Ээжүүд сүүн цацал өргөв

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 09 -нд

Монгол улсын тусгаар тогтнолын билгэ тэмдэг болсон эрийн гурван наадам, тэр дундаа хурдан морины уралдааны амин сүнс нь хүүхэд, морь мэнд зам цагаан наадах юм. Чухам тиймээс үе үеийн уяачид, “хүүхэд морь мэнд сайхан наадлаа” хэмээн жилээ даадаг наадмын сониноо хуучилдаг байсан билээ. Харин эр нөхөр, алаг үрээ наадамд үдэн буй монгол бүсгүйчүүд цагаан сүүний дээжээр ерөөл өргөж, аян замынх саад тотгорыг үргээдэг байсан тэр ёсны дагуу “Дүнжингаравын хурд-2015” төвийн бүсийн уралдааны үеэр уяачдын гэргий ,ээжүүд сүүн цацал өргөсөн юм. Энэхүү хүндэтгэлийн ёслолд Тод манлай уяач Д.Даваахүүгийн гэргий Ж.Сандагдулам, Тод манлай уяач Д.Ононгийн гэргий М.Мөнгөнцэцэг, Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн гэргий  Г.Баттөр, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа , Манлай уяач Н.Даш-Өлзийгийн гэргий Ц.Жавзал, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн ээж Ө.Рэнцэнбямба, ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Баянжаргалын гэргий Ц.Алтанцэцэг,  Монгол Улсын Аварга Д.Сумъяабазар , Мэргэжлийн сумогийн Их аварга Д.Дагвадоржийн нарын ээж Х.Пүрэвбадам  нар оролцож, хүүхэд морь мэнд сайхан наадахын ерөөлийг өргөлөө. Сайхан сэтгэлийн үзүүр дэх энэхүү сүүн цацлын буянаар “Дүнжингаравын хурд-2015” уралдаанд оролцсон 600 гаруй хүүхдээс /давхардсан тоогоор/ нэгээс бусад нь /зөөлөн эдийн гэмтэлтэй/ мэнд сайхан наадсан билээ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна