Д.Ганбат: Далх бурхан бол уяач хүн бүрийн шүтэж байх морины бурхан юм

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 23 -нд

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, уяач Д.Ганбаттай хийсэн ярилцлагыг угшигч танаа хүргэж байна.

-Аавыг тань нутаг усандаа үнэлэгдсэн сайн уяач байсан гэх юм билээ. Дамдинбазар гуайн тухай бидэнд хуучлаач?
-Манай аавыг нутгийнхан нь Баавай гэж авгайлдаг байсан юм. Аавын хоёр цоохор морийг манай нутгийнхан андахгүй дээ. Хурдан хүлгүүд байсан. Түдэвтэй сумын “Бадрал” нэгдлийн хэдэн жилийн ойд билээ дээ. Нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж байсан юм билээ. Ер нь очсон наадам болгондоо түрүүлж, айрагддаг тэр үеийн дархан адуунууд байсан. Хоёр цоохорын дараа бас хоёр хээр морь их хурдалж, том нь хоёр ч удаа сумын баярт түрүүлээд байхад нь хулгайд алдчихсан. Харин бага хээр нь Нөмрөг сумын наадамддөрвөн удаа айрагдсан.
-Мэдээж хурдан морь унаж байсан байх. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Авга ах аймгийн Алдарт уяач Сампиорынхоо морийг олон жил унасан. Сарт хээр морийг унаж 1988 онд сумандаа түрүүлгэж байлаа. Санжаа хээрийг нь болохоор сумандаа хоёр түрүүлгэж, гурав айрагдуулан, Түдэвтэйн наадамд түрүүлгэсэн. Мөн Бат-Эрдэнэ гэдэг хүрэн үрээг нь унаж соёолонд нь түрүүлгээд, нас нийлсэн хойно нь нэг айрагдуулж байсан. Харамсалтай нь эндчихсэн юм.
-Морьдынх нь нэр их өвөрмөц юм?  
-Сампиор ах хүнээс морь худалдаж аваад өөрийнх нь нэрээр  нэрлэж их сайн давхиулдаг байсан юм.
-Унаачийн хувьд ийм байдаг байж. Уяачийнхаа гарааг хэзээнээс эхэлсэн бэ?
-1991 оноос хойш морь уяад 1996 оны хүртэл дандаа арав гаргаж давхиулдаг байсан. Тэгээд таван жилийн дараа хээр морио анх айрагдуулснаас хойш гурван жил дараалан асрын өмнө цоллуулсан. Сампиор ах Жүгдэрнамжил гэдэг хүнээс улаан үрээ авч энд жижиг наадмуудад хэд хэдэн удаа айрагдуулаад Эрдэнэт рүү зарчихсан юм. Тэнд очоод ч гэсэн нэлээн хэд айрагдсан юм байна лээ. Тэгээд би 2006 онд улаан морийг эргүүлж авчраад сумандаа түрүүлгэж, хойтон жил нь Яруу суманд зохион байгуулагдсан Даян түмний эх хүрэн халзан морины мялаалга наадамд түрүүлгэж машин авч байлаа. Завхан аймагт машины байтай уралдаан гурав болсны нэгийг нь би тэгж улаан мориороо авсан.
-Морь өөрт нь сэтгэл зүрхээ зориулж яваа нэгнийг гарцаагүй баярлуулдаг гэдэг?
-Тэр ч тийм шүү.
-Адуу малны наймаа хэр хийж байна?
-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хүрэн үрээ авчирсан энэ жил уяна. Мөн Манлай уяач Оюунбилэг агснаас авсан халтар үрээгээрээ азарга тавьсан. Одоо түрүүчийн төл нь гарч байна. Яруу сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очироос 2008 онд хязааландаа сумынхаа наадамд түрүүлж, аймагт аман хүзүүдэн, соёолондоо сум, аймагт түрүүлсэн хурдан бор үрээг мөн авсан. Над дээр ирээд 2011 онд сумын наадамд аман хүзүүдээд, Тэлмэний ойд есөд давхисан. Аймгийн Алдарт уяач Бат-Очирын мялаалга наадамд түрүүлээд байна.
-Авмал адуу ч гэсэн хурдан байгаа юм байна. Уяаны тал дээр ямар хүмүүстэй зөвлөж байна?
-Манай хадам аймгийн Алдарт уяач Бямбасүрэн гэж хүн бий. Мөн Яруу сумын харьяат, аймгийн Алдарт уяач Далх-Очир ахаасаа их дэмжлэг авдаг. Ах маань Завхан аймагт хамгийн олон морь түрүүлгэж, айрагдуулсан. Аймгийн баяр наадмаас 10 түрүү, 18 айрагтай гэдэг байх шүү.
 -Та өөрөө лам юм байна. Морь уяхад зарим нэг талаараа дэм болох уу?
 -Би 1991 оноос шашны ном заалгаж, 2005 онд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны их сургуулийг төгссөн. Одоо Нөмрөг сумынхаа Самданпунцаглан хийдийн хамбаар ажиллаж байна. Манай хийд таван ламтай. Их дүйчин өдрүүдээр хурлаа хурдаг юм. Далх бурхан бол уяач хүн бүрийн шүтэж байх морины бурхан. Манай уяаныхан морьдоо барихдаа Далх бурханаа тахидаг. Ер нь тэгээд өсч төрсөн уул усаа дээдэлж явахад ажил үйлс аяндаа бүтнэ дээ.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна