Аймгийн Алдарт уяач А.Цогбадрах: Морь уяхад Д.Эрдэнэчулуун Манлай их нөлөөлсөн

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 23 -нд

Дундговь аймгийн морь сонирхогчид аймгийн Алдарт уяач А.Цогбадрахыг хурдан хээр мориор нь мэддэг. Хээр морь түүний унаган адуу бөгөөд анх илгээлтээр гарч Бямба ахаасаа нэгдэл адуу шилжүүлж авахад өмчинд нь хонгор гүү иржээ. Тэр хонгор гүүний төл юм. Анх МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулуун соёолон морь байхад нь хараад, “энэ хүрэн морь хурдан юм байна, уя” хэмээн зааж, тэр жилээ уяж өвлийн уралдаанд төрийн наадмын түрүү хар морь түрүүлж, хүрэн морь аман хүзүүдэж анхны гараагаа эхэлж байжээ. Ер нь Эрдэнэчулуун Манлай малжиж, адуугаа өсгөхөд нь их нөлөөлж нөмөр нөөлөг болсон гэнэ. Олон жил айл саахалт явж амьдрах ухаан, уяаны эрдмээс нь суралцжээ. 
Цогбадрах Алдарт анхны айраг, түрүү хүртэж явсан тухайгаа “2001 онд өвлийн уралдаанд хонгор халзан азарга, халтар морь хоёр уяж хоёр хүрэл медаль авч мөн ч их баярлаж  билээ. Гэртээ ирээд медалиа зүүхэд гэр дүүрчихээд байх шиг санагдаж байсан” хэмээн дурсан ярьсан юм.
Алдартын халтар морь нэг үе бас сайн давхиж байжээ. Халтар морийг МУ-ын Алдарт уяач Б.Баярсайхан “Иж планет-5” мотоциклиор авъя гэж хүнээр хэлүүлсэн байхаар нь дуртай өдрөө ирээд ав гэж. Нэг өдөр нөгөө мотоциклио хүнээр өгөөд явуулчихаж. Тэгээд гэрт нь яваад очсон, хурдан буянаа хайрласан дүүдээ хазааранд нь нэг адуу өгнө гээд сайхан саарал гүү өгсөн байна. Тэр саарал гүү их олон болсон аж. Түүнээс гадна хонгор халзан азарга “Тавантолгой транс”ын наадамд хоёр удаа айрагдсан, халтар морь нэг айрагдсан, бага хүрэн морь Энержи ресурсын наадамд нэг айрагдсан, хүрэн морь анхны “Мандалын хурд”-д айрагдаж, сумандаа түрүүлсэн, мөн Мандалын баруун бүс Луус суманд болоход аман хүзүүдэж, бүсийн наадмын сорилгод түрүүлсэн гээд Цогбадрах Алдартын нэрийн хуудас болсон хурдан хүлгүүд нэлээдгүй бий.
Тэрээр адууг их хайрлах хэрэгтэй гэж боддог бөгөөд сүүлийн үед хүрэн морь нь гарын ая даах болоод байгаа гэнэ. Сумынхаа 90  жилийн ойд аман хүзүүдэж,  Өмнөговь аймгийн Манлай суманд гуравлаад, төвийн бүсэд аравт хурдалжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна