Дорнод аймгийн хурдан морины уралдааны тов гарлаа

Батсайхан
2015 оны 1-р сарын 28 -нд

Тус аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд, сумдын салбар холбооны тэргүүнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаан энэ сарын 26-ны өдөр “ То ван” буудлын хурлын танхимд болов. Хуралдаанаар 2015 онд 20 жилийн ой нь тохиож  байгаа төв холбоо буюу ММСУХ-ны 20 жилийн ойд зориулсан "Сүлд" телевизийн тусгай нэвтрүүлэгт оролцох төлөөлөгчдийг сонгон, бэлтгэл ажлыг хэлэлцэж,  хаврын  уралдааны товыг тогтоож, зохион байгуулах комиссыг  батлан, орон гарсан тэргүүлэгчдийг нөхөн сонгох, мөн аймгийн Алдарт уяачийн цолны болзол хангасан нэр бүхий уяачдын талаар хэлэлцлээ.
Дорнод аймгийн хэмжээнд :
1. 2015.03.05-ны Пүрэв гараг цагаан луу өдөр буюу Хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Гурванзагал сумын салбар МСУХ-ны 15 жил "Түмэн адууны баяр"-т зориулсан дээд гурван насны уралдаан Гурванзагал сумын төвд
2.  2015.03.15-ны Ням гараг цагаан бар өдөр аймгийн МСУХ-ны нэрэмжит дээд гурван насны хурдан морины  уламжлалт уралдаан Баянтүмэн сумын төвд
3. 2015.03.27-ны Баасан гараг Балжиннямтай хар бар өдөр доод гурван насны хойд бүсийн уралдаан Баянуул сумын төвд,  мөн өдөр өмнөд бүсийн уралдаан Баянтүмэн сумын төвд хаврын уралдаанууд тус тус болно.
Аймгийн МСУХ-ны тэргүүлэгчээр Матад сумын МСУХ-ны тэргүүн П.Гэрэлбаатар,  дэд тэргүүн М.Анхбаяр, Баяндун сумын МСУХ-н тэргүүн асан  Х.Хүрэлчулуун нар шинээр сонгогдсон бол аймгийн Алдарт уяач цол хүртээхээр Матад сумын харьяат, сумын Алдарт уяач Б.Зоригтбаатар, С.Жадамбаа, Цагаан-Овоо сумын харьяат, сумын Алдарт уяач Г.Ганчулуун, Хөлөнбуйр сумын харьяат Т.Энхцогт нарын  нэрсийг аймгийн Засаг дарга С.Ганбатад өргөн мэдүүлэхээр болов.
Аймаг, сумдын бүсийн  уралдааны тов, мөн аймгийн Алдарт уяач цол хүртэх уяачдын тухай захирамжийг аймгийн Засаг дарга,  харин сумдын салбар холбооны  уралдааны тов, уяачийн цолны тухай захирамжийг сумын Засаг дарга нар гаргадаг билээ. Энэ дашрамд сонирхуулахад,  Матад сумын МСУХ-ны нэрэмжит  дээд гурван  насны хурдан морины уралдаан шинийн 4-нд тус сумнаа зохион байгуулагдана.
Аймгийн МСУХ-ны Нарийн бичгийн дарга Б.Батсайхан

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна