Сумын Алдарт уяач М.Дэлэгравжаа: Унаган адуугаараа наадаж сумын Алдарт болсон

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 20 -нд

Жаргалтхаан сумын хийморилог уяачдын төлөөлөл 2012 оны шилдэг уяач Мөнхтуяагийн Дэлэгравжаа өнөөдрийн зочин хойморт саатлаа. Тэрээр удам дамжсан уяачдын нэг бөгөөд аав Мөнхтуяагийнх нь хээр морь /Мөнхөө хээр/ нэг жил Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын баяр наадамд түрүүлж байсан цуутай хүлэг аж. Ингээд хийморилог залуу уяачийн ярианд анхаарлаа хандуулна уу?
-2012 онд сумынхаа шилдэг уяачаар шалгарч байж. Тэр жил хэрхэн наадсан бэ?
-2012 оны сумын наадамд унаган хонгор морио түрүүлгэж, хүрэн соёолонгоо дөрөвт давхиулсан.Түүний дараа Хэрлэнбаянулаан сумын 50 жилийн ойд очиж хонгор морио долоод, хүрэн соёолонгоо дөрөвт давхиулаад, Дэлгэрхаан сумын Долоод багийн наадамд хүрэн соёолонгоо таваар давхиулсан. Мөн Хан уулын тахилга наадамд хонгор морио дөрөвт давхиулсан. Энэ амжилтуудыг маань үнэлж сумын шилдэг уяачаар шалгаруулсан.
-Унаган хонгор морины удам угшил нь ямар адуу байдаг вэ?
-Би ер нь унаган морьдоороо л наадаж байгаа хүн дээ. Аавын маань соёолондоо их л хурдан байсан учраас бригадынхан маань Соёолон зээрд гэж нэрлэсэн зээрд азарга байсан. Хонгор морь тэр Соёолон зээрдийн төл, эх нь цэвэр Дулаан адуу, хөх саарал гүү байсан юм. Хүрэн соёолон мөн Соёолон зээрд азарганы маань төл. Эх нь Төв аймгийн Мөнгөнморьтын Үүлэн угшлын адуу, Сүндэвийн бор азарганы төл бор азарга надад байсан юм. Түүний төл борлог гүү бий.
-Хэдэн оноос эхэлж морь уяад 2008 онд сумын Алдарт уяач болчихов оо?
-Ер нь мориноос хүнддээд л морь уяж эхэлсэн дээ. Яг өөрөө гардаж уясан нь 2000 он. Анх 2002 онд Дэлгэрхаан сумын баяр наадамд очиж халтар шүдлэн тавд оруулж байсан юм. 2003 онд халтар шүдлэн хязаалан болж, манай сумын 80 жилийн ойд гуравласан. 2004 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд очиж наадан, халтар үрээ соёолонд гуравт оруулж, шарга даага түрүүлгэж байлаа. Түүнээс хойш 2006 онд сумынхаа наадамд зээрд хязаалан түрүүлгэж, шүдлэн хул үрээгээ аман хүзүүдүүлсэн. 2008 онд Дэлгэрхаан суманд шарга даага түрүүлгэж, халтар даага дөрөвт, зээрд шүдлэн гуравт оруулсан. Хоёр, гурван хоногийн өнжөөтэй Хэрлэнбаян-Улаан сумын наадам болоход шарга даагаа түрүүлгээд, нөгөө муу дөрөвт ордог халтар даага маань аман хүзүүдэж,хоёулаа дараагаар орж, гуравт ордог зээрд шүдлэн маань зургаалсан. Бас л хоёр, гурав хоногийн зайтай манай сумын наадам болж, тэнд шарга даагаа түрүүлгээд, халтар даага нь гуравт орсон.
-2010 онд Жаргалтхаан суманд халтар даага оруулсан гэсэн. 2008 онд хурдан байсан халтар даага энэ хоёр нэг угшилтай юу?
-Ондоо. 2010 онд хурдалсан халтар даага нь хадам ах Баасанжавын халтар гэж манай суманд гурав түрүүлсэн азарганы гал төл. Тэдний адууны даагыг би уяж сумандаа дөрөвт оруулж, Дэлгэрхаан суманд очиж тавлаж, тэр жилээ мөн Цэнхэрмандал суманд дөрөвт орсон.
-Сүүлийн жилүүдэд жил болгон сумандаа айраг, түрүүтэй наадаж байгаа юм байна?
-Жил болгон шахуу л авч байгаа. Гэхдээ нэг жил алгасах юм бий. 2003 онд манай баруун бүсийн уралдаанд хонгор хязаалан аман хүзүүдүүлсэн. Сумынхаа 90 жилд соёолондоо айрагдсан хүрэнгээ хавчиг морь уяж зургаад оруулсан. Ер нь жижиг овооны наадмууд бол бий л дээ.
-Мөнхтуяа гэж танай аав морь уядаг байсан юм байна. Аавын тань нэртэй ямар, ямар адуунууд байсан бэ?
-Тиймээ, миний аав сумын Алдарт хүн. Мөнхөө хээр гээд их насны морь, Мөнхөө цавьдар гэж азарга байсан. Миний мэдэхийн цавьдар азарга шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлсэн гэдэг. Хээр морь бол олон айрагдаж, түрүүлсэн юм гэсэн. Тойргийн Цэнхэрмандал, Мөрөн гээд ороогүй газар байдаггүй юм гэнэ лээ. Манайхаас аавыг залгамжилж би л морь уяж байгаа. Хоёр дүү маань төвөөр шахуу байдаг юм.
-Сум орон нутагтаа уясан морьд тань түрүүлж, айрагдаад байгаа юм чинь арай өөр газар гарч уралдъя гэдэг бодол байна уу. Танайх шиг дэд бүтэц хөгжчихсөн газарт томоохон наадмуудын зурхай ойрхон байна шүү дээ?
-Тийм бодол их байна. Ноднин 90 жилээр аймагт очиж уралдсан, бас яахав тойргийн сумдаар явж л байлаа. Хойшоо Төв аймгийн Мөнгөнморьт, Багануурт очиж уралдаж үзсэн. Явъя гэсэн сэтгэл, бодол их л байна.
-Залуу хүний хувьд уяаныхаа арга барил дээр ямар хүнээс тусламж, зөвлөгөө авдаг вэ?
-Аавынхаа л заасан хэлснээр, өөрийнхөө барилаар л уядаг даа.
-Хэнтий аймаг бол Тод манлай Даваахүү гуайн хэлдгээр “Монголын хурдны булгийн эх, усны ундарга нь”. Ер нь Хэнтий аймгийнхаа нэртэй хурдан азаргануудын удам угшлаас авсан уу?
-Манай сумын Тумбаагийн хүрэн азарга Монголын нууц товчооны 750 жилийн ойд долоод орж байсан. Тэр азарганы удам угшил надад бий. Манай сумын Дагва бүслүүр адуунаас бий,  Мөнгөнморьтын Үүлэн бор адуу ч байна. Бас цус холдуулж Сүхбаатараас ганц нэг үрээ, байдас сольж хольсон юм бий л дээ.
-Танай энд адуу тэжээдэггүй юм шиг байна. Дэлэгравжаагийн хувьд?
-Би ч бас морийг тэжээж мэдэхгүй.  Цагаан өвсний адуу эвтэй үедээ гайгүй л байх юм. Гэхдээ тэжээлийн адуу арай л ондоо юмаа. Одоо яалт ч үгүй тэжээхээс замгүй болоод байна. Тэжээж л уралдахгүй бол өөр домгүй л болоод байна шүү.
Д.Ирмүүн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна