Монголын уяачид хандивын аянд нэгдлээ

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 19 -нд

Монгол улсын нийт нутаг дэвсгэрээр өвөл өнтэй сайхан болж, урин хаврын улиралд зарим газраар их хэмжээний нойтон цас орсон ч нутгийн зүүн тал Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэйн улмаас тал, хээрийн түймэр гарч их хэмжээний гамшиг нүүрлээд байна. 
Ялангуяа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь түймэрт автаж , олон айл гэр оронгүй  болж, мал сүрэг амьдаар шатаж нэрвэгдсэн гамшгийн үед Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ажлын алба санаачлан нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ. Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ажлын албанаас нийт аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт уяачдаа энэхүү тусламжийн гараа сунгах аянд нэгдэхийг уриалсан юм.  
ММСУХ-ны энэхүү санаачилгыг дэмжин Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын Тод Манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж гурван сая, Төв аймгийн Баяндэлгэр сумын МСУХ-ны тэргүүн Василийн Батдорж, иргэн Цэрэнжавын Батбаяр нар тус бүр 100 мянган төгрөг хандивлахаа мэдэгдэж, тусламжийн аяны түүчээг эхлүүллээ. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо салбар холбоод болон нийт  уяачид, морьтон монголчуудаа тусламжийн аяныг буухиалахыг дахин уриалж байна.
АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна