Аймгийн Алдарт уяач Б.Сүрэнхорол: Уяач хүнд хайртай морио алдах шиг харамсалтай зүйл байдаггүй юм билээ
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүрэнхоролтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Нутгийнхаа тулхтай буурлуудыг даган, тэдний урмын үгэнд урамшин уяач болсон хүн дээ хэмээн яриа эхлэхийн өмнө хэлж байсан. Түүнийгээ дэлгэрүүлээч?
-Би 1963 онд Өгөөмөрийн бага сургуульд багшлахаар ирээд алдарт Шарваа хээрийг уяж хурдлуулж байсан Чимэддорж болон Ахай Ширнэн, Сэд баавай,Сэднаадамдин нарын буурал уяачдыг дагаж,сургаал юуг нь сонсдог байлаа. Өөрөө адуу маланд дуртай болоод тэгдэг байсан уу. Тэр хэдэн хөгшин төрснөөс дутуугүй дотно санагдаж, хуурай аавыгаа хэмээн боддог байлаа. Тэгээд ганц нэг морь уяад нөгөө хэддээ үзүүлэхээр “өө, миний хүүгийн энэ морь хурдан байлгүй яахав” гэнэ. Түүнд нь урамшаад унаж байсан ганц нэг морио ээлжилж уяад өнөө хөгшчүүлээ дагаад наадамд явдаг байлаа. Түүнээс хойш өнөөдийг хүртэл морь гэдэг амьтнаас холдсонгүй. Тэр сайхан буурлуудын захиж сургаж байсны буянаар 2007 онд аймгийн Алдарт уяач цолыг өнөөдөр та хэдтэй ирдэг Ганзоригоос гардан авч байлаа. Цагаан сарын өмнөхөн бооцоот уралдаан хийнэ гээд түүнд миний хээр морь хол сайхан түрүүлдэг юм. Тэгсэн яг тэр үед энэ Ганзориг аймгийн Алдарт уяач цол, малгай, энгэрийн тэмдэг, өргөмжлөл гардуулж билээ. Аймаг, сум, бригадын удирдлагуудаас аль ч надад “та аймгийн Алдарт уяач болох гэж байгаа” гэж хэлээгүй байсан болохоор гэнэт дуулаад их баярласан шүү./инээв/Тэгээд намайг моринд оруулсан нутгийн тулхтай буурлуудаа сэтгэлдээ бодоод баярлаж талархаж байлаа. Тэр хүмүүс бол миний хувьд улсын Тод манлай,Манлай уяачидтай дүйцэхүйц хүмүүс.
-Анхны айргаа хэдэн жилийн дараа хүртэж байв?
-1969 оны аймгийн наадамд нэг гүүний гурван үрээгээ айрагдуулж байлаа. Гэхдээ би залуу байхдаа адуу их авдаг байсан хүн шүү. “Тэдний тэр үрээ, морь мөн сайн байна аа” гэхээр нь гуйж байгаад л авчихдаг. /инээв/ Маналжав гуайгаас унаган сайвар хээр морийг хоёр мянган төгрөгөөр авч байлаа. Тэр хээр морь их хурдан буян байсан хөөрхий. Дөрвөлжин сумаас Дарьзавын алаг гэдэг морийг хоёр мянган төгрөгөөр авсан нь бас л хурдан байсан. Гэхдээ аймагт аль нь ч түрүүлээгүй.
Харин 1969 онд миний өөрийн буурал гүүнээс гарсан ах дүү гурван үрээ даага, шүдлэн, хязаалан гурав гурвуулаа айрагдаж байлаа.
-Унаган үрээ айрагдах урам зориг бадраана биз?
-Өө тэгэлгүй яахав. Түүнээс хойш өнөө хорхой чинь бүр л хөдлөөд шөнө хүртэл аргамжсан морио манадаг өвчтэй болсон. /инээв/Өнөө шөнө л дэргэд нь нэг хоноодох юм бол, хоолыг нь тааруулаад миний морь маргааш улам хол түрүүлэх юм шиг бодогдоод. Манайхан чинь зүүн аймгийнхан шиг тар гээч юмыг хийдэггүй шүү дээ. Нутаг орны уяаны ялгаа тэр байх. Манай ийшээ бол байнга л үсэргээ хийдэг.
-Бага хэмжээний уралдаан гэсэн үг үү?
-Тийм. 7-8 км багцааны газар байнга үсэргэнэ. Дээхнэ үед хурдан морийг уяхад тэжээл, бордоо, хивэг байж л байсан. Тэгсэн хэр нь хадлан, хадаад авсан ногоон өвсийг хурдан уядаг моринд нэг удаа ч, нэг шөнө ч өгдөггүй. Яг байгалиар нь, бэлчээрээр нь уядаг байлаа. Тиймээс ч дээр үед адуу мал эндэх осолдох нь цөөн байсан байх. Өвөл ес эхлэхээр бага гурван ес дотор морио нэг цан хүүрэгдүүлж хатыг нь тааруулаад, түүнээс хойшзөөлөн, зөөлөн дасгаж гурав унадаг. Өвлийн ажил ерөөсөө ингээд боллоо. Хавар болохоор унаж эдлэхгүй. Ногоондоо сайхан цатгаад л, шинэ хүч аваад ирэхээр уяж хөнгөрүүлэн морио ирлэнэ. Намар бол өөх таргыг нь жаахан нимгэлээд боллоо. Манайхан нэг иймэрхүү л маягаар уядаг улс даа.Хот хүрээгээр адуу малдаа тариа туулга хэрэглэлээ гэж л дуулддаг. Манай энд бол одоо хэр нь барагтайхан хэрэглэнэ шүү. Би хувьдаа гэхэд л морийг тарих дургүй.
-Сайн хүлэг эзнээ уяач болгодог хэмээдэг. Таныг уяачийн эрдэмд сургаж, гаршуулсан тийм ямар хурдан хүлгэд байна?
-Надад олон хурдан морь байсаан. Уржнан билүү дээ. Нутгийн залуус баяр хийгээд манай суманд хоёр дахиад гурав, гурван өдөр баяр боллоо. Тэгэхэд би азарга, их нас, соёолон, шүдлэн, хязаалан гэсэн таван насны морьтой очоод азаргаа наймаар, их морь, хязаалан гурваар, шүдлэн аман хүзүү, соёолон наймаар давхиулсан. Таван насны морьтой очоод бүгдийг нь арваас урагш, давхиулж, гурвыг нь айрагдуулна гэдэг манай адууны чансааг илтгэж байгаа хэрэг гэж бодож байгаа. Уржинан гэх юм уу даа. Манай нэг хүүхэд Сүхбаатарын гаралтай нэг үрээ аваад азарга тавьсан. Тэр нь энэ жилийн хавчиг азарга. Наана нь бас Хэнтий аймгийн юм уу зүүн талын гаралтай нэг халзан үрээ авч азарга тавьсан. Бас Чигэстэй бригадын Баянтайгаас цагаан хонгор азарга авсан. Бас л зүүн талын адуу гэнэ лээ. Чамлахаар чанга атга гэж зүүн талын гурван ч азаргатай боллоо. Нутгийн сайхан гүүнүүд хураалгаад энэ нутаг усандаа зохицсон хурд төрөх байлгүй хэмээн найдаж байна. Манайх энэ жил гучаад гүү унагална.
-Төл бүрэн авах бэрхшээлтэй биз. Танай энүүгээр хээрийн амьтан хэр элбэг вэ?
- Чоно идчихсэн юманд малчин мань мэт нь харамсах юм байхгүй л дээ. Бурхнаас заясан зохилдолгоо нь тэр юм чинь. Хангайн амьтан зохих ёсны хишгээ хүртэлгүй яахав. Харин сүүлгүй чононд л их алдаж байна даа. Манай ийшээ малын хулгай гаргуун. 2006 оны өвөл юм даа. Эхнэр нь хүнд өвдсөн Баянтэс сумын нэг залууд тус дэм болж машин тэргээр үйлчлээд сайхан танилцсан юм. Тэгсэн нөгөө залуу “надад нэг хурдан хээр морь бий. Та надад унаж байгаа Пажеро жийпээ өгчих” гээд тэгээд бид наймаалцсан. Хээр морийг авах гэж очихдоо Хөвсгөл, Завханы таван сумын наадамд түрүүлсэн хурдан хар даагыг 12 битүү адуугаар авсан юм. Хамгийн харамсалтай нь хоёуланг нь хулгайд алдчихсан. Хээр морь үнэндээ хурдан адуу л даа. Надад ирээд энд нэг түрүүлж, Говь-Алтайд очиж нэг аман хүзүүдсэн байсан юм. Хавар ямаа самнаж байх үеэр алдсан болохоор ноолуураа тушааж хэдэн төгрөг болгоод, дээр нь банкнаас зээл хүртэл аваад таван сараас найман сар хүртэл хайсан. Тэгж их хайж байхад сураг ч гараагүй. Уяач хүнд хайртай морио алдах шиг харамсалтай зүйл байдаггүй юм билээ. Адуугаа хайсаар байгаад сүүлдээ бүр ядаргаанд орсон.
-Харамсалтай хэрэг болжээ. Та түрүүн нэг гүүний гурван төл айрагдсан гэж байсан. Тэр нь хаанахын гүү байсан юм бэ?
-Эхнэр бид хоёрыг гэр бүл болоход манай хадам аав өгсөн гүү байгаа юм. Манай тэр буурал гүү их сонин ааштай адуу. Манайхны доод руу 30-аад км үргэлжилсэн Борхын шугуй гэж байдаг юм. Буурал гүү тийшээ давхиад орчихдог. Азарганд ерөөсөө хураалгадаггүй. Барих гэхээр шугуй дамжаад бараа нь үзэгдээд л алга болчихдог. Айл айлын ороо морьдтой нийлээд алга болчихдог. Тэгж яваад хэний азарганд хураагдсан юм бүү мэд. Хавар нь унагалдаг. Тэгэхдээ бүр дандаа эр унага гаргадаг. Тав унагалж, таван эр унага гаргасан. Тавуулаа айхтар сайн морьд болсон. Бас аймгийн цагдаад ажилладаг Чулуунбаатар гэж залуу надад шинэ мотоцикль, таван хурууны савхин бээлий, шарга халзан байдас өгдөг юм. Тэр шарга халзан гүүний үр удам нь 20 гаруй шарга адуу манайд бий. Чулуунбаатарын эцэг Доржсэмбэ гэдэг хүн бас насаараа сэргийлэхэд ажилласан. Адуу маланд дуртай хүн байсан юм. Доржсэмбэ манай дээр гурван морь, нэг даагатай гүү, авчирч тавьж байсан юм.Бид дотно сайхан найзууд л даа.
-Аавын хар гүүнүүдийн төл мөн сайн хурдалсан гээд байсан байхаа?
-Тиймээ, аав маань нэгдлийн даргадаа хэлж байгаад хоёр адилхан хар гүү авч байсан юм. Тэр хоёр хар гүүнээс бас их хурдан унаганууд гарсан.
-Морь ид хурдан байх үеийн сайхан дурсамжаар яриагаа өндөрлөе хэмээн бодож байна?
-Хамгийн их баярласан нь түрүүн хэлсэн нэг гүүний гурван төл айрагдахад. Түүнээс өөр тэгж олноороо биш. Ганц нэгээр айрагдаж, түрүүлж байсан нь олоон олон. Тэр болгоныг ярина гэж юу байхав. Ер нь морь гэдэг чинь буянтай амьтан шүү дээ. Эзнээ заавал баясгаж байдаг. Тийм болохоор хүүхдэдээ хэлээд л байдаг юм. Манай хоёр хүү амьтан дагаад морь уянаа.Заримдаа уяж байгаа нь сэтгэлд нийцэхгүй зэмлэдэг юм. Гэхдээ тэгж байж л уяач болно шүү дээ.
-Тийм шүү. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна