Аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэцогт: Цөөн тооны адуу эрлийзжүүлэх нь зөв гэж бодож байгаа

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 20 -нд

Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 

-Алдартын нэрийн хуудас болсон хүрэн азарганы чинь талаар яриагаа эхэлье. Хүрэн азарга хаанахын адуу вэ?
-МУ-ын Тод манлай уяач Цандэлэгийн адуу. Надад ирээд хязаалан үрээ сумандаа айрагдаад Завханмандалд дөрөвлөж, Цэцэн-Уулд зургаалсан. Соёолон жилээ сумынхаа наадамд айрагдаад, дараа жил нь аймагт аман хүзүүдээд, Увсын даншигт гуравласан. Түүний дараа жил долоон настайдаа азаргатай зодолдоод өнжихөөс аргагүй болсон юм. Өнгөрсөн жил Завханмандал сумын ойд айрагдаад, Цэцэн-Уул суманд түрүүлж, Завхан аймгийн 90 жилийн их ойд наймаар давхисан.
-Аргагүй л энэ хавьдаа дархан адууны нэг юм. Ингэхэд Алдарт анхны айргаа хэзээ амсч байв?
-2006 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд халзан хязаалан аман хүзүүдүүлж, хээр даага дөрвөөр давхиулж байлаа. Аймгийн ганц түрүүтэй дов үзээгүй шахуу тэр том наадамд очоод өөрийн эрхгүй сүрддэг л юм билээ. Улсын том том цолтой уяачид аль сайн гэсэн адуугаа аваад ирчихсэн байхад би тэр дундаас хоёр айраг авна гэдэг том завшаан шүү.
-Морьдоо Баасанжав Алдарттай хамт л уяж байна уу?
-Би морь мал нэг их сонирхдоггүй байсан хүн. Анх ахынхаа ажилд тусалж, морьд нь сайн давхиад байхаар дагаж урамшаад л явдаг байлаа. Тэгж яваад л нэг мэдэхэд өөрөө морь уямаар санагдаад байдаг болчихсон байсан.2000 онд ахаасаа оодон сүүлтэй Тува хээр морь авч уяад Цэцэн-Уул суманд гуравлуулж анх уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш богино хугацаанд сайхан наадсаан.
-Сайхан наадмуудынхаа сонин сайхнаас дуулгаач?
-Ахын өгдөг хээр морийг ид сайн байхад нь Тува руу хулгайд алдаад эргэж олж авсан. Тэгээд 2004 оны “Их хурд”-д ахын нэр дээр давхиж зургаалаад байхад нь хотоос Нэргүйбаатар гэж хүн ирж гуйсаар байгаад аваад явсан. Хээр морь маань сайхан л давхиж байгаа бололтой юм билээ. Тээвэрчдийн баяр болон уяачдын баярт түрүүлгэж 69 машин авч байгааг нь зурагтаар л харсан. Ер нь эргээд бодсон надад бэлэгний адуу их хурдалдаг юм байна шүү. Увс аймгийн Мөнгөө гэж найзынхаа бэлгэнд өгсөн халиун хязааланг 2004 онд аймагт түрүүлгэсэн. Тэр миний аймгийн наадмын анхны түрүү байгаа юм. Дараа нь хүрэн морь, хүрэн үрээ, бор үрээ айрагдуулсан л даа. Бор үрээ маань миний сайхан хурдан хүлгүүдийн нэг.Ханхөхий уулын тахилгад гурвалж, Сантмаргаз, Завханмандал, Цэцэн-Уул сумдын наадамд түрүүлсэн. Одоогоор арав гаруй медальтай болоод байгаа. Мөн халзан үрээгээ гайгүй давхих болов уу гэж боддог. Даагандаа Сонгино сумын хаврын бүсийн уралдаан, Сантын наадам, Завханмандалын ойд тус тус түрүүлээд аймгийн ойгоор ханиаднаас болоод дундуур ирсэн. Сайхан наадмын дурсамж гэвэл олон л доо. Говь-Алтай аймгийн Дарви сумын наадамд шар халтар морио км хол түрүүлгэхэд их сайхан байсан. Мөн Увсын Өндөрхангайд болсон Дамдин гуайн хээр морины нэрэмжит наадамд Оодон хээр морио их хол түрүүлгэхэд бас л их баярлаж байлаа. 2004 онд Сантмаргаз сумандаа сартай хээр морь, шар халтар үрээ тус тус түрүүлгэж, бор үрээ аман хүзүүдүүлээд нэг дор гурван мотоцикль авч байлаа. Гэхдээ хамгийн ихээр баярласан нь Говь-Алтай аймагт болсон даншиг наадамд гурван адуутай очоод хоёр морио айрагдуулж, нэгийг нь 12-оор давхиулсан маань л юм даа. Хурдан морь гэдэг эзнээ олонтой танилцуулдаг амьтан. Намайг танихгүй хэрнээ морийг маань таньдаг хүн байдаг л юм. Хажууд ирчихээд “Эрдэнэцогтын халзан үрээ энэ мөн биз дээ“ гээд надаас асууж байсан тохиолдол бий шүү.
-Сайн адуу эзнээ алдаршуулдаг. Шинэ цагийн монгол адуунд нэлээд анхаарал хандуулдаг дуулдсан. Орон нутагт тийм ч олон байдаггүй шүү дээ?
-Эрлийз адуу нь хөлийн хурд ихтэй юм. Сүүлийн жилүүдэд уяачдын ур чадвар сайжраад гарсан морьд тэр чигтээ ирдэг. Араас морь ирэхэд их хэцүү болж байна. Тиймээс цөөхөн тооны адуу эрлийзжүүлэх нь зөв байх гэж бодоод Цэрэннадмид гээд хамаатны залуугаасаа нэг эрлийз үрээ авсан. Сая нэг хөдөлгөж үзсэн үнэхээр өөр юмаа. Би хувьдаа Тува адууг их сайн гэж боддог. Зүүн талын адуутай нийлүүлчихвэл аятайхан юм гарчих болов уу гэж найддаг юм. Баруунтурууны Мишигийн халтар гэж их сайн төлтэй гарсан бүхэн нь хурдалдаг сайхан буян бий. Би түүнийг авч гурван жил төл авсан. Мөн Дөрвөлжин сумын Хомын борлогууд угшилтай цагаан үрээгээр азарга тавьсан. Дээр нь Дармаабазар гуай Сүхбаатараас хүрэн азарга авчирч өгсөн. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Төмөрбаатар гэдэг хүнээс хэдэн адуу авч ирсэн нь их сайн байгаа. Энэ мэтчилэн адуугаа чанаржуулах тал дээр өөрийнхээ хэр хэмжээнд их л анхаарч байна даа.
-Адуугаа гайгүй сайжирчихсан юм чинь энэ хавиараа наймаа хийнэ биз?
-Хүнд юм өгөхдөө сэтгэлээсээ хурдлаасай гэж өгөх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол өгөх ч хэрэггүй. Би хүнд адуу өгөхдөө “манай адуу тийм уяатай. Тэгвэл давхина” гээд хэлдэг. Эрдэнэхайрханы Сэнгэсамбад хонгор азарга өгсөн, аймагт хоёр түрүүлж, 20-иод медальтай болсон гэнэ лээ. Цэрэннадмидад өгсөн шар халтар морь бас их сайн давхисан.Ер нь миний хүнд өгсөн бүхэн сайн давхидаг шүү. Морь нь айрагдчихаад “Эрдэнэцогтоос авсан юм” гэж ярихыг дуулах надад ч гэсэн сайхан л байдаг.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна