эрлийз, монгол адууг ялгахдаа ямар үзүүлэлтүүдийг харгалзан үзэх юм бэ?
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө улсын баяр наадмын нэг насанд л гэхэд 500-600 морь, зарим тохиолдолд түүнээс олон морь уралддаг байсан. 2010 он гэхэд улсын баяр наадамд орон нутгаас ирж оролцох уяачдын тоо эрс багассан. Энэ нөхцөл байдлыг харгалзаад 2011 онд эрлийз, монгол адууг тусад нь уралдуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гарсан жилийн улсын баяр наадмын түрүүлж, айрагдсан 30 морины 26 нь улсын цолгүй залуу уяачид авсан байдаг. Энэ бол цаг үеэ олсон зөв шийдвэр байжээ гэдгийг харуулсан. Үүнээс хойш үүлдэрлэг байдлаар ялгах асуудлаар саяны шийдвэрүүд гарсан. Гэвч амьдрал баялаг юм болохоор хэрэгжүүлэхэд ч бас асуудал гарч байна. Энэ оны нэгдүгээр сард Тэргүүлэгчдийн хурлаас Ажлын хэсэг байгуулан ялгах асуудлыг боловсронгуй болгох санал боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээндээ орон нутгийн салбар холбоод, уяачид, эрдэмтэд, мөн утас, и-мэйл, фейсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр уяачид, морь сонирхогчдын саналыг авч байна. Та морины чиглэлээр ажилладаг хүний хувьд саналаа өгсөн биз дээ.
-Адууныхаа удам угшлыг мэдсээр байж, зориуд санаатайгаар уралдаан будилаантуулж, дүрэм журам зөрчиж буй уяачдад хариуцлага тооцох механизмыг бий болгох цаг нь болсон юм шиг. Ажиглаад байхад холбооны тэргүүлэгчид, томоохон цолтой уяачид үүнд их холбогдох юм. Тэр хүмүүст ямар нэг байдлаар хариуцлага тооцож байсан уу?
-Манай холбоо төрийн бус байгууллага шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд нэлээдгүй бий. Үндэсний хурдан морины уралдаан маань бизнесмен, малчин, оюутан, төрийн сайд гэх мэт нийгмийн олон төлөөлөл оролцдог нийтэд хүртээмжтэй шинжтэй. Одоог хүртэл олон зууны туршид бүрдсэн уламжлал, заншил, жудаг дээр тогтож ирсэн. Өнөөдрийн нийгмийн хөгжлийг дагаад зарим зүйлийг зохицуулах шаардлага үүсч байна. Тэр дундаа уяачийн ёс зүйн асуудал ч яригдана. Бид энэ оны нэгдүгээр сард Ёс зүйн зөвлөлөө шинэчлэн байгуулж, дүрэм журмаа боловсруулж байна. Энэ хавраас үйл ажиллагаа нь жигдэрнэ дээ. Хариуцлагын асуудал тэнд яригдана.
-Уяачийн дээд цол буюу Тод манлай уяач, цаашлаад Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар зэрэг цол шагналуудыг олгохдоо амжилтаас гадна морьтны соёлд оруулсан хувь нэмэр, ёс зүй зэргийг харгалзан үздэг болвол ямар вэ. Өөрөөр хэлбэл, амжилт нь хүрсэн ч уяачийн ёс зүйн алдаа гаргасан бол түр хугацаагаар түтгэлзүүлэх гэх мэт арга хэмжээг авч болох уу?
-Үндэсний спортоо хуульчилсан улс орон дэлхийд бараг байхгүй биз дээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөх, уяачид улсын цол олгох болзол, шалгуурыг нарийвчилан тогтоож Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог шүү дээ. Холбоо төрийн бус байгууллагын хувьд хуулиас давсан үйлдэл, үйл ажиллагаа бас хийж болохгүй юмаа. Харин морьтны соёл, хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулсан хүнд олгодог холбооны шагналууд бол бий.
-“Дүнжингаравын хурд-2015” уралдааны зохион байгуулалт дээр ихээхэн анхаарсан нь мэдрэгдэж байсан. Тэр олон хүний хичээл зүтгэл, чармайлтыг олон машин, ташаа мэдээлэл үгүй хийхийг харах харамсалтай байлаа. Морь дагаж буй машины тоог тогтоочихвол яасан юм бэ?
-Аливаа уралдааны зохион байгуулалтыг хангахын тулд ЗХЖШ, ХТГ, ЦЕГ, Замын цагдаагийн газар, Хүн эмнэлэг, мал эмнэлэг зэрэг олон байгууллагатай хамтран ажилладаг. Сая Дүнжингарав уралдааны тайланг хэлэлцэх үеэр 6 бүлэг 100 гаруй ажил төлөвлөж хийсэн байна лээ. Зохион байгуулах комиссын гишүүд бол ажил хариуцаж байгаагийн хувьд морь дагадаг. Сүүлийн жилүүдэд морь сонирхогчдын тоо нэмэгдэн зарим үед хэв журмын хамгаалалтын нөхөд зарим үед хүч тарамдах тал бас байна уу гэж харж байна. Цаашдаа морь дагах машины тоог цөөлөх тал дээр тодорхой арга хэмжээ авна даа.
-Зөвшөөрөлгүй морь дагаж, наадам будилаантуулсан машины эздэд өндөр торгууль оногдуулдаг болъё гэсэн санал ч гарч байна лээ. Тийм боломжтой юу?
-Байж болох л юм. /инээв/ Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авдаг шүү дээ. Ийм учраас Захиргааны хариуцлагын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж байж шийдвэрлэх асуудал л даа. Түүнээс биш бид дур мэдэн ямар нэг байдлаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид арга хэмжээ авч болохгүй, авах ч эрхгүй юм.
-Жил бүрийн “Дүнжингарав” уралдааны өмнө, хойно ёс юм шиг хүүхдийн асуудал яригддаг. Ний нуугүй хэлэхэд, байдал энэ янзаараа үргэлжилвэл морин уралдааны нэр хүнд унаж, цаашлаад монгол наадам, өв соёл гэдэг том агуулгад нь тортог суух нь. Хаврын уралдаан зохион байгуулахын ач тус нь юу юм бэ?
-Бидэнд уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд нилээдгүй бий. Манай холбоо 60 мянган гишүүнтэй, Монгол улсад 200 мянга гаруй малчин өрх байна. Бид уяачид, малчдыг морио уях, сойхыг уриалдаггүй. Нэг морийг эвлүүлэх гэж уяач намар сайхан тарга суулгана, өвөл зөв эдэлж хорийг нь гаргана, хавар онгойлголно гээд бүтэн жилийн хүч хөдөлмөрөө зориулдаг. Өөрөөр хэлбэл, зун морь уралддаг л бол манай уяачид хавар морио уяж л таарна. Ер нь тамирчин хүнтэй адилхан шүү дээ. Идэж хэвтэж хэвтэж маргааш тэмцээнтэй гэхээр очоод оролцдоггүй биз дээ. ММСУХ бол уяачдын хүсэлтээр уралдааныг зохион байгуулж өгдөг зохион байгуулагч юм. Хэрэв холбоо зохион байгуулахгүй бол юу болохыг төсөөлшгүй. Уяачид уралддагаараа л уралдаж олон зуун зөвшөөрөлгүй, зохион байгуулалтгүй уралдаан болно. Одооноос илүү эрсдэл гарах байх шүү.
-Өмнө нь хаврын бүсийн нэг л уралдаантай байсан. Сүүлийн жилүүдэд нэмэгдсээр одоо гурван ч уралдаантай болчихлоо. Хаврын хахир цаг, дээр нь хүүхдийн асуудал ийн хурцаар яригдаж байх үед уралдааны тоог ийн нэмэгдүүлэх шаардлага байна уу?
-Харин ч холбоо зохион байгуулснаар олон эрсдлийг хааж байгаа юм. Жилийн жилд аймгууд, уяачдаас хаврын уралдааны хүсэлт маш их ирдэг. Бид хүсэлт бүрийг судлан үзээд тухайн жилийн хаваржилт, цаг агаар, газар зүйн байршил гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан шийдвэрлэдэг дээ.
Морь хүүхэд эсэн мэнд наадах нь хурдан морины уралдааны үндсэн үзэл баримтлал
-Уралдаанч хүүхдийн эрсдлийн холбогдолтой зөрүүтэй мэдээллүүд гардаг. Уралдааны улмаас хүүхэд унаж бэртсэн, цаашлаад амь нас эрсэдсэн хичнээн тохиолдол гарсан юм бэ?
-Аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага тэмдэглэлт үйл явдал тохиолдохоор морь уралдуулж, бөх барилдуулдаг. Манай холбооны хувьд уралдааныг зөвшөөрөлтэй болгох, зам талбайг засч янзлах, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хэв журмын цагдаагийн оролцоотой зохион байгуулахыг шаардаж байна. Харамсалтай нь тэр болгон хүч хүрэлцэхгүйн улмаас зөвшөөрөлгүй уралдаанд хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол хэд хэд гарсан. Морь хүүхэд эсэн мэнд наадах нь хурдан морины уралдааны үндсэн үзэл баримтлал шүү дээ. Яг холбооны зохион байгуулсан уралдааны явцад тийм айхтар зүйл одоогоор тохиолдоогүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Ер нь уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад өнөөдрийн мөрдөж буй дүрэм журам, стандарт хангалттай юу. Цаашид уралдаанч хүүхдээ хамгаалах, хүүхдээр морь унуулдаг уламжлалаа хадгалж авч үлдэхийн тухайд яах ёстой вэ?
-Аливаа зүйл нийгмийн хөгжлийг дагаад боловсронгуй болох ёстой гэж би үздэг. Намайг энэ ажлыг авснаас хойш хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил нэлээдгүй бий. Цаашдаа ч бодож төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ бидний туйлын эрхэм зорилго бол үндэсний хурдан морины уралдааны хүүхэд унаж нэг өртөө газар тууш зам дээр уралддаг хэв шинжийг хадгалж хойч үедээ үлдээх явдал юм. Тэгэхээр бид аливаа өөрчлөлт, шинэчлэлийг хийхдээ энэ хэв шинжийг хэрхэвч хөндөж болохгүй.
-Уралдаанч хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх сан байгуулна гэж байсан. Тэр биеллээ олсон уу?
-Өнгөрсөн жил холбооны Тэргүүлэгчдийн хурлаас уралдаанч хүүхдийн хөгжлийн сан байгуулсан. Сангийн хувьд иргэд, аж ахуйн нэгжийн хандив, Дүнжингарав уралдааны бүртгэлийн хураамжийн 10 хувиас эх үүсвэр бүрддэг. Сангийн хөрөнгөөр өнгөрсөн жил Өлзийт хороололд уралдаанч хүүхдийн улсын зөвлөлгөөн зохион байгуулж, мөн 11 хүүхдийг өвлийн амралтаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрааж, уралдаанч хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг 59 дүгээр сургуулийн 35 багш, ажилчдыг ОХУ руу аялуулах зэргээр тодорхой ажил санаачилж хийсэн. Цаашид сангийн хөрөнгөнөөс нэг ч гэсэн хүүхдийн хүмүүжих, хөгжих, тэдний амьдралд хэрэгтэй зүйлст сургаж хүн болж төлөвшихөд зарцуулна.
-УИХ-ын нэр бүхий гишүүд уралдаанч хүүхэдтэй холбоотой хуулийн төсөл санаачлан өргөн барихаар зэхэж буй. Нэг нь салбар холбооны тэргүүн байна лээ. Та тэр хуулийн төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл сонссон. Өнөөдөр надад байгаа мэдээллээр хараахан өргөн бариагүй байх. Ер нь малчин хүнийг өөрийнхөө хүүхдээр морь унуулж болохгүй гэж хуульчлах нь зохимжгүй л дээ. Морь бол монгол түмний төрийн сүлдэндээ тахисан амьтан шүү дээ. Монголчууд адууг хийморийн амьтан ч гэдэг. Сая Дүнжингарав уралдаанаар гэхэд 45 мянга гаруй хүн цугласан байна лээ. Уралдаад орж ирж байгаа хүүхэд, морийг хараад хүн болгон огшдог, омогшдог, монгол хүн гэдгээ мэдэрдэг. Хэрэв гишүүд төсөл албан ёсоор өргөн барьсан тохиолдолд Тэргүүлэгчдийг хуралдуулан ямар байр суурьтай байхаа тогтоно. Би хувь хүний хувьд хотжилт, уламжлал, нүүдэлчин монгол ахуйгаа бодоод эрс эсрэг байр суурьтай байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах дээр бол би санал нэгдэнэ.
-Уралдаанч хүүхдийг бэлтгэдэг сургалтын төвтэй болъё гэсэн санал нэлээдгүй гардаг. Энэ талаар таны байр суурь?
-Монгол малчин айлын хүүхэд хөлд ороод шилбүүр унаж эхлээд 3-4 настайдаа морины нуруун дээр гарч барааны газарт хурга, тугал эргүүлж аав ээждээ тусад ордог шүү дээ. Монгол хүүхэд бол ахуйдаа хурдан морь унахад бэлтгэгддэг байсан одоо ч тийм байна. Манай уяачид морь, хүүхэд, уяач гурвын хор гарч байж морь хурдалдаг гэж ярьдаг. Жилийн турш хүч хөдөлмөр, зарим тохиолдолд хэдэн жил уйгагүй оролдож байж нэг морио эвлүүлдэг. Үүнийхээ үр дүнг үзэхийн тулд таван хүүхэд гүйж явлаа гэхэд аль сэргэлэн, жижигхэн биетэй хүүхдийг хурдан моринд сургадаг. Уяачид маань хүүхдээ сайн чадваржуулах хэрэгтэй. Цаашид морины хүүхдийг чадваржуулах сургалтын төвтэй болох хандлага руу явна. Морин спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчидтай ярилцаж эхлүүлэхээр төлөвлөсөн ажил бидэнд бий.
-Эрлийз, монгол адууг ялгах болсон цагаас хойш гарч буй үл ойлголцлууд уралдааны шинэ төрөл бий болгох цаг нь болсныг илтгэдэг. Гурван төрлийн уралдааныг зохион байгуулдаг болохоор төлөвлөж байгаа тухай ЕНБ-ийн дарга П.Сэргэлэн ярьж байсан. Тэр асуудал ямар шатандаа яваа вэ?
-Эрлийз, монголыг тусад нь уралдуулах шийдвэр цаг үеээ олсон зөв гэдэгт би 100 хувь итгэдэг. Харин хэрхэн ялгах тал дээр асуудал гарч байна.Таны асуусан гурван төрлийн уралдааны хувьд бол манай холбооноос Монголын хурдан морины ангиллыг тогтоосон. Цаашдаа үндэсний хурдан морины уралдаан, эрлийз морины уралдаан, сонгодог тойруулгын уралдаан гэсэн ангиллаар явна.
-Олон улсын жишигт нийцсэн морин уралдааныг хөгжүүлэхэд нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Энэ тухайд хийгдсэн зүйл бий юу?
-Сүүлийн жилүүдэд манай холбооны гадаад харилцаа шинэ түвшинд хүрсэн. Олон улсын болон Азийн морины холбооноос бидэнд морин тойруулга барих, морины бүртгэлийг хийх шаардлагыг тавьдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр боловсруулсан бооцоот уралдааны тухай нэг хуулийн төсөл байгаа юм билээ. Энэ хуулийн төсөлд төрийн оролцоо хэт өндөр гэх мэт санал нийлэхгүй зүйл бий. Хуулийн төслийн ажлын хэсэг шинэчлэн байгуулахад манайхаас хүн орсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Азийн морин уралдааны холбоонд шинжээч ажиллуулах хүсэлт гаргаад байна. Энэ шинжээч төслийг олон улсын жишигт нийцүүлэх тал дээр ажиллана. Ер нь морин тойруулгын хувьд бол гадаад улсаас морь ирж уралдахгүй бол монголын нөхцөлд үйл ажиллагаа явуулахад тун хэцүү шүү дээ. Манайх шиг өргөн уудам нутагтай улсад бол хаана л бол хаана морио уралдуулна биз дээ. Морины бүртгэлийн ажлыг бид эхлүүлэн бүртгэлийн газраа байгуулсан. Сүүлийн хоёр жилд Азийн морин уралдааны холбооны сургалтанд 4 хүн хамруулаад одоо бичиг цаасан дээрээ ажиллаж байна. Миний хувьд олон улсын нийцсэн бүртгэлийн систем нөгөө талаас Монголын хурдан морины бүртгэлийн гэсэн 2 системтэй байх нь зөв гэж үздэг.
Олон улсын байгууллагуудаас бидэнд тавьдаг хамгийн гол асуудал бол морины бүртгэл
-Таныг холбооны тэргүүний албыг авснаас хойш ММСУХ-ны гадаад харилцаа сайжирч, олон эерэг үр дагавар гарч буй. Ийнхүү гадаад харилцаагаа бэхжүүлж, Монголын морин спортыг дэлхийн түвшинд хүргэхэд хичээн зүтгэж буйд тань талархал илэрхийлье.Олон улсын байгууллагын гишүүн болоход эрлийз адууны асуудал багагүй бэрхшээл учруулдаг тухай сонсч байсан юм байна. Тийм асуудал гарч байв уу?
-Олон улсын байгууллагуудаас бидэнд тавьдаг хамгийн гол асуудал бол морины бүртгэл юм. Морины угшлын бүртгэл бол тойруулгын сонгомол уралдааны эх үндэс юм билээ. Монгол Улсад орж ирсэн цэвэр цусны адууны бүртгэл Азийн болон Дэлхийн морин уралдааны холбооны морины бүртгэлийн дүрэм, журам жишиг, шаардлагад нийцсэн байх ёстой. Монголдоо бүртгэлжүүлэх ажил бол харьцангуй гайгүй эхлүүлнэ дээ.
-Монгол адууны үүлдэр угсааг сайжруулах ажлыг уяачид өөрсдийн мэдлэг боловсрол, мэдрэмж дээр тулгуурлан хийдэг. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэн судлаачид ч цөөн байдаг гэнэ лээ. Уг нь үржил селекцийн тал дээр нэгдсэн бодлоготой баймаар санагддаг. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Манай улс бол адууны соёлын баялаг түүхтэй улс шүү дээ. 1263онд Хубилай хаан төрийн тогтолцоондоо Адууны яам байгуулж байсан түүхэн баримт байдаг. Ардын хувьсгалын жилүүдэд Жаргалантын морин завод, Батлан хамгаалах яамны туслах нийгэмлэгийн морин тойруулга гэх зэргээр адууны бодлогыг Монголын төр анхаарч ирсэн. Үржлийн нэгдсэн бодлоготой байх тал дээр санал нэг байна. Гэвч манай дээр үеийн ухаант өвгөдийн мэдрэмж практикт тулгуурласан үржлийн үр дүнд монгол адууны олон бэсрэг угшил гарсан байдаг. Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын нэг учраас үржлийн ажилд төрийн бодлого зайлшгүй байх хэрэгтэй.Төрийн бус байгууллагын хувьд зарим зүйл дээр хүрэлцэхгүй байх юм байна.
-Та хувь хүнийхээ хувьд эрлийз, монгол морьдын алийг нь илүүд үздэг вэ?
-Манайхан заримдаа хэт туйлшрах юм даа. Миний хувьд морьдоо тухайн ангилалд нь уралдуулдаг. Импортоор адуу оруулж ирээд өөрсдийн туршлагад тулгуурлан үржил хийж байгаа хүмүүсийг буруутгах хэрэггүй. Ер нь манай залуучууд морь сонирхож, морь их уядаг болж байна. Энэ бол сайн хэрэг. Морь сонирхох болсноор залуучууд уламжлал ёс заншилд суралцах, монгол хүн болж төлөвших, цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх, мөн дотоодын мөнгөний урсгалыг асар их нэмэгдүүлж, ажлын байр олныг бий болгож байна. Хэрэв морь сонирхохгүй бол ингэж адуунд монгол хүн монгол хүндээ хөрөнгө оруулахгүй шүү дээ.
Монгол хүүхдийн эр зориг, монголчуудын эв нэгдэлтэй байсныг онцлон тэмдэглэж байсан
-ММСУХ-ны тэргүүний албыг хаших болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа товч танилцуулаач?
-За даа ,миний хувьд би тэгсэн, ингэсэн гэж өөрийгөө ярих жаахан онцгүй л юм. Бусад хүн дүгнэж цэгнэх нь зөв байлгүй дээ. 2013 онд хуралдсан холбооны VI их хуралд ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлсэн. Манай уяачид надад дахин ажиллах итгэл хүлээлгэсэн.Ажиллах хугацаандаа Монголын хурдан морины хөгжлийг урагшлуулж энэхүү үнэт өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал юм. Хожмын өдөр бидний үр хүүхдүүд биднийг дүгнэнэ.
-Би хувьдаа “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг ихэд сайшаадаг. Зөвлөгөөн та бүхний хүсч байсан үр дүнг өгч чадсан уу. Орон нутгийн уяачдад ямар асуудлууд тулгамддаг юм байна?
-“Монгол уяач-3000” зөвлөгөөний агуулга бол төв холбоо гишүүддээ хүрч ажиллах, тэдний санал бодлыг сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах үндсэн зорилготой. Би ч бас үр дүнг сайн болсон гэж дүгнэдэг. Орон нутгийн уяачид маш их идэвхтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд бидний хийж хэрэгжүүлсэн ажлуудад энэ зөвлөгөөний үеэр уяачдын хэлсэн ярьсан санаанууд тусгагдсан юм. Энэ жилээс бид “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг сумдад эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Монгол улсын бүх суманд очиж уяачидтайгаа уулзана даа.
-Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд нэг зэрэг хоёр төрлөөр бүртгүүлсэн түүхэн үйл явдлын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Ер нь энэхүү санаачилгыг хэн гаргасан юм бэ?
-Анх 2010 онд Сэргэлэн бид хоёр ярьж байсан юм. Ингээд 2012 онд ер нь бодит ажил болгоё гэж шийдвэрлээд Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан шийдвэр гаргасан. Энэ ажлын төлөө олон байгууллага, моринд элэгтэй, сэтгэлтэй олон хүн зүтгэсэн дээ. Анх Монгол улсад Адууны яам байгуулсны 750 жилийн ойг тэмдэглэе, 3000 морь уралдуулж, 10 000 морьтон жагсаахаар төлөвлөсөн. Бидний төлөвлөснөөс 30 гаруй хувиар илүү буюу 11125 морьтон жагсаж, 4249 морь уралдуулж гишүүд, уяачид, малчид маш их дэмжсэн. Нөгөө талаар аливаа зүйлийг хийж бүтээхийн төлөө монголчууд маань нэгдэж хөдөлвөл чадахгүй зүйл байхгүй. Ер нь эвлэж нэгдэж нэг зүйл дээр зүтгэж чадвал бидэнд их зүйлийг бүтээж чадна гэдгээ харуулсан даа.
-Хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байсан байх. Тэдгээрээс хамгийн бэрх нь юу байв?
-Тэр мэдээж ээ. Анх шийдвэр гарснаас хойш дуусах хүртэл бэрхшээлтэй олон асуудал байлаа. Хамгийн гол нь ямар нэг байдлаар морь хүүхэд эндэж осол гэмтэл гарчихгүй байгаа гэсэн болгоомжлол хамгийн их байсан. Нийгмийн зүгээс ч тийм дарамт их байсан шүү. Морьтон Монголчуудын морины хийморь, буян заяа түшиж ямар нэг асуудал гараагүй. 4249 хурдан морины уралдааны шөнө бид Хүй долоон худгийн газрыг усалж байтал үүрээр хур бороо орж тэнгэр хангай хүртэл ивээсэн. Юм гэж их сонин юм билээ.
-Тэрхүү үйл явдал зөвхөн Монголын бус, Дэлхийн адууны тухайн жилийн онцлох үйл явдлаар нэрлэгдсэн гэсэн. Монголд ирсэн төлөөлөгчид нь тэрхүү үйл явдлын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Өнгөрсөн жил бид Олон улсын болон Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүний хувиар бага хуралд оролцоход Гиннесийн амжилт тогтоосон манай арга хэмжээг дэлхийн морины онцлох үйл явдлаар нэрлэсэн. Гиннесийн байгууллага өөрийн 60 жилийн ойн тусгай номондоо эмхтгэж оруулсан байна лээ. Гиннесийн байгууллагын дээд амжилтаа бүртгэхдээ баримталдаг зарчим, шаардлага маш өндөр юм билээ. Биднээс их ч зүйл шаардсан. Гиннесийн төв байгууллагын албан ёсны шүүгч Итали эмэгтэй ирсэн. Тэр хүн монгол хүүхдийн эр зориг, монголчуудын эв нэгдэлтэй байсныг онцлон тэмдэглэн хэлж байсан шүү.
-Танд 11125 морьтон жагсах, 4249 морь уралдахыг харахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Эзэн Богд Чингис хаан 35 түмэн цэрэгтэй байсан юм билээ. Одоо харилцаа холбоо, техник хөгжсөн үед нэг түм буюу 10 000 морьтон жагсаах гэж бас овоо л юм болсон. Дээр үед 35 түмэн морьтой цэргийг удирдах, дэг журамд байлгах нь цаанаа маш нарийн боловсруулсан өвгөдийн аугаа ухаан байжээ гэж бодсон. Мөн 4249 хурдан морь нэгэн зэрэг гараанаас ухасхийхэд адууны туурайн нүргэлэх чимээ гайхамшигтай байсан. Чингис хааны их байлдан дагуулалын үед морьтон баатруудын морин туурайн чимээ нь ялалтын үндэс байсан болов уу гэж бодсон шүү. Ер нь эцэг өвгөдийн сүр хүч, монгол морины эр чадлаар бахархаж огшиж байсан даа.
-Таны унасан морь өөрийн адуу юу?
-Манай унаган морьд. Эхнэр, хүү, бид гурав морьтой жагссан. Эхнэр бид хоёр ижилхэн ногоон халзан морьтой гангарсан даа.
-Ер нь та хэдий үеэс энэ салбартай холбогдсон юм бэ. Би бол тэргүүн болсноос хойш хэмээн ойлгодог. Тухайн үед тэргүүн болооч гэдэг саналыг хэн танд тавьсан бэ?
-Миний аав чинь Төв аймгийн Баян сумын хүн. Багадаа сурагчдын амралтаар хөдөө аавын ах, дүүгийнд зусна даа. Морь унаж, малчин хүний хөдөөгийн цаг наргүй ажилд өөрийн хэмжээнд тус дэм болно доо. Би 11 жил Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан. Холбооны ажлын тухайд 2009 онд тэр үеийн найма Тод манлай уяач надад санал тавьж байлаа. Ер нь мэдээ орсон цагаасаа монгол ахуй, морьтой ойрхон явна даа.
-Хэдий үеэс морь уях болсон юм бэ. Хаана, хаанаас ямар удам угшилтай адуу авч байв?
-2000 оноос эхлэн морь уяж байна. Манай адуу Баян суманд миний дүү нар дээр байдаг. Айхтар үнэ хүргэж авсан адуу бол байхгүй. Гэхдээ Монголын нутаг нутгийн бэсрэг угшлын адууны цусаар адуугаа сайжруулсан шүү.
-Таны нэрийг гарган хурдалсан хурдан буянгуудаа танилцуулаач?
-Миний халзан морь, хонгор азарга, Дүнжингаравт түрүүлсэн зээрд азарга, Мөлүү хул гээд улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьд бий дээ.
-Улс, бүсийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би морин жилд Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн дээ.
-Уяачийн баяр бахдалыг хамгийн ихээр мэдэрсэн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Төрийн их баяр наадам, ер нь том бай жижиг ч бай наадмын босго өндөр байдаг шүү дээ. Уяач болгон түрүүлгэх, айрагдуулах гэж ирдэг ч 5 адуу л багтдаг хатуу шүү дээ. Мэдээж төрийн наадамд анхны айраг хүртсэн сайхан байдаг. Гэхдээ төрийн их баяр наадамд их насны морь айрагдуулчихаад сууж байх чинь бас сайхан мэдрэмж төрж байсан шүү.
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярихыг хүсдэг зүйлийг тань асуугаагүй үлдээсэн бол нэмээд ярьж болно.
Уншигчдаас ирсэн асуулт:
-ММСУХ-ны бодлого, чиглэл, үйл ажиллагааг салбар холбоод хэрхэн хэрэгжүүлдэг вэ. Төв холбоо болон салбар холбоодын уялдаа холбоог зохицуулсан эрх зүйн баримт бичиг байдаг уу. ММСУХ-ноос гаргасан шийдвэрийг бүх салбар холбоо ижил тэгш хэрэгжүүлдэг үү?
-Холбоо төрийн бус байгууллага мөртлөө 21 аймаг, нийслэл, бүх сум, 6 дүүрэгт салбартай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоо тухайн орон нутагтаа төв холбооны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлдэг. Холбооны VI их хурлаас салбар холбооны жишиг дүрмийг баталсан. Энэ жишиг дүрмээр төв холбоо, салбар холбоо хоорондын уялдааг нарийвчлан зохицуулсан. “Монгол уяач-3000” зөвлөгөөний үеэр аймаг, нийслэлийн салбар холбоодоо батламжилсан болно.
-ММСУХ-ны тэргүүлэгчид ямар хугацаанд хуралдаж ямар асуудлуудыг шийдвэрлэдэг вэ?
-Холбооны дотоод үйл ажиллагаа нэлээдгүй сонирхол татаад байх шиг байна даа. Тэргүүлэгчдийн хуралдаан бол Их хурлын чөлөөт цагт холбооны эрх барих дээд байгууллага юм. Тэргүүлэгчдийн хуралдаан улирал бүр, шаардлагатай гэж үзвэл ээлижт бусаар хуралддаг. Холбооны дүрэмд заасны дагуу дунд хугацааны хөтөлбөр, ажлын төлөвлөгөө, төсөв, уяачдын цол, өндөр чансаа гэх мэт олон асуудлыг хэлэлцдэг. Цаг үеийн болон шаардлагатай гэж үзвэл Тэргүүлэгчид ямар ч асуудлыг татан авч хэлэлцэх эрхтэй.
-ММСУХ-ны Их хурлын болон Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг олон нийтэд хэрхэн хүргэдэг вэ. Цахим хуудсан дээрээ тавьж байх боломж бий юу?
-Манай холбооны бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа нийт гишүүнд нээлттэй. Бид аливаа шийдвэрийг олон талаас нь ярилцсаны эцэст олонхоороо шийдвэрлэдэг. Холбооны сэтгүүл, цахим хуудас, за тэгээд фейсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр мэдээ мэдээллүүд тавигддаг. Төрийн бус байгууллагын хувьд бидэнд нууж хаах зүйл байхгүй дээ.
-Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа гишүүддээмэдээлдэг үү. Орлого, зарлагаа тайлагнадаг уу. Тэргүүлэгчид болон гишүүд татвараа бүрэн төлдөг үү?
-Жилийн эхэнд тухайн жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан баталдаг. Тэргүүлэгч гишүүд, моринд элэгтэй хүмүүсийн хандив тусламж дээр ихэнхи үйл ажиллагаа явагддаг. Төсвийн зарцуулалт, гүйцэтгэл, үйл ажиллагааны тайлан зэргээ Тэргүүлэгчдийн хурлаар сонсоно, мөн Хяналтын зөвлөлд танилцуулна. Ер нь намайг энэ албанд ирснээс хойш ямар нэг байдлаар санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас ажил тасарч хойшилж байсан удаагүй шүү.
-Цол, чансаа, оны шилдгүүд зэргийг хэрхэн шалгаруулж байгаагаа нээлттэй, ил тод байдлаар хийж байгаа юу.? Тухайлбал, цол авч байгаа уяачдын амжилтыг дэлгэрэнгүйгээр мэдээлж байх боломжтой юу?
-Оны шилдгүүд, өндөр чансааны хувьд баталсан онооны систем, аргачлал байдаг. Тэр аргачлалын дагуу тооцоод явдаг. Цолны хувьд бол өнөөдөр 460 гаруй улсын цолтон төрсөн байдаг. Нийт уяачдын тоотой харьцуулахад харьцангуй бага л тоо. Хурдан морины уралдаан өөрөө олон түмний нүдэн дээр ил, тэгээд хамгийн шударга зүйл шүү дээ. Тийм учраас аль уралдаанд хэн гэж хүний ямар морь айрагдаж түрүүлсэн нь бүгдэд тодорхой байдаг. Холбооны хувьд хуульд заасан тэр болзлыг хангасан уяачыг улсын цолд зохих журмын дагуу өргөн мэдүүлдэг.
-Аймаг, сумын цол авахад улсын хэмжээнд мөрддөг болзол, аргачлал байгаа юу. Аймгийн цол авахад улсын хэмжээний амжилтыг, сумын цол авахад улс, аймгийн амжилтыг хэрхэн дүйцүүлж тооцдог вэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын цол олгох асуудал улсын цолны адилаар хуульчилсан байдаг. Аймаг, сумын салбар холбоод уяачын амжилт хуульд заасан болзол хангасан эсэхийг хэлэлцээд тухайн шатны Засаг даргадаа өргөн мэдүүлж, Засаг дарга цол олгодог тийм л хуультай. “Монгол уяач-3000” зөвлөгөөний үеэр дүйцүүлэх тухай саналыг уяачидихээр тавьдаг юм билээ. Гэвч хуультай юм болохоор боломжгүй л дээ.
-ММСУХ-ны цахим хуудсыг идэвхжүүлэх ажил хийгдэх үү. Бүх шийдвэр, мэдээллийг гишүүддээ ил тод байдлаар хүргэж байх уу?
-ММСУХ-ны цахим хуудас бол арилжааны шинжтэй биш. Холбооны ажлын алба өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хийдэг. Цахим хуудасны хувьд бол цаг үеийн асуудлаар мэдээ мэдээллээ оруулж байгаа харагддаг юм. Зарим зүйл дээр цаг хугацаа жаахан хожимдож байгаа харагддаг. Бүх үйл ажиллагаа, мэдээ мэдээллээ цахим хуудсандаа байршуулдаг, цаашид ч хүргэх болно.
-ММСУХ-ны дүрэм журам, шийдвэрийг дагаж мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй салбар холбоод бий. Тэдгээрт хариуцлага тооцох механизм бий юу?
-Төрийн бус байгууллага бол нийтлэг ашиг сонирхолтой хүмүүсийн нэгдэл. Салбар холбоодын хувьд илт эсэргүүцээд буруу зөрүү зүйл яриад байдаг гэж бодохгүй байна. Холбооны ажлын хувьд моринд сэтгэлтэй, элэгтэй морины төлөө хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулан сайн дураараа зүтгэж байгаа хүмүүстээ хариуцлага тооцохоос илүүтэй урамшуулах системийг түлхүү баримталдаг. Мэдээж ажлын явцад алдаа дутагдал гаралгүй яахав. Тухай бүрт нь холбооны дүрмийн хүрээнд дотоодддоо асуудлаа яриад шийдвэрлээд явдаг.
-Эрлийз адуу мордуулсан уяачдад хариуцлага тооцож, цол хэргэмийг хураах хүртэл арга хэмжээ авч болдоггүй юм уу ?
-Тэргүүлэгчдийн хурлаас Уяачийн ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсны дагуу Ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны журмаа боловсруулж байна. Өнөөгийн нийгмийн хөгжлийг дагаад олон жилийн туршид ёс уламжлал, жудаг дээр тулгуурлаж ирсэн зарим зүйлийг бид ёс зүйн дүрэмдээ тусгаж хариуцлагын асуудал ярих цаг болсон. Нэгэнт холбооноос эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах бодлого барьж байгаа тохиолдолд өөрийн морио мэдсээр байж өөр ангилалд уралдуулсан уяачид ёс зүйн хүрээнд хариуцлагын асуудал ярих болно. Цол хэргэмийг хураахын тухайд хуультай болохоор хуулиас давсан үйл ажиллагаа бид явуулах боломжгүй юм.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна