Адуун хийморьтой тавилан
“Лус”-ын даалттай удам
Сэцэнхан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны баруун Чойрын Ловон отгийн малчин ард Амгалангийнд 1896 оны нохой жил хоёр ихэр хүү төржээ. Тэднийх жирийн л нэг бор айл байв. Төрөөд хоёр хоноод байтал тэднийд ногоон дээлтэй, хоёр хар морьтой огт танихгүй хүн бууж. Тэр хүн орж ирээд "танай хоёр ихэр хүүхдэд нэр өгөх гэж ирлээ" гэж. Ирсэн зочныг хүндлээд л, хэмжээндээ цайлж дайлаад л үгийг нь сонсож л дээ. Тэр хүн “за хоёр хүүд Галт, Цогт гэж нэр өглөө. Эд нар есөн үеэрээ сайн сайхан явна аа ” хэмээн айлдаж. Ирсэн хүнийг уяан дээр дагаж очин моринд нь мордуулан гаргаж өгч л дээ. Гэтэл өнөө хүн мордож хэд алхуулаад л харагдахгүй болчихсон гэдэг. Түүнийг одоо хүртэл “лус хүрч ирээд нэр өгөөд яваад өгсөн” гэцгээн удам дамжин ярьсаар байдаг.
Энэхүү үйл явдал одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт болсон байв. Өнөөгийн Баянцагаан суманд Галтынхан гэдэг нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Зууны Тод манлай уяач Д.Даваахүүгийн талынхан, Цогтынхон гэдэг нь улсын начин “цагаан” Бадарчийн талынхныг хэлдэг аж. Эрт дээр үеэсээ Баянцагааны настнууд эднийхнийг “лусын даалттай” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байсан хэрэг. Амгалангийн ихэр хоёр хүү Галтынхан, Цогтынхны удам сайн сайхан явдаг нь ч үнэн ажээ. Эдний удамд бусдаас ялгаатай бахархам онцлог, онцгой сонин зүйл олон бий.
Зөвхөн монгол үндэсний морин уралдааны түүхэнд монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн нь ХХ зуунд Хардэл жанжин бэйсийнх, дараагийнх нь Галтынхны удам болж байгаа юм. Тодруулж хэлбэл, Мөнхийн Данзаннямын “Ажнай” хүрэн, Данзаннямын Даваахүүгийн “Цолмон” халтар, Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарганууд төрийн наадмын түрүү магнай түмэн эхүүд билээ. Үндэсний морин уралдааны өв их соёлын гайхамшгийг зуун дамжин алдаршуулсан гурван үеийнхний адуун тэнгэртэй амьдрал түүхийг сургаал хэмээн хүндлэн залмой.
Морин эрдэнийн сүншиг даллага
Долоон настай Данзанням хүүгийн шахалтаар аав Мөнх морь уяж эхэлсэн ажээ. Уяачид морьдоо уяад ирэхээр Данзанням хүү морь унана гээд хэнийг ч хамаагүй дагаж явчих гээд зовоодог байж. Тэр үед Мөнх хүүтэйн хэрэг юу билээ мориор наадъя, хүүгээрээ унуулж уралдах ч эр хүний нэг цэнгэл гэж монгол эрчүүдийн нэгэн адил бодсон л байж таараа. 1932 оны улсын баяр наадамд Дундговь аймгийн Баянжаргалангийн Борнойн Жамъянгийн цоохор даага аман хүзүүнд хурдалсан гэж бий. Энэ уяач бол Боржигоны “баян” Борнойн том хүү Жамъян юм. Тэр зун Борнойн Жамъянг улсын наадамд тэдний нутгаар дамжин өнгөрөх үед нь Мөнх зориуд угтан уулзаад сайхан хусран хээр даагыг нь гуйсаар байгаад авчихсан гэдэг. Хээр даагыг гурван жил дараалан Баянцагаанд түрүүлгэн азарга тавьснаар эднийхэнд анхны хурд уриншжээ.
Энэ үед шинэ цагийн ардын засаг тогтож нийслэлд ардын баяр, эрийн гурван наадмыг хөхүүлэн дэмжиж өргөн хийдэг болов. 1940-өөд он гэхэд улс орон даяар Галшарын хурд танигдан магтагдаж байсан үе. Галшараас адуу залах хүсэлтэй сүйхээтэй эрчүүд ховор байж. Тийм ховор хүмүүсийн анхных нь Баянцагаан сумын уяач Галт байв.
Галт 1944 оны мичин жилийн намар зүүн тийш оторт явах үедээ адууны эрэлд Галшараар явж байгаад Ван ноён Доржцэрэнгийн уяач байсан “Гожигдой” хэмээх Лувсанцэндийнхээр буув. “Монхор” Халтар гуай Босоо улаан морьтойгоо явж тааралдаад таргалчих гээд байна, зээрэнд явах гэж байгаа юм гэж байжээ. Лувсанцэндийн хурдан халиун морь нь хөл муудсан гээд тэргэнд уяатай байж. Тэд хоорондоо танилцаж Галтаар халиун морины хөлийг хатгуулаад үлджээ. Галт 1945 оны тахиа жилийн намар тахиа өсч өндөглөнө гэж бэлгэдэн адуу залахаар адуучин зээ дүү Мөнхийн Данзаннямыг дагуулан хурдны өлгий Галшарыг зорьжээ. Тэд арваад хоног яваад Галшарын Сүм гурван булагт ирж их уяач “Монхор” Халтар гуайнд бууж тэнд адууны наймаа хийсэн байна. Данзанням гуай залуухан хорьтой байж. Адуунд эртэй, уурганд ч, эмнэгт ч ид сайн, багтаж ядсан залуу явж. Их уяач Халтар гуай "хүү чи уургал" гэж саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай буурал зээрд морь барьж өгөөд, орон дороосоо бургас гаргаж уурганд нь цээж татуулж мордуулжээ.
Дагмид адууны азарга гээд их Манхин, бага Манхин гэж хоёр халзан азаргатай адуу байснаас Их манхин азарганаас саарал даага барив. Энэ саарал даагыг бас нэг улаан үрээтэй Данзанням хүү авч. Галт болохоор Орлойнхны угшилтай гэх дугуй тамгатай хонгор үрээ, Содномын улаан гэж улсад 1938 онд аман хүзүүдсэн улаан азарганы төл бор үрээ авчээ. Данзанням хүү ч адуунд ямар залуу болохоо ч үзүүлсэн хэрэг. Эндээс дамжаад их уяач “Гожигдой” Лувсанцэндийнхээр ирэхэд ээж нь настай хөгшин хэвтэрт байх үе таарч. Урьд намар нь Галтаар хатгуулсан халиун морь хөл ороод сумандаа түрүүлсэн байв. Тиймээс тэр хөгшин Галтыг таниад "чи их сайн хүү. Би нас өндөр болсон хүн чамд цайг чинь сүлэх даага өгнө өө, аваад яваарай хүү минь. Жаахан гэж голох хэрэггүй шүү. Дамар хонгорын үр юм шүү. Хөхтэй юм зайлуул, гэхдээ хөтөлгөө даах байлгүй дээ" гэж хэлээд охин цавьдар даага хөтлүүлжээ. Ингээд нутаг буцах болоход гаргаж өгөхдөө их уяач “монхор” Халтар гуай Данзанням хүүг ихээр тоож "за чи адуунд дуртай ч хүн юм, адуунаас салах ч үгүй хүн юм байна. Уяач ч болох хүү байна. Манай нутгаас сайн ч адуунууд аваачлаа даа" хэмээн магтаад “За хүү минь малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай " гэж хэлээд буцжээ. Энэ тухай Данзанням гуай өвөөдөө ирж намайг ингэж магтсан гээд л ярьсан юм билээ. Харин их уяачийн “За миний хүү малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай" гэж хэлснийг ойлголгүй гайхаад өнгөрчээ. Үүний нарийн учир нь гэвэл тарган морьтой хүн давхидаггүй учраас малгай нь толгой дээрээ явдаг, эцэнхий морьтой хүн давхиж явдаг учраас малгай нь ар шилэн дээрээ явдаг нь монголчуудын араншин. Морин эрдэнийн заяа, заслыг шууд хэлдэггүй, дөхүүлэн ойртуулан сануулж хэлэх нь Хардэлийнхний соёл. Тиймээс Халтар гуай Данзанням хүүд “Морио сайн эцээж уяж байгаарай” гэж давхар үгээр аминчилж захиж хэлсэн хэрэг. Ойртуулан хэлсэн үгийг огт ойлголгүй явсаар 20 жилийн дараа ухаарсан гэдэг юм.
Ингээд нутгийн зүг үдүүлээд буцах замдаа ороод хол саахалтаас хол зайд гараад явж байтал "монхор" Халтар гуай дуудаад даллаад байж. Галт гайхаад бор үрээгээ буцаахын биш байгаа гэх бодол ч орж гарч байж. Гэтэл хүрч ирээд Галтад "чамд нэг юм хэлэхээ мартчихаж. Айлын адуу долоо хүрэхээр эвгүйтээд байдаг юм. Манай адуу найм хүрэхээр эвгүйтээд байдаг юм шүү. Найман настай болгоомжтой байгаарай. Болж өгвөл өнжөөчихөөрэй. Үүнийг захих гэсэн юм. За сайн явцгаагаарай" гэж хэлээд үлдээд хоцорсон байна.
Ингэж нагац ах Галт, зээ дүү Данзанням хоёрын их газраас залж авчирсан энэ хэдэн адуу Мөнхийнхнийг хурдтай болгоод тогтохгүй Баянцагаан болон ойр залгаа сумдын хурдыг сайжруулсан нэгэн түрлэг болсон юм.
Галт бор үрээгээрээ азарга тавив. Галтын бор Данзанням гуайгаас өөр хүн эдэлж чададгүй дошгин азарга гарчээ. Соёолонд нь эдэлсээр байж цагаашруулж аваад хавчиг азарга Дундговийн Цагаандэлгэрт анх уяж уралдаад гуравт хурдалсан байна. Ааш зан нь болохоос хурд нь ч тодорхой болов. Намар нь Авдарбаян суманд Баянцагааны Гомбодоржийн, Нэрэнжимээгийн гээд нэрээ олсон даалуу хэдэн сайн азаргатай уралдаадахсан чинь хол түрүүлэх нь тэр.
1949 онд Галтын бор азарга долоон настай улсад алдарт Санжаабүүрэгийн цавьдартай уралдаж байгаад айргийн тавд хурдалжээ. 1950 онд Дундговьд байсан Галтын том ах Данзандаржаа өвгөн дээр очоод тэр нутагт уралдаадахаж. Гараанаасаа ганцаараа тасарч ГАЗ-67 машинтай уралдаж яваад хөлөө авчих нь тэр. Өнөөх их уяач “монхор” Халтар гуайн хэрэг болгон ирж хэлсэн “манай адуу найман настай эмзэг шүү, болвол өнжөөчихөөрэй” гэсэн үгийг хөлийг нь авчихаад л санасан гэдэг. Ингэж өөрөө уралдахаа больсон ч гэсэн Галтын борын үр төл, удам угшил олон хүнийг баярлуулсан нь түүх болон үлджээ.
Галт бор азаргандаа хамт авчирсан цавьдар даагаар гүү хийж нийлүүлснээр сайхан зээрд гүү гарч. Зээрд гүүг “өвгөний” Батбуянгийн хонгор халзангийн үр Совд гэдэг хүний шүдлэн хязаалан улсад түрүүлээд хөлгүй болсон зээрд азаргыг Галт авч хураалгаад байж байв. Гэтэл Дэрэнгийн Товуу гэж наймаачин хүн зээрд гүүг авъя гээд шалаад байхаар нь зарчихаж. Товуугаас Баян-Өнжүүлийн "буурал морьт" Балбар өвгөн өвөл нь дахиад худалдаад авчихаж. Хавар нь хонгор халзан унага гарч. Тэр хонгор халзан унага үрээ болоод уяанд байхад нь Ханддорж гуай Балбарын уяан дээгүүр явж байгаад харчихаад "энэ хонгор халзан үрээг чинь авъя" гэж байгаад авчихжээ. Ханддорж гуай түүнийг азарга болгоод уяж улсад айрагдуулснаас гадна арваадаар хэд оруулсан гэдэг юм. Түүний төл Ханддорж гуайн улсад гурав түрүүлсэн алдарт хонгор халзан морь төрсөн гээд угшил түүх нь үргэлжилдэг юм.
Адуучин залуу Мөнхийн Данзанням авчирсан улаан үрээгээ морь болгоод Дундговь, Төв аймгийн ойрын сумдаар нэлээд хурдлуулсан байдаг. Харин саарал даагаараа азарга тавьсан нь соёолон болтлоо хөхрөөд уягдалгүй өнжжээ.1951 онд улсын 30 жилээр уяад саарал азаргаа 17-д, Булагт хээр гэдэг морио 11-д оруулж л дээ. Гэтэл Донойн Цэгмэд гуайн саарал азарга түрүүлээд ирсэн чинь Баянцагааныхан Данзанням гуайн саарлыг түрүүллээ гэж андуурцгааж гүйн очиж бөөн инээдэм болцгоосон гэдэг. Дээд гарал нь нэг удамтай болохоор адилхан байх нь аргагүй л юм. Данзанням гуай нас залуу, уяаны мэдлэг тааруу байсан үедээ саарал азаргаа таргадуулж хадуурдаг болгочихсон гэдэг. Сүүлд энэ тухайгаа "хэ мөн хөдөлгөөнтэй хайран адууг хадууртал нь л уядаг хүн шүү дээ, би " гэж өөрийгөө голон харамсан ярьдаг байж. Малгайгаа ар шилэн дээрээ өмсч яваарай гэхийг ойлгосон бол ч ингэхгүй л байсан хэрэг. Саарлын төл бага саарал гэж хурдан азарга ч төрж.
Данзанням гуай “өвгөний” Батбуянгийн хөх цавьдарын үр “Тэмээн хээр” гэдэг азарганд Галшараас ирсэн Дамар хонгорын үр хэвтэрт байсан хөгшний өгсөн хүрэн цавьдар гүүг хураалгаад гарсан хар гүү нь “Түмэн эх” цолмон халтарын эхийн эх ажээ. Энэ хар гүүнээс өмнө бас нэг хар гүү гарсныг Галт Дундговийн Бадарч гэдэг хүнд арилжсан гэдэг. Түүнээс гарсан охин байдсыг “Мантын хүрэн” гэдэг азарганд хураалгаад Дундговийн Содномпилийн улсын наадмын түрүү их хүрэн азарга гарсны дээр түүний угшил анхны "Их хурд"-ын аман хүзүү Лүнгийн Жамъяндоржийн Буурал духт, Борнуурын Гончигдоржийн хонгор азарга гээд одоог хүртэл хурд тасралгүй үргэлжилсээр байгаа юм билээ.
Мөнхийн Данзанням гуай бол аргагүй угшилтай эр охин адууг нийлүүлж адууны угшлыг хадгалж, чангаруулж байх ухааныг эрт ухаарсан хүн. Баянцагааны Даваанэрэн, Данзанням хоёр дотно найзалж нөхөрлөдөг улс байж. Даваанэрэнг дээр үед багадаа Галшараас ирсэн хүн ч гэж ярьдаг байв. Өвгөний Батбуян гуайн Хөх цавьдарын үр “Тэмээн хээр” гэдэг азаргыг Даваанэрэн худалдаж аваад хавчигт нь гуравт оруулаад долоотой уяад уралдуулаадахсан чинь уяа уруугаа хадуурч давхиад хөлөө эвгүй болгочихсон гэдэг. Хойтон жил нь залуу уяач Данзанням уяач хүний алсын бодлоор өөрөө шийдэн хөлөө авсан "Тэмээн хээрийг” тэр үеийн өндөр үнээр 1500 төгрөгөөр аваад ирэхэд ах дүү нар нь хэн нь ч дуугарахгүй хялалзацгаан дургүйгээ илэрхийлж байв. Тэр үеэр Бадамдорж Шанзавын уяач байсан Оготной Мөрзэвэгтэй насаараа хамт явсан Мөрзэвэгийн шавь уяач Шоовой Очир айраг уухаар эднийхээр буух таарч. Залуу уяач Данзанням хэрэгтэй хүн ирсэнд дотроо талархаж "би ийм азарга авчихлаа" гэж үзүүлсэнд "чи мөн сайн азарга авч. Чамд сайн их насны морь гаргаж өгнө дөө. Эр хоёр засаатай юм байна шүү дээ "гэж магтаж гэнэ. Данзанням хүү "эр засаа гэж юуг хэлдэг юм бэ" гэхэд “шоовой” Очир "хойшоо харсан жижигхэн шовх засааг хэлдэг юм" гэж хэлэнгээ хөлий нь барьж үзээд "өө, энд жоохон юм байна. Чи тарвага алаад ир. Би хөлийг нь янзалж өгье" гэв. Тэр дороо мордож гүвээ тонгойн тарвага алж авчраад арьсаар нь хэд хоног боож байгаад хатгаж өгөөд явж. Ирэх жилээс хөл нь гайгүй болохоор нь уяад 1962 оны зун Баянцагааны Нэрэнжимээгийн гээд даалуу хэдэн азаргатай уралдаад хол түрүүлжээ. 1963 онд Төв аймгийн 40 жилээр сунгаанд хол түрүүлж байсан боловч есөд орсон байна. Их уяачийн саарал азарга, үнэтэй авсан “Тэмээн хээр” азарганы удам угшил одоо хүртэл тасралгүй үргэлжилсээр байгаа ажээ. Үүн дээр Баянцагааныхны дээд талын угшил Баастын ногоон, Өлзий өвгөний хулын угшил, өвгөн лам Цэгмэдийн даншигт түрүүлсэн азарганы удам орж ирсэн зэрэг нь удамт монгол адууг шижир алт лугаа тунгаан эзэмшдгийн жишээг эндээс харж болно.
Данзанням гуай Өлзий өвгөний хул азарганы төлийн төл хул хязаалан гүүг авч Даваахүүгээр хөтлүүлэн авчирч “Тэмээн" хээр гэдэг азаргандаа нийлүүлснээр алдарт хурдан хээр морь төрсөн байдаг. Яс үеийг нь харагдтал уясан хээр морины зураг сонин сэтгүүл дээр гарсныг үзсэн өвгөн уяачид уясан эзэн нь ч шидтэй юм, уягдсан морь нь ч хүлэг юм гэдэг байж билээ. Үнэндээ хээр морь ч ховор төрсөн буян ажээ.
Төрийн наадамд гурав түрүүлсэн Данзанням гуайн “Ажнай” хүрэн азаргыг дээд талдаа Баянцагааны Өвгөн лам Цэгмидийн даншигт түрүүлсэн алаг азарганы угшилтай "Өвгөний" Батбуянгийн төрсөн дүү Аривдахын адууных гэдэг. Эднийхэн олон үедээ морь айрагдуулж хурдлуулсан түүхтэй улс. Эдгээрээс гадна Өвгөний Батбуянгийн Хөх цавьдарын төл цавьдар азарга Данзанням гуайн авга ах Намжилаар дамжин орж ирж эднийд давтан сүлэлдсэн байдаг. Хурдан адуу тэр нутгийн өмч болдог жамтай. Баянцагааны хурд гэж алдаршсан адуун сүргийг бий болгосон алдартнуудад Мөнхийн Данзанням гуайн байр суурь өндөрт харагдах биз ээ.
Ийнхүү балчир багаасаа эцэг Мөнхийг хурдан моринд татан оруулсан хурдны шүншигтэй М.Данзанням хүүгийн хувь заяа адуун сүргийн эзэн байж морин эрдэнийн заяа, заслын эрдэмд гэгээрсээр жилд ганцхан болдог монгол төрийн наадмаас таван түрүү, 11 айргийг хүртсэн нь эрдэмт уяачийн эгнээнд алтан үсгээр бичигджээ.
Өнөөгийн цаг үеэс эргэн дурсахад, Данзанням гуайн хэрсүү, хөх монгол өвгөний хөрөг дүрс кино дэлгэцнээ мөнхөрчээ. Чин сэтгэл, шударгуу зан, санаснаа хэлчихдэг араншин зэрэгт монгол уяачийн жудаг, өв их соёл, сургааль тэнд л мөнхөрдөг жамтай.
Буянт буурлын хишигтэн, эрдэм соёлыг өвлөн тээгчид хүү Монгол Улсын Зууны манлай уяач, Гавъяат малчин, Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү, ач хүү Даваахүүгийн Баянбат нараар ХI зуунд тодорсоор удамшин үргэлжилсээр авай.
Намсрайцэрэнгийн Санжаадорж 2015.03.05.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна